Сонгуулийн хууль солиоруулах нь
Зуны дэлгэр цагийн нэг өдөр л гэхэд бороо хур, халуу төөнөсөн нар, сэрүүн салхи гээд олон ааш гаргаж байна.Үүнтэй адил эрх баригчдын үг яриа өдөртөө өөрчлөгдөж, сэтгэл нь хоёрдох болов. Үүний гол буруутан нь “УИХ-ын сонгуулийн тухай хууль”. Хууль тогтоох байгууллагын ажлыг гацааж, эрхэм гишүүдийн эрх ашгийг хөндөж буй уг хуулийн талаар эрх баригч хоёр нам эсрэг тэсрэг байр сууриа хадгалж, бат зогсохоор мэдэгдэв.
Ёстой л нэг зоосны хоёр тал хэзээ ч биө биенээ хардаггүй гэдэг шиг улстөрийн намууд бие биеийнхээ саналыг хүлээж авах шинжгүй болчихов. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ дахь АН, МАН-ын бүлэг зөвшилцөлд хүрч, байр суурь ойртож байна, ерөнхийдөө ойлголцлоо хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдөр байдал дахиад өөрчлөгдөв. Санал асуулга явуулна, явуулахгүй гэдгээс болж УИХ-ын чуулган энэ сарын 9-нд завсарлах гэдэг ч эргэлзээтэй боллоо.
АН буулт хийж, санал асуулгаас татгалзлаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг даваа гаригийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлынхаа талаар өчигдөр мэдээлэв. АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн хуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахгүй гэдэгт санал нэгджээ.
Тус бүлгийн гишүүд “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн зөвхөн сонгуулийн тогтолцоотой хамаатай хэсэг үлдсэн. Зөвхөн үүнийг шийдвэрлэхийн тулд санал асуулга явуулах нь учир дутагдалтай төдийгүй мөнгө дэмий үрсэн үйлдэл болно гэж үзжээ. Хэрэв санал асуулгын асуултуудыг сайн томъёолж чадахгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй.
Холбогдох хуульд санал асуулгыг хүчингүйд тооцвол тухайн асуудлаар найман жил дахин санал асуулга явуулах боломжгүй гэсэн заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн бүх нийтийн санал асуулгыг явуулахад 6-8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгыг УИХ-ын 2012 оны сонгуультай хамтатган явуулж болно гэж үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг мажоритар давамгайлсан пропорционалийн харьцааг 52 :24 байхаар тоггсон. Харин Ардчилсан намын бүлэг пропорциональ давамгайлсан 50:26 гэдэг харьцааг 38:38 байхаар дундыг хувилбар гаргаж, буулт хийжээ. Тадсрвив саналаа МАН-ын бүлгийн гишүүдэд хүргүүлээд байгаа аж. Нэгэнт ирсэн санал тул МАН-ын бүлэг хэлэлцэхээр болжээ.
МАН байр сууриа хадгална
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай 1995 онд баталсан хууль бий. Тэнд том асуудлаар явуулна, жижиг асуудлаар үгүй гэсэн зүйл байхгүй. Төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлох тодорхой асуудлаар ард нийтийн санал асуулга-явуулна гэсэн байгаа.
УИХ-ын сонгуулийг яаж явуулах нь төрийн том бодлогын асуудал юм. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг амьдралд хэрэглэе. Шаардлагатай үед үүнийг УИХ зохион байгуулдаг. Иргэдийн төрд итгэх итгэл ч дээшилнэ. Иймээс МАН-ын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах байр суурь дээрээ хэвээрээ байна.
Байнгын хороод, чуулганы хуралдааны үйл ажиллагаанд оролцооч гэж АН-ын нөхдөөс хүсч байна. Долдугаар сарын 10-наас цааш чуулганыг үргэлжлүүлэх боломжгүй. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал, төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэл гээд үлдсэн хугацаанд хэлэлцэх асуудал олон байна” хэмээн тайлбарлаж байлаа.
Санал асуулга явууллаа гэж бодвол
Улс орон даяар явуулах бүх нийтийн санал асуулга нь сонгуулийн дайтай болох нь ойлгомжтой. АН-ын бүлэг 6-8 тэрбум төгрөг дэмий үрнэ гэсэн бол МАН-ын гишүүд гурван тэрбум төгрөг болно гэж мэдэгдсэн. Харин МАХН-ын удирдлагууд арван тэрбум төгрөг шаардагдана хэмээгээд байгаа. Санал асуулга явуулахдаа хүрвэл 2008 оны УИХ-ын сонгуулийн тойрог, салбар, хэсгийн хороодын бүтцийн дагуу явуулж таарна.
Харин зарцуулах хөрөнгө мөнгө нь арван тэрбум төгрөг хол давахаар байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн зардалд 7,2 тэрбум төгрөг зарцуулах тухай шийдвэрийг УИХ баталж байсан. Тухайн үед сонгуулийн 26 тойрог, салбар хэсгийн 1800 цэгт 26 мянга орчим хүн ажиллаж байжээ. Уг зардлыг нь задалж үзвэл,
-Сонгуулийн тойрог, хороо, хэсэгт ажилласан хүмүүсийн хоол, ажлын хөлсөнд 3.3 тэрбум төгрөг,
-Сонгогчдын нэрсийн жагсаалтын маягт хэвлүүлэхэд 700 сая,
-Саналын хуудас хэвлүүлэхэд 567 сая,
-Сонгогчийн үнэмлэх хэвлүүлэхэд 309 сая төгрөг тус тус зарцуулна гэж тооцож байжээ. Энэ бол гурван жилийн өмнөх зардал. Эдүгээ энэ зардал нэмэгдэнэ үү гэхээс хасагдах зүйл огт байхгүй. Наанадаж л цалингийн доод хэмжээ 140,400 төгрөг болж нзмэгдээд байгаа. Сонгуулийн тогтолцоо ямар байх талаар санал асуулга явуулж хөрөнгө мөнгө үрэх мөнгө Засгийн газарт байж болох л юм.
Гэхдээ үүнээс өөр тулгамдсан, шийдвэрлэх асуудлууд олон бий. Арван тэрбум төгрөгөөр 150 ортой, орчин үеийн шаардлагад нийцсэн амаржих газар нэгийг босгож болно. Эсвэл траншейнд амьдарч буй иргэдийг тэндээс нь суга татаж, ядаж гэрт амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж болно. Эсвэл гадны улс оронд эмчлүүлж, хагалгаанд орох шаардлагатай нэг хүний зардлыг 50 сая төгрөг гэж тооцвол 200 хүний амь насыг аварч болно.
Энэ мэтээр жагсаавал байвал зүйл байх нь гарцаагүй. Гэхдээ санал асуулга явуулах тухай гэдэгт УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь санал нэгдэхгүй бол хэрэгжихгүй гэдгийг АН-ынхан тооцоолсон биз ээ.
Д.Навчаа
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: