Хоёр толгойтой могой хол явдаггүй

0290d57b7e389098big

Монголд сагсан бөмбөгийн хоёр холбоо байна. Хараад байхад хоёр холбоо аль аль нь тохиролцоо, зарчмаа зөрчиж байсан гэж харагдаж байна. Хамгийн түрүүнд МСБХ эзэн нь өөр тэмцээн зохион байгуулдаг гэсэн шалтгаанаар шахан хавчиж, “TLG-13” багийг дээд лигээс хасах шийдвэр гаргаж байсан. С.Тулгын зохиодог тэмцээн нь сонирхогч, оюутны гэсэн тодотголтой, харин ч лигт сайн боловсон хүчин бэлдэж өгдөг байсан юм. Гэвч хөрөнгө мөнгөний хувьд бэхжиж, дээд лигийн сайн тамирчид “Спрайт лиг”-т тоглох сонирхолтой болж эхэлсэн нь ийнхүү хоорондоо тэрсэлдэх нэг шалтгаан болж өгсөн шиг байдаг.

МҮСБХ мөн адил, МСБХ-ны хэсэг гишүүдийн дэмжлэгтэйгээр холбоог өөрчлөн байгуулж, бужигнуулсан. Нэгдсэн хурал хийхэд зохион байгуулалтын асуудлаас болж санал нийлэлгүй хурлыг хаяж явсан. Уг нь энэ хуралдаан хоёр холбоог нэгтгэх зорилготой байсан гэдэг нь “Нэг спорт, нэг баг, нэг зорилго, нэг холбоо” гэсэн урианаас тод харагдана. Гэвч зорилгоо биелүүлж чадаагүй. Үнэндээ хуралд суугаагүй болоод өнгөрснийг мэдэхгүй.  “МСБХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нар өрсөлдөж, 68 хувийн саналаар Б.Тамир ялж, МСБХ-г удирдахаар боллоо” гэсэн албан ёсны мэдээлэл гарч, дараа нь шүүхийн шийдвэрээр уг хурлыг хүчингүй болгосон тухай мэдээлэл цацагдсан билээ. МҮСБХ үнэхээр их ажил амжуулж, үнэхээр зорилгодоо хүрэхээр тууштай зүтгэж байгаа /анхдугаар их хурлын үеэр яригдаж байсан асуудлууд бүгд ажил хэрэг болсныг анзаарна уу/, хэнч үүнийг үгүйсгэхгүй. Мэдээж, МСБХ ч ажил хийж байгаа, гэхдээ ОУСБХ-ны гишүүн гэдгээрээ МҮСБХ-ны бэлтгэсэн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулж, гаргасан амжилтыг нь өөртөө нялзааж байгаа нь С.Эрдэнэ ерөнхийлөгчийн дургүйг хүргэсэн бололтой.

Монголын спортод, ялангуяа дасгалжуулагчдын дунд ийм асуудал байнга гарч байсан. “Шигшээ багийн дасгалжуулагч энд тэндхийн бэлэн тамирчин авч тэмцээнд амжилт гаргачихаад хамаг магтаалыг хүртэж байна” гэсэн гомдлыг спортынхон сайн мэднэ. Тэр ч байтугай МҮОХ, БТСУХ / одоогийн Спорт бэлтгэлийн төв/ хоорондоо энэ асуудлаар ширүүн маргаж байсан удаатай. БТСУХ-ны талд ордог спортын томхон зүтгэлтнүүд “БТСУХ бол хөрөнгө мөнгө гаргаж тамирчдыг бэлддэг байгууллага. МҮОХ тамирчдыг бэлдэхэд олигтой оролцдоггүй атлаа олимпод эхнэр хүүхдээ дагуулж яваад, гаргасан амжилтыг өөрийн болгодог улсууд” хэмээн муулах.

Хамаг ажлыг нь хийж байгаа атлаа зохих шагналаа хүртэхгүй байна гэдэг ямар ч хүнд таалагдахгүй нь ойлгомжтой л доо. Тийм ч учраас МҮСБХ- ныхон бачимдаж байгаа. Нэг ёсондоо “Элбэг дээл” кинонд гардаг шиг үйл явдал Монголын сагсан бөмбөгт тохиолдоод байна. Гэхдээ кинонд гардаг шиг ганц сурвалжлагч очоод бүхнийг зохицуулчихдаггүй нь харамсалтай. “Монголд сагсан бөмбөгийн ордон, бэлтгэлийн төвийг хэн байгуулсан юм бэ, Монголын сагсан бөмбөгийг Азийн төвшинд хэн аваачсан юм бэ. Бид… бид шүү дээ” гэсэн бодол тэдний дотор явааг үгүйсгэхгүй. Гэхдээ, хоёр холбооны зөрчлөөс болж тамирчид, сагсан бөмбөгийн спорт хохирох ёсгүй гэдэг хамгийн гол нь юм.

Хэрвээ “МҮОХ шүүхийн шийдвэрийг дагасан бол Монголчууд Азийн шилдэг найман багийн нэг болж чадахгүй байж шүү дээ. МҮСБХ- ны нэр хүнд ч өсөхгүй байх байсан. Чухам Инчонд амжилт гаргасан учраас л бид төвшнээ мэдэж, МҮСБХ үнэхээр зөв менежментээр урагшилж байгааг магтаж байна. Одоо хоёр холбоо нэгдэх л хэрэгтэй байна. МСБХ бол удирдагчаар нь нэг хүн олон жил болсон, солигдвол шоронд орчих гээд байгаа хэмжээний байгууллага биш шүү дээ. “Хоёр толгойтой могой хол явдаггүй” гэж үг бий. 1980-90-ээд онд дэлхий нийтэд ихэд тархан түгж байсан самбо бөх олон улсын хоёр холбоо гарч ирсний улмаас олимпийн хөтөлбөрт багтаж чадаагүй гашуун туршлага бий. ОУОХ ч гэлтгүй, ямар ч спортын олон улсын холбоо нэг улсад хоёр үндэсний холбоо байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ тэгж гэмээ нь тухайн улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлж, олон улсын тэмцээн уралдаанд оролцохыг хориглодог. Энэ байдал цаашдаа даамжирч, ОУСБХ-ны сонорт хүрвэл манай улсад таагүй үр дүн гарах нь ойлгомжтой.

Монголын мэдээ
Х.Батсайхан

URL:

Сэтгэгдэл бичих