Алдагдалгүй төсөв баталвал инфляцийг бууруулна
Төвбанк мөнгөний бодлогоо хатууруулбал ирэх онд инфляцийг долоон хувьд барих боломжтой хэмээн таамаглаж байна. Өмнө нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийн 35 хувийг бүрдүүлж байсан. Харин одоо таван хувийг эзэлж байгаа юм. Тиймээс цаашид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляци байхгүй гэнэ. Үүнээс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”- ийн хүрээнд инфляцийг гол өдөөгчийн нэг болох шатахууны үнийг барьсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн сайн ажил нь энэ. Харин алдсан зүйл нь ханшийн хэлбэлзэл. Өөрөөр хэлбэл, одоо байгаа инфляцийн 12 хувийн ихэнх нь ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй. Үүнийг дотор нь импортын болон дотоодын барааны инфляци хэмээн хоёр хувааж болно. Учир нь Монголд үйлдвэрлэж буй барааны бүтэц дотор импортоос хамааралтай бүтээгдэхүүн хэтэрхий олон байна гэсэн үг.
Тухайлбал, барилгын салбарын 40 үйлдвэртэй болҗ, цементээ бараг хангадаг болчихлоо гэж байгаа хэдий ч барилгын салбар бүхэлдээ импортоос хамааралтай хэвээр. Эдийн засагт одоо яг энэ хэсгийн ханшийн хэлбэлзэл инфляцийг үүсгэж буй юм. Хэрэв ханш тогтвортой байгаа тохиолдолд бүтэн жилийн хугацаанд инфляци агшсаар байгаад долоон хувьд хүрэх боломжтой хэмээн банкирууд тооцоолж буй аж. Тиймээс одоо улсын төсвийг алдагдалгүй, зөв хийхэд л анхаарах цаг иржээ.
Одоогийн санал болгож буй улсын төсвийн төсөөллөөр цааш явбал инфляцийг өсгөх аюултай. Бүр 14 хувьд ч хүргэж болзошгүй аж. Инфляцийг ийм хэмжээнд хүртэл төсвийг тэлэх нь дэндүү азаа сорьсон хэрэг болох нь ойлгомжтой. Үүнээс сэргийлэх арга буюу жор нь тун энгийн. Ирэх оны төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөг хэмээн хэтэрхий өөдрөг төсөөлөхөө болих хэрэгтэй. Үүний оронд энэ оны төсвийн гүйцэтгэлээр бүх тооцоо судалгааг хийвэл тохиромжтой аж. Түүнээс биш нэгэнт тасарчихаад байгаа татварын орлогоо төр хувийн хэвшлийнхнийг айлгаад авна гэвэл том эндүүрэл юм. Хүссэн, хүсээгүй иргэд цаг үетэй зохицон бүсээ чангалсан учир үйлчилгээний газруудын орлого буюу хэрэглээ хумигдаж байгаа нь зоосны нөгөө тал. Мөн сүүлчийн хоёр жил яриад орж ирээгүй гадаадын хөрөнгө оруулалт хэмээх үлгэрт итгэх нь дэндүү гэнэн гэдгийг одоо хүн бүр мэдэрч байгаа. Дээрээс нь өчнөөн зээлтэй “айл” хаанаас мөнгө нэмж олох вэ.
Хэрэв ирэх оны улсын төсвийг бүхэл бүтэн их наядаар нэмж батлахгүй гэдэг дээр гишүүд хатуухан шиг зогсч, чангахан шиг баталчихвал энэ нүүдэл хожоотой болох нь.
Г.Ганчимэг
URL: