Б.Жагар: Туул гол 2016 он гэхэд тасарна
Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр болох Туул гол V зэрэглэлийн бохирдолтой болохыг НМХГ-аас тогтоосон. Туул голыг хамгаалахгүй бол бохирдлын зэрэглэлийн төвшин ахиж, тасрах аюултай гэдгийг “ХатанТуул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар хэллээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Саяхан НМХГ-аас Туул голын бохирдлын төвшинг тогтоолоо. Гол юунаас болж их хэмжээгээр бохирдож байна вэ?
-Мэргэжлийнбайгууллага оройтсон хойно нь ийм дүгнэлт гаргаж байгаа нь харамсалтай. Иргэдийнхээ дуу хоолойг сонсч ажилласан бол бохирдлын хэмжээг арай эрт тогтоох боломжтой байлаа. Арьс ширний үйлдвэр, карьерийн уурхайнуудын үйл ажиллагаа Туул голын бохирдолд их хэмжээгээр нөлөөлж байна. Арьс ширний үйлдвэрүүд химийн хорт бодис болох хром ашигладаг. Ийм бодис хольсон элдэв зүйлийг Туул голд шууд цутгаснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар, чихрийн шижин үүсгэдэг. Цаашлаад хүний удамшилд нөлөөлөх аюултай. Мөн Биокомбинатын хогийн цэг өндөрлөг газарт байрладаг. Ялангуяа зуны улиралд хогноос ялгардаг бодис Туул гол руу урсч ордог. Хялбар аргаар мөнгө олохын тулд Туул голын сав дагуу хамгааалалтын бүсэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй карьерийн уурхайг ажиллуулж байна. Тухайлбал, Биокомбинатад байрлаж буй уурхайнуудын ихэнх эзэд нь улстөрчтэй холбоотой байдаг. НМХГ-аас тухайн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож, лацаддаг. Гэтэл тэд машинынхаа цонхоор орж, хууль бусаар ажиллуулдаг. Ийм хэлбэр төдий байдлаас болж бүс нутаг доройтож, Туул гол ширгэхэд хүрээд байна.
-Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл Туул гол хэдэн он гэхэд тасрах магадлалтай байна вэ?
-Туул гол 2016 он гэхэд тасрах аюултай. Тасрахгүй байлаа гэхэд нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэглээ алдагдалд орно. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усгүй болно гэсэн үг. Цаашид Туул голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх үү эсвэл бохирдлынх нь төвшинг ахиулах уу гэдэгт тулаад байна. Тиймээс иргэний нийгмийн болон төрийн байгууллага хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
-Тэгвэл цаашид ямар арга хэмжээ авах юм бол. Танай хөдөлгөөнийхөн ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна вэ?
-Нэн түрүүнд цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Он гараад суурийг нь шинээр тавина гэсэн. Үүнийг яриад өнгөрөх биш ажил болгох хэрэгтэй. Гэхдээ цэвэрлэх байгууламж баригдсанаар асуудлыг зуун хувь шийдэхгүй. Олон жил химийн хорт бодисууд Туул голын гүнд хуримтлагдсан. Тиймээс цэвэрлэх байгууламжаас болж бохирдсон Туул голын хөрсийг цэвэрлэх шаардлагатай. Манай улс цэвэр усны нөөцөөрөө доогуурт ордог. Тиймээс энэ үед саарал усны хэрэглээг нэвтрүүлэх ёстой. Тэгэхгүй бол гүний цэвэр усыг бүх зүйлд хэрэглэж болохгүй. Саарал усны эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд сан бий болгох хэрэгтэй. Тэндээс барилга байгууламжид ашиглаж буй усыг, бие засах газрын, машин угаах усыг нийлүүлдэг сувгуудтай болох нь зүйтэй. Биокомбинат, Шувуун фабрик орчимд мал аж ахуй эрхэлдэг иргэд амьдардаг. Малын сүү болон махан бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэд авч хэрэглэж байгаа учир үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болж байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар, УИХ анхааралдаа авч, яаралтай хуулийн төслийг боловсруулж, батлах хэрэгтэй байна.
-Иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага хамтарч ажиллах хэрэгтэй гэж та хэллээ. Мэргэжлийн байгууллагууд Туул голын асуудлыг шийдэж, хамгаалах талын арга хэмжээ авахгүй байна уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллага бодит арга хэмжээ авч чадахгүй. Мөн Туул голын сав газрын захиргаа, БОНХЯ зэрэг газрын шийдэх асуудал биш болсон. Хан-Уул дүүргийн XII, XIII хороонд амьдарч байгаа олон мянган иргэдийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Үүнийг тэд холбогдох байгууллагуудад нь удаа дараа хэлж, сануулж байсан боловч үр дүнд хүрсэнгүй. Нэг хүний эрх ашиг Монгол Улсын эрх ашиг гэж бодож ажилладаг төрийн байгууллага байгаасай.
С.Нэмэх
URL: