Улстөрийн шинэ хувиарлалт буюу “ИХ ГУРВАЛУУД”

3

Н.Алтанхуягийн Засгийн Газар огцорсноор улстөр дэхь хүчний хувиарлалт өөрчлөгдөж эхэллээ. 2016 оны сонгууль болтол монголын улстөрийн бодлогыг ямар хүмүүс, ямар хүчин толорхойлж авч явах вэ гэсэн шинэ зураглал нэгэнт бүрдэн бий болжээ. Энэ бол парламентийг бүрдүүлж буй улстөрийн намууд дотор үүсч бий болсон шинэ нөхцөл байдал буюу улстөрийн гурвалуудаас хамаарах нь ойлгомжтой болсон байна. Мэргэжлийн сагс, хөлбөмбөгт “их гурвалууд” гэгддэг гол лидерүүдийн хоршин тоглолт хэрхэхээс бүх зүйл шалтгаалдаг шиг үйл явдал монголын улстөрд өрнөнө гэж хэлж болох юм. Сүүлийн хорь гаруй жил улстөрийн бодлогыг тодорхойлж ирсэн хуучин тоглогчдын зарим нь тойргийн гадна гарчээ. Мэдээж энд АН, МАН, Шударга ёс эвсэл дэхь их гурвалуудын тухай өгүүлнэ.

АН-ын “Их гурвал”

Н.Алтанхуяг огцорсноор АН дотор Алтангадасаа шахах гол тоглолт ид өрнөж байна. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж фракцыг нь хүчгүйдүүлэх, АН доторх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй Шонхор, Х.Баттулга тэргүүтэй МоАХ, хотын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй нийслэлийн АН нэгдэж АН-ын “их гурвал”-ыг бүрдүүлж байна. Мэдээж энэ гурвал ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэрхэн ойлголцохоос их зүйл шалтгаална. Дээрх гурвалын тоглолтыг ажиглаж байхад нэгдүгээр хүн тэдэнд “дураараа тогло” гэсэн визийг хэдийнэ дарсан мэт харагдаж байна.
2008 онд Ц.Элбэгдоржоос намын даргыг нь шүүрч авсан Н.Алтанхуягийн фракцын нөлөө сулрахад Алтанхуяг ба түүний нөхдийн алдаа, АТГ-ын ажиллагаа, сөрөг хүчний угсраа цохилтууд ихээхэн нөлөөлсөн. Бүх эрх мэдлийг атгасан хэрнээ УИХ дахь 50 кнопоо хянаж чадалгүй 26 кнопонд навс ялагдсан Алтангадас цаашдаа АН доторх гол тологч байх орон зайгаа нэгэнт алдсан гэж болно. Үүнийг саяхан болсон ҮЗХ-ны хурлын дарга тэргүүлэгчийг хэрхэн сонгож байгаагаас харагдана. Хурлын даргаар “их гурвалын” хүмүүс болох Баттулга, Бат-Үүл, Бадарсан нар сонгогдсон. ҮЗХ-ндоо хамгийн нөлөөтэй гэгдэж байсан Алтангадасын олон хүн ТАХ болсоноор хүч нь тарамджээ. Одоо тэднийг дэмжих аядаж байгаа ганц фракц бол МҮДН юм. Гэвч Шонхор, МоАХ, нийслэлийн АН гэсэн их гурвалын нэгдмэл хүчийг эвдэж чадахгүй учраас аль хүчтэйг нь дагадаг тэдний байр суурь хэсэг хугацааны дараа тодорхой болно гэсэн үг. Ингэснээрээ АН-ын шинэ дарга, дараачийн Ерөнхий сайд тодорно.
АН доторх хүчний харьцаа ингэж өөрчлөгдөхөд 2016-2017 оноо харсан “Шонхор” З.Энхболдын алсын хараа, кабинетаасаа ганцаархнаа нүд үзүүрлэгдэн “хөөгдсөн” Женкогийн шүд зуулт, 2012 оны сонгуулийн ялалтыг явч ирэхэд голлон зүтгэсэн хэрнээ Засгаасаа дорвитой дэмжлэг авч чадахгүй байсан хотын мэрийн нарийн тооцоо ихээхэн нөлөөлжээ. Алтанхуяг, Энхбаярын хамтрах гэрээ бол шалтаг төдий зүйл юм. Үндсэн шалтгаан нь хэт их сүгсэлзсэн Алтангадас өөрөө байсан юм. АН-ын цаашдын хувь заяа энэ гурван хүний хэрхэхээс ихээхэн шалтгаална. Бүхнийг эрх мэдэл, мөнгөөр худалдаж авч болно гэж ойлгосон Н.Алтанхуягийн тэнэг бөгөөд гэнэн алдаанууд мань гурвыг нэгтгэсэн гэхэд болно. Бас Алтангадасчуудын идсэн уусан бүхний баримт АТГ-т хадгалагдаж байгаа гэдгийг мартаж болохгүй.

МАН-ын “Их гурвал”

Юуны өмнө 27-р их хурлаасаа хойш уйгагүй зүтгэж байж улстөрийн асар том ялалт байгуулсан МАН-д баяр хүргэх ёстой. Навсайтлаа ялагдаж, гудамжинд гарч, буланд шахагдсан намаа улстөрийн гол тоглогч болгож, тайзан дээр буцаан гаргаж чадсан нь МАН-ын шинээр бүрдсэн “их гурвалын” гавьяа юм. МАН-ын дарга М.Энхболд, генсек Ж.Мөнхбат нар жил орчим нэг хүн шиг урагшаа харж зүтгэсний үр дүн гэж хэлж болно.
Гуравдахь хүнээр бүлгийн дарга С.Бямбацогт нэмэгдэнэ. Намын хоёр даргынхаа өгсөн чиглэлийн дагуу бүлгээ сайн удирдсан түүнийг магтах хэрэгтэй. Улстөр бол АН шиг бие биенийхээ дээр гарах гэж хэмлэлдэх бус хатуу сахилга бат, багийн эрэмбэ дараа, чанд ойлголцол, төмөр мэт нэгдмэл зохион байгуулалт юм гэдгийг МАН нотлон харуулж чадлаа.
Намын бага хурлынхаа гуравны нэгийг бүрдүүлдэг хот хэмээх том фракцын толгойлогч хоёрдахь удаагаа МАН-ын дарга болоход сайн муу хэлэх хүн олон л байсан. Баргийн юманд дуугардаггүй тулхтай байдал, туршилга хоёроороо залуу дарга нараасаа ялгарах түүнийг АН-ын “их гурвал” болон ерөнхийлөгчтэй хамгийн ойрхон сувагтай гэлцдэг. Ерөнхий сайд, тэргүүн болон шадар сайдаар дөрвөнтөө ажилласан түүнтэй эн тэнцэж улстөрд нүүх хүн ховор гээд хэлчихэж болно.
Монголын улстөрд цоо шинэ уур амьсгал авчирсан хүн бол МАН-ын залуу генсек Ж.Мөнхбат юм. Ардын намын ах нар бүхнийг мэддэг байсан хуучинсаг арга барилыг халж, бүх хуучин лидерүүдтэйгээ, бүлгийн гишүүдтэйгээ зөрөн байж нэр дэвшсэн түүнийг ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд гучин дөрөвхөн насандаа ялна гэж хэн ч тооцоолоогүй. Тэр ч бүү хэл дотны ах гэгддэг У.Хүрэлсүх нь хүртэл өөр хүн дэмжиж түүнийг эрс эсэргүүцэж байсан гэдэг. Түүний ялалт хуучинсаг МАН-д заавал ах нарыг дагаж биш, залуучууд өөрсдөө нэгдэж улстөр хийж болдог юм байна гэсэн итгэл үнэмшлийг бий болгосноороо, МАН-ын залуусын шинэчлэлийн давалгааг улам эрчимжүүлснээрээ цоо шинэлэг байлаа.
Одоо түүний ард МАН-ын шинэ үеийн бүхэл бүтэн арми зогсч байна. Бас намын бага хурлынх нь орон нутгийн үндсэн хүч түүнийг сонсч, дэмждэг гэх юм билээ. Н.Алтанхуягийн засгийг огцруулах бичигт мань хүн Ж.Батзандан, Л.Цог нараар гарын үсэг зуруулж чадсан сүйхээтэй эр. Өнөөдрийн МАН-д түүн шиг уран илтгэдэг, цэгцтэй бичдэг, тууштай тэмцдэг бас хэвлэлийн салбарт ихээхэн нөлөөтэй улстөрч ховорхон гэдэгтэй хэн ч маргахгүй.
Нэг хэсэгтээ бүлэггүй, байнгын хороодод төлөөлөгүй байсан МАН-ын бүлэг сүүлийн нэг жил амь орж эхэлсэн. Ганцхан Ц.Нямдоржоос өөр хүн байдаггүй мэт таг чиг байсан бүлгийн даргаар С.Бямбацогт сонгогодсоноор үйл ажиллагаа нь нилээдгүй эрчимжсэн гэхэд болно. Бүлгийн даргын марафонд Ж.Энхбаяр гишүүнтэй өрсөлдөж ялсан тэрээр удирдах зөвлөл, бага хурал дээрээ нөлөө багатай ч бүлгээ зангидах үндсэн үүргээ сайн биелүүлж байгааг засаг огцруулах үед өрнөсөн улстөр харуулж байна. Түүнийг бүлгийн дарга болоход экс бүлгийн даргаа залуу генсек нь шахаж, С.Бямбацогтыг зүтгүүлж гэнэ гэсэн яриа хэвлэлийнхэн дунд дуулдаж байсан. Ямартай ч УИХ-д хоёронтоо сууж буй түүнийг зарчим, тоглоомын дүрмээ мэддэг ихээхэн шуурхай нэгэн гэх юм билээ.
МАН-ын их гурвал эв нэгдэл, туршилга, эрч хүчээр дүүрэн байсандаа амаргүй ялалтыг амархаан авлаа гэсэн яриа гадуур яваад эхэлжээ. 1996-2000 онд цөөнх байхдаа сонгуульд ялагдсанаасаа хоёр жилийн дараа, намын их хурлаа хийснээсээ нэг жилийн дараа тухайн үеийн намын дарга Н.Энхбаяр, генсек Энэбиш нарын удирдлаган доор 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг унагаж улмаар хоёр жилийн дотор гурван ч засгийн бөөрийг гаргасан түүх давтагдах нөхцөл байдал үүсээд байна. Н.Энхбаяр, Энэбиш нарын үнэмлэхүй ялалтын амжилтыг давтах эсэх нь намынхаа удирдах зөвлөл, бага хурлаа голлон зангидаж байгаа М.Энхболд, Ж.Мөнхбат хоёроос шалтгаалах бөгөөд юутай ч тэд улстөрийн рингэн дээр буланд шахагдан хэмх нүдүүлж байсан намаа рингний голд давуу байрлал дээр авчирч чадлаа.

Эвслийн “Их гурвал”

Шинэчлэлийн засгийн газрыг бүрдүүлж байсан гол хүчин болох Шударга ёс эвсэл задрах талруугаа явж байгаа гээд хэлчихвэл буруудаад байх юмгүй болжээ. Эвслийн удирдагч Н.Энхбаяр агаар амьсгалж, ааруул идэх гэж ирэхдээ эвслээ засгийн газартай нь нэгмөсөн самарчихаад буцсан. Ийнхүү Намбарын хүүгийн гарт толгойгоо залгиулсан зургаа дахь засгийн газар амь тавьлаа. Шинэчлэлийн засгийн газартай хамт түүний эмхэлж ядан байгуулсан Шударга ёс эвсэл нь амь тавьж байх шиг байна.
Тус эвсэл дэхь улстөр хэрхэн өрнөх нь шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, сангийн сайд асан Ч.Улаан нараас шалтгаалах болжээ. Саяхан ирээд буцсан дарга нь намынхаа бага чуулганыг хийж мань гурвыг бууны нохдоороо газар доогуур ортол нь муулуулж дайруулсан. Гол шалтгаан нь намын байрны өр гэгдэх нэг сая долларыг албан тушаалаа ашиглан босгож өгөөгүй, эзгүй хойгуур нь хурал хийж намын даргыг нь булааж авахыг санаархсан, эхнэрийнх нь үгийг тоогоогүй зэрэг ял болно. Энэ бүх ялыг үүрүүлж намын дэд дарга, шадар сайд, УИХ-ын даргынхаа албан тушаалуудыг өгөхийг шаардаж, Н.Алтанхуягтай тохиролцон Ч.Улааныг сангийн сайдаас нь мулталжээ.
Дээрэлхүүлж доромжлуулсан мань гурав намын даргатайгаа тулж, ажлаа өгөөд намаас чинь явлаа гэдэгтээ хүрч муудсан байна. Алтанхуягийг огцруулахад намын дарга нарынхаа үгэнд оролгүй УИХ-ын гишүүн Уянга, Ц.Оюунбаатар нар эсрэг кноп дарсан нь энэ эвсэл дотор юу болоод байгааг илхэн харуулаад өгсөн.
Явах суух дээрээ тулаад буй Тэрбишдагва, Улаан нарт МАН-ын цагаан байрны хаалга цэлийтэл нээлттэй байгаа гэдэг нь ойлгомжтой. Л.Цог, Ц.Оюунбаатар хоёр ч гэсэн хүсвэл очоод суучих ширээ сандал нь Тусгаар тогтнолын ордонд зэхээстэй байгаа бол Уянга гишүүнийг Шонхорт элссэн С.Батцогт найз нь “нарийч нарийч” хэмээн дуудаж буй гэх. Гэвч энэ бүх нүүдэл суудал одоо Н.Энхбаяраас бус эвслийн их гурвалаас шалтгаалах бөгөөд тэд ч ирээдүйгээ харж тооцоогоо бодоод эхэлчихсэн боловуу.

Дүгнэлт
Өнөөдрөөс цааш монголын улстөр хэрхэн өрнөх нь дээрх “их гурвалууд” хоорондоо яажшуухан ойлголцохоос бүх зүйл шалтгаална. Бас АН-ын шинэ дарга, дараачийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг нөлөөлнө. Мэдээж аль аль нь улсынхаа ерөнхийлөгчтэй ойлголцохгүйгээр цаашаа хол алхаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Яг энэ тал дээр МАН-ын гурвал илүү бөгөөд бас аль ч гурвалуудтайгаа хэл амаа ололцох боломжтой. Хашир туршилга дээрээ зоримог дайчин, хурдтай шуурхай чанарыг нэмсэн сөрөг хүчний гурвалд аль ч талаараа хэнтэй ч барилдах боломж нэгэнт бүрдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр АН-ын ҮЗХ-ноос УИХ-д суудал бүхий МАН-тай засагт хамтрах талаар шийдвэр гарч бүлэгтээ зөвшилцөх үүрэг өгчээ.
Хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэдэг шиг улстөрийн хүчний шинэхэн хувиарлалт хэрхэн хийгдэж, улстөрийн “их гурвалууд” яаж тоглохыг нь харах л үлдлээ.

                                                                                                                                                                                                                                                   Д.Батдорж 

   Эх сурвалж : УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 November 2014

ELbegdoojiin buuny nohoi yu

Нэр: Сайнаа Огноо: 11 November 2014

Хамгийн тохиромжит хувилбар бол Амаржаргал 1. Нэр цэвэр 2. Эба-н нутаг 3. Өрсөлдөгч фракцууд бие биенээ доошоо хийхгүй хувилбар 4. Ё.Сайдын зангараг бий 5. Дараагийн сонгуульд нүүр бардам орох боломж 6. Технократ засаг гарах магадлал өндөр 7. Кризис менежмент хийх чадвар бусдаас илүү Гол дутагдалтай тал нь АН -даргын суудлыг түүнд өгөх хөрс суурь муутай

Нэр: Сайнаа Огноо: 11 November 2014

З.Энхболдын хувьд өмнө нь байгаа их ирээдүйг тооцвол “цаг” -нь биш Түүний хувьд харицангуй “мелочь” өнөөдрийн асуудлаас хөндий байх нь хамгийн зөв байх гэж бодно Бодлого тодорхойлогч түвшингийн хүлээн зөвшөөрөгдсөн “бренд” -д “ребрендинг” хийвэл АН -ны борлуулалтанд муугаар нөлөөлнө байх Тэгээд ч имидж бүрдүүлэлт зөвхөн ид дундаа явагдаж байгаа шүү дээ

Сэтгэгдэл бичих