Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/

ring_67479360474052013-02-19-11-49[www.urlag.mn]-Алив бушуулаач ээ, хурдлаач гэм! гэж өвгөн хэрээ хадаг яндар болсон овоо тахилгаас холдохын түүс болж сүр сархийтэл далавчаа дэвэн гуагачсаар. Харин залуу хэрээ алтран гялалзах эрдэнийн чулуун бөгжнөөс нүдээ салгаж ядан сууна.

Тэгээд түүнийг сайргар сарвууныхаа ёрдгор хумсанд сэмхэн тээглүүлж аваад дэрхийтэл дэвж босов.

-Юугаа хийгээд удаад байдаг байна аа? Цаана чинь өчнөөн хүмүүс ирж явааг харахгүй байна уу? гэж өвгөн хэрээ үглэсээр. Тэд бараан үүлс манантан хөшилдсөн тэнгэр өөд салхи зүсэн улам дээш хөөрөв. Дээшлэх тусам уулын бэл рүү ойртож яваа хэсэг хүмүүс жижигрэн жижгэрсээр тээр доор хэдэн хар цэг шиг юм бүдгэрч хоцорлоо.

-Хм, Эндээс ч тоншчихмоор юм алга шив дээ гэж өвгөн хэрээ нар салхинд гандаж сарвайсан далавчаа дэвэн байж хэлэхэд залуу хэрээ хумсандаа зүүсэн эрдэнийн бөгжөө доош унагах вий, бас өвгөн хэрээнд харуулчих вий гэсэндээ түүний ард нь гарч ниснэ.

Чингээд тэд овооны ойролцоо эргэлдэн эргэлдсээр мөнөөх хүмүүсийг тухтай гэгч нь ажиж болохуйц тэндээс холгүйхэн орших хадан хавцал дээр буухад залуу хэрээний хөлнөөс эрдэнийн чулуун бөгж бөмбөрөн унах нь тэр. Бөмбөрөн явсаар хадны ирмэгт тулж тогтоход залуу хэрээ уулын онгон шүтээнээс зөвшөөрөлгүй авсан зүйлээ нууж сэмээрхэн халхлан суухыг өвгөн хэрээ анзаараагүйд олзуурхан:

-Өвөө, энэ ямар учиртай газар юм бэ? Яасан олон хүмүүс вэ? гэж гуагалахад өвгөн хэрээ:

-Энэ нутгийнхны тахил шүтээн байгаа юм. Яг өдийд эд нар энд ирж, уул овоогоо аргаддаг юм даа, хөөрхийс гэх зуур зэврүүн салхинд өд сөд нь өрвийн босов.

-За тэр! гээд нэг хүнийг гялалзсан нүдээрээ дагуулан харснаа:

-Тэр хүрэн дээлтэй туранхай өвгөнийг харж байна уу?, айхтар хүн дээ!! гээд цуглан ирэх хүмүүс рүү толгойгоо өлийлгэн харж зогсоход залуу хэрээ хүзүүгээ огцом огцом хөдөлгөн эргэлдсэн хурц нүдээрээ хүрэн дээлтэй хүнийг хайж гарав.

-Аан, тэр үү? Тэр хүн яасан гэж? хэмээн залуу хэрээ хөгшин залуу нийлээд янз бүрийн насны хэсэг улс овооны дэргэд ирж зогсохыг харангаа асуув. Цугласан олны дундаас толгойдоо алчуур зангидсан махлагдуу авгай их л сүсэглэж буй бололтой алга хавсран залбирснаа өврөөсөө алд цэнхэр хадаг гаргаад овоон дээр тавьж байх юм. Тэр хүн бол цагтаа өвгөн хэрээний дурлалт бүсгүй байлаа. Урьдын нэгэн айхтар явдлаас хойш өөд болсон залуугийнхаа төлөө насаараа ийнхүү залбирч яваа нэгэн.

Харин өнөөх хүрэн дээлтэй хүн арц хүж уугиулж, сүсэгтэй нь аргагүй овоо тахилгын ёслолыг эхлүүлэв. Түүнийг Пүрэв гэдэг. Урьд насандаа өвгөн хэрээ Зориг гэгч сайхан залуу байсан агаад, Пүрэвтэй үерхэж дассан үй зайгүй найзууд байлаа. Харин Зоригийг цэрэгт яваад ирэхэд хайрт бүсгүй Даваа нь анд найзынх нь гэргий болчхоод үрийнх нь зулайг үнэрлээд сууж байсан юм.  Пүрэв жинхэнэ эрдэнийн чулуун бөгжийг Даваад бэлэглэж,  тийнхүү ханилан суухыг гуйж гувшсаны эцэст бүсгүй эдийн шуналдаа дийлдсэн ч юм уу, эсвэл эр хүндээ итгээгүй ч юм уу. Хайр сэтгэлийн нүдээ эрдэнийн чулуун бөгжөөр сохлуулсныг мэдээд угийн омголон Зориг сэтгэлээ барьж дийлсэнгүй. Тэр өдрөө л Даваагаас бөгжийг нь сэмхэн нууцханаар авчихсан билээ. Чингээд анх уулзан учирч, болзож явсан овоон дээрээ ирээд, эрдэнийн чулуун бөгжийг эргүүлж тойруулан үзэв. Тийнхүү гуниглах бухимдах  зэрэгцэн зогсоход Даваагийн:

-Надад эрдэнийн чулуун бөгж бэлэглэсэн хүнтэй л би сууна гэж томоогүй нүдээ эргэлдүүлэн хэлэх нь түүний чихнээ цуурайлан сонсогдох тусам нүд нь харанхуйлж, гомдол бухимдалдаа дийлдэн яг одоо гуагалж суугаа энэ хадан цохион дээрээс үсэрсэн билээ.

Хожим Пүрэв эхнэрээ аргадан заавал тэр эрдэнийн бөгжийг олж өгөхөө амлаж байхыг нь сонссоноос хойш Зориг энэ овоог орхиж чадалгүй өдий хүртэл эргэлдсээр өөвгөр хэрээний амьдрал үзэж буй нь энэ.

Өвгөн хэрээ угийн хар дээрээ улам эвгүйцмээр нугдайн сууж их л анхааралтай нь аргагүй овоо тахих олныг ажиглана. Тэгээд залуу хэрээнд хандан:

-Энэ хүрэн дээлт Пүрэв байж байгаад л үүгээр эргэлддэг юм. Урьд би хүн байх даа энэ муугаас болж …!!! гээд толгойгоо ийш тийш хэд хаялснаа хурц нүдээ  эргэлдүүлэн цавчилж эвэр хошуугаа ангалзуулан:

-Хм, шунал гэж шал хэрэггүй юм. Тэр шунаад байсан юмаа одоо нэг олох байлгүй дээ! гээд зэвүүцэлтэй нь аргагүй гуаглахад хадны тэндээс овоо хүртэл цуурайлав.

Тахилгын ёслол дууссан бололтой цугласан олон, хэсэг цөөнөөрөө цуварсаар тарж одоход мөнөөх хүрэн дээлт бяцхан хүүгийн хамт овоон дээр шовойтол суусаар үлдлээ. Чингээд энэ тэрийг сонжин үзэж, бөхөлзөн ямар нэгэн зүйл хайж  байгаа нь илт анзаарагдана. Гэтэл томоогүй жаал хүү хэрээнүүд рүү чулуу нүүлгэх нь тэр.

-Хүүе, хүүе энэ сахилгагүй моньд чинь яах нь энэ вэ? гэж залуу хэрээ тэвдэн гуаглав. Энэ үед Пүрэв:

-Миний хүү, Нааш ир. За, наагуураа аавынхаа захисан юмыг сайн хайгаарай, нэг их гялалзсан сайхан өнгөтэй бөгж байх ёстой шүү гэж сөөнгөтсөн дуугаар хэлэв. Энэ үед:

-Наад овоон дээр чинь ил харагдахаар тавьсан байгаа. Сайн хай даа Пүрэв минь!” гэж өвгөн хэрээний чадал мэдэн гуаглахыг Пүрэв хэрхэн мэдэх билээ.

Энэ хооронд залуу хэрээ түрүүн сарвууныхаа завсраар унагасан мөнөөх зүйлээ хадан дээр гялтайн байхыг дөнгөж олж хармагц түргэн гэгч нь далавчаа дэвсээр очоод сарвуундаа оруулж амжив. Түүний ийнхүү хөглөж буйг аль хэдийн анзаарсан өвгөн хэрээ:

-Наад хөлд чинь юу байгаа юм?! гэж асуухад тэрээр далавчаа өргөн тэрүүхэндээ хэд дэгдсэнээ хадны мөлгөр тал дээр халтирах шахан тогтож:

-Би овоон дээрээс нэг юм олоод, тэгээд… тэгээд гэж сулхан гуаглав.  Өвгөн хэрээ сүрдмээр, бүр айдас чихүүдэс хүрмээр чанга чанга гуаглаж:

-Одоо бид чинь хүн биш, шуналаасаа болж яс сэг түүхээр заяагдсан хэрээнүүд. Би наад бөгжнөөс чинь л болж хэрээ болсон, эзэнд нь өгч нэг санаа амрах гэж байтал чи энд чирээд явж байдаг? гээд эвэр хошуугаараа түүнийг хэд хэд тоншоод авав. Өвдсөндөө хадны уруу унах шахсан залуу хэрээ дэрхийн нисэхэд сарвуунаас нь мөнөөх бөгж мултран уналаа. Тэгтэл нүдээ бүлтэлзүүлэн эрэл хайгуул болж явсан хүүгийн чанх өмнө хэрээний сарвуунаас мултарсан бөгж эргэлдэн эргэлдсээр намрын гандуу салхинд хэсэглэн шарласан өвсний ёзоорт тээглэн тогтох нь тэр.

Хүүгийнхээ дуудах дуунаар Пүрэв нуруугаа үүрэн бөгтөлзсөөр хүрч ирлээ. Хүү их л хичээнгүйлэн газар шагайж:

-Аав аа, энэ юу вэ? Энэ…? гээд жижигхэн бор хуруугаараа чичлэн заах зүг рүү нь харвал Пүрэвийн өчнөөн жил эрж хайсан эрдэнийн чулуун бөгж мөнөөсөө мөн байв.  Гайхан байж бөгж рүү сарвайтал хэрээний том хар өд хаанаас ч юм хийсэн ирж хажууханд нь буулаа. Харин энэ үед өвгөн хэрээ ойролцоох хадан цохионоос залуу хэрээг дагуулаад шуналаар хүлэгдсэн нүгэлт орчлонд “баяртай, баяртай” гэж гуагалан гуагалсаар алсран одохыг Пүрэв хормын төдий ч  гадарласангүй ээ.

Э.Үржинханд

“Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр


URL:

Сэтгэгдэл бичих