Б.ОДОНТУЯА: БИ ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН

Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь одоогоос 12 жилийн өмнө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-ийг хэрэгжүүлж ирсэн билээ.

Энэ жил Шоломт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 400 орчим оюутан, 4 шатанд өрсөлдсөнөөс ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг хуульч, эдийн засагч, дуучин, тамирчин, инженер гээд бүхий л мэргэжлийн 100 шилдэг оюутан тодорч, жилийн турш тэтгэлэг авах, тэтгэлэгт оюутнуудад зориулсан хөтөлбөрт хамрагдах, Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажиллах зэрэг томоохон боломжуудыг аваад байна.  Ингээд уншигч та бүхнийг шилдэг оюутнуудын төлөөлөлтэй уулзуулъя.

 

Урлах Эрдэм Дээд сургуулийн 4-р курсын оюутан Б.ОДОНТУЯА.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ТЭТГЭЛГИЙНХЭЭ МӨНГӨӨР ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ, НАРАНТУУЛ ЗАХАД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛСАН.

-          Голомт банкны нэрэмжит  оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 2 дахь жилдээ шалгарсанд баяр хүргэе. Оюутан хүний хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах ямар өгөөжтэй байдаг вэ?

Баярлалаа. Өнгөрсөн жил би Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцож, дизайны салбараас ганцаараа шалгарсандаа баяртай байдаг. Тэгтгэлэгт хамрагдах үедээ би  өөрийнхөө хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсгийг биелүүлье. Тэтгэлгээ зөв зүйлд зарцуулъя гэж шийдсэн. Тухайн үед залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Дизайн-Маркет”  үзэсгэлэн гарна гэсэн  мэдээлэлтэй  байсан учир өөрийн загвараараа оролцох бэлтгэлээ хийж эхэлсэн. Би загвараа гаргачихаад өөрөө оёчихдог болохоор, тэтгэлгийнхээ мөнгийг цуглуулж байгаад материал авсан. Ингээд үзэсгэлэнд өдөр тутмын хувцасны загвараараа оролцсон юм. Энэ үзэсгэлэнгийн нэг онцлог нь өөрийнхөө бүтээлийг худалдан борлуулах боломжтой байсан. Миний урласан хувцаснууд ч борлуулалт сайтай байсан учир би олсон орлогоо Нарантуул захад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд зориулна гэсэн өөрийн зорилгоо биелүүлсэндээ баяртай байна.

-          Яасан сайхан мэдээ вэ?  

Миний хувьд баярлаж байгаа хүүхдүүдийн нүдийг хараад, баярлалаа гэсэн урмын үгийг сонсоод үнэхээр их баярласан. Энэ бол миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг байсан төдийгүй би өөрийнхөө чадах чинээгээр нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулсандаа маш их урам авсан. Хойшдоо ч би чадварлаг зохион бүтээгч болж,  улам их  хүүхдүүдийг баярлуулах болно гэж өөртөө амласан. Энэ хүсэл минь ч биелнэ  гэдэгт  итгэлтэй байна.

-          Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт өнгөрсөн жилийнхээс  ямар онцлогтой байсан бэ?

Багийн ажиллагааны дараа авсан ур чадварын сорил нь Монгол оньсон тоглоомыг эвлүүлэх байсан. Эхлээд их гайхсан л даа. Гэхдээ Монголынхоо  уламжлалт зан үйлийг хадгалсан тоглоомыг эвлүүлэх даалгавар  их  сонирхолтой байсан шүү. Энэ даалгавар нь тухайн хүний сэтгэн бодох чадвар, тэвчээр, ур дүй гээд олон зүйлийг  тодруулсан шалгаруулалт болсон нь үнэхээр таалагдсан.

 

-          Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт дизайны салбараас оюутнууд их оролцдог уу?

Манай салбарынхны оролцдог ганц тэтгэлэгт хөтөлбөр гэхэд хилсдэхгүй. Ер нь дизайн төдийгүй урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлэг гэж  манай улсад бараг байхгүй дээ. Голдуу уул уурхайн салбарын тэтгэлэг байдаг. Харин Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил харгалзахгүй зарлагддагаараа маш олон оюутанд илүү их боломжийг нээж өгдөг юм болов уу. Ер нь банк юм чинь өөрсдийнхөө боловсон хүчнийг бэлтгэхийн тулд банк санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд тэтгэлгээ зарлаж болох л байсан гэж би боддог. Гэхдээ Голомт банкны хамт олон бүх оюутанд ижил тэгш боломж олгож, “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриагаа хэрэгжүүлээд явж байгаад талархдаг юм. Ингэснээр өөр өөр сургуульд сурдаг олон салбарын оюутнуудтай өрсөлдөх, бас бие биенээсээ суралцах боломжийг олгодог.

-          Өнгөрсөн жилийнхээ тэтгэлгийг их зөв зүйлд зарцуулжээ. Харин энэ жилийн тэтгэлгээрээ юу хийе гэж бодож байна?  

Яг одоо би WRM сэтгүүл  болон UBC music суваг Nine magic студитэй хамтарсан New Commercial төсөл дээр дизайнераар ажиллаж байгаа. Удахгүй 11 сарын сүүлээр өөрийнхөө анхныхаа фэйшн шоугаа хийх юм. Ер нь загвар зохион бүтээгч хүний хувьд өөрийнхөө загварын шоуг хийнэ гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ. Энэ дундаа оюутан ахуй цагтаа анхныхаа шоуг хийх гэж байгаадаа үнэхээр баяртай байна.   Үүнийхээ дараа мэдээж оюутан хүний хамгийн хариуцлагатай ажил болох  дипломын ажлаа бичих, дипломын ажлын загваруудаа бүтээх ажилдаа орно доо. Үүндээ л би энэ жилийн тэтгэлгээ зарцуулна.

Odontuya nuurnii zurag

-          Анхныхаа шоуг хийх гэж байгаад уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Ер нь өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Би өөрийгөө Монгол улсын иргэн гэдэг талаасаа харахыг эрмэлздэг. Өөрийнхөө мэргэжлийн дагуу салбартаа  олон өөрчлөлт хийхийг хүсдэг. Монгол улсыгаа  хөгжил өөд хөтлөх  боловсон хүчин болно гэж боддог. Нийгэмд өнөөдөр ядуурал байж болно. Гэхдээ энэ  харанхуйг гэрэлтүүлэх зүйл нь юу юм бэ гэхээр хувь хүний өөрчлөлт залуу хүмүүсийн боловсрол.

Иймээс оюутан биднийг санхүүгийн хувьд дэмжихээсээ илүүтэй  чи чадаж байна, чадна гэсэн урмыг өгч, илүү их зүйл хийх ёстой шүү гэсэн хариуцлага, итгэлийг өгдөг Голомт банкны хамт олондоо маш их баярлалаа. Би өнөөдөр Голомт банкны тэтгэлэгт оюутан гэдгээрээ үргэлж бахархаж  явдаг. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм.  Голомт банкны хамт олондоо удахгүй тохиох 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих