Элсэлтийн шалгалтын дүн гэдэг чинь ичмээр дамшиг юм

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт өнгөрөгч зургадугаар сарын 17-нд орон даяар эхэлж, хоёр өдөр үргэлжлэн өндөрлөсөн билээ. Энэ өдрүүдэд их, дээд сургууль, коллежид элсэгчидорох сургууль, мэргэжлээ сонгон ид бужигнаж байна.

Улсын хэмжээнд энэ онд арваннэгдүгээр анги төгссөн 39 мянга гаруй хүүхэд голдуу математик, физик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгчээ. Шалгалт өгөх явцад сурагчдын хувийн мэдээлэл зөрсөн тохиолдол мэр сэр гарсан бөгөөд үүнийг сургуулиас нь тодорхойлолт авах зэргээр цаг тухай бүрт нь шийдвэрлэсэн тухай Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлсэн.

Харин шалгуулагчдын зүгээс энэ жилийн биологийн шалгалтын С, D хувилбарууд “но”-той байсан. Мөн нэмэлт даалгаврын 2.3, 2.4 бүх хүүхдүүд алдсан нь хачирхалтай. Түүнчлэн Боловсролын үнэл-гээний төвөөс гаргасан номноос шалгалтын 70 хувь нь ирнэ хэмээн 7500-8500 төгрөгөөр зарсан. Зарим хүүхдүүд уг номыг дамын үнээр 20000-30000 төгрөгөөр худалдан авч шалгалтандаа бэлдсэн ч өнөөх номноос нь ирээгүй тухай ярьж байгаа.

Ингээд төгсөгчдөд энэ сарын 1-3-ны хооронд батламж карт тарааж, долдугаар сарын 1-ний есөн цагаас хойш Боловсролын үнэлгээний төвийн вэб сайт руу шалгуулагч нэвтэрч оноогоо харах боломжтой болсон билээ. Харамсалтай нь энэхүү сайт руу тухайн өдөр нэгэн зэрэг маш олон хүн хандаж ачаалалтай байгаа тул, нэвтрэх боломжгүй хэмээн иргэдийг багагүй бухимдуулсан. Тус сайт руу уйгагүй хандсаны эцэст зарим нэг нь арай гэж нэг юм нэвтэрчээ.

Гэтэл сайтад байрлуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээнээс өөрийнхөө оноог харна гэдэг өвсөн дотроос зүү эрэх дайны юм болох нь тэр. Уг нь элсэлтийн ерөнхий шалгалтын журамд шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вэб сайтаас үзэж болно гэж заасан юм билээ. Гэтэл тухайн үед уг сайтаас энэ хэлбэрээр мэдээлэл авах боломжгүй байсан юм.

Тухайн шалгуулагч авсан оноогоо харахын тулд нүдээ чилтэл хэдэн мянган хүүхдийн нэр дундаас өөрийнхөө овог, нэрийг хайх хэрэг гарна. Нийслэлд гэхэд математикийн хичээлээр дунджаар арав гаруй мянган хүүхэд шалгалт өгсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Шалгуулагч шууд тухайн сайтад нэвтэрч тусгай код хийн өөрийн шалгалтын үр дүнг xapax боломжгүй.

Өөрийнхөө шалгалтын оноог хайхын хамт өрөөл бусдынхыг бас сонирхох боломжтой гэсэн үг. Боловсролын үнэлгээний төвийн сайтад тухайн шалгуулагч аль нутаг усны иргэн, хэддүгээр байрт бичигдэж буй эсэх, оноо, овог, нэр, регистрийн дугаар, анхны оноо, хэмжээст оноо, проценталь, амжилтын чанарын индекс гээд бүхнийг нь олны нүдэнд ил зарлачихаж.

Зарим хүүхдүүд ямар сайн даа энэ элсэлтийн шалгалтын дүн гэдэг чинь хүний сайн, муу оноо авсныг нийтэд хамаагүй дэлгэчихдэг ичмээр дамшиг юм гэх вэ. Нээрээ л тэдэн онд төрсөн тэр овогтой тэр нөхөр онц, сайн, дунд, муу гээд түмэн амьтанд зарлачихаж байгаа юм чинь ямар олиг байх билээ. Тэгээд ч хүний регистрийн дугаар, овог нэрийг нийтэд зарлан ил тавих нь тийм ч оновчтой зүйл биш байх.

Уг нь иргэдийн хувийн мэдээлэл нууцад хамаардаг. Муугаар бодоход улс төрийн намууд сонгуулиар эдгээр регистрийн дугаар, овог, нэрийг ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид техник технологи өндөр хөгжсөн зуунд амьдарч буйн хэрэг юу билээ.

Энэ мэт бүдүүлэг, хүний эрх зөрчсөн, цаашлаад олон сөрөг үр дагавар авчирч мэдэх аргаар шалгуулагчдад оноог нь танилцуулахаа болъё. Ирэх оны элсэлтийн шалгалтын дүн мэдээг олон нийтэд зарласан хэлбэрээр бус эзэд нь аминчлан үзэж болохоор тийм хэлбэрээр зохион байгуулах цаг болсон.

Т.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих