Ц.Тунгалаг: Өсвөр үеийнхний бэлгийн замын өвчлөл их байгаа нь архидалттай холбоотой

f2c7b0e6b4fe2040original

Манай улсад бэлгийн замын өвчлөл ихэсч өсвөр насныхан уг аюулын эгнээг өргөсгөж байгаа гэх харамсалтай судалгааны дүн гарах боллоо. Иймд эрсдэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйл хийгээд өвчлөлийн өнөөгийн байдал ямар байгаа талаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сайн дурын зөвлөмж эмчилгээний төвийн зохицуулагч эмч Ц.Тунгалагтай ярилцлаа.

 

-Танай төв хувь хүний нууцыг хадгалж ДОХ, бэлгийн замын халдварт өвчинг оношилж, эмчилгээ хийдэг. Үйлчлүүлэгчдийн дунд өсвөр үеийнхний эзлэх байр суурь ямар хэмжээнд байна вэ?

 

-Сүхбаатар дүүрэг 130 гаруй мянган хүн амтай. Хүн амын тооноос хамаараад ерөнхий боловсролын дунд сургууль олон бий. Үүнээс хувийн хэвшлийн сургууль их байдаг. Манай дүүргийн өсвөр насныхны бэлгийн замын өвчлөлийн хувьд улсын гэхээсээ илүү хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд өвчлөх нь их байна. Дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийг авч үзэхэд янз бүр байдаг. Хувь, хувьсгалын сургууль гэлтгүй ирдэг.

Тэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ нэр, хаягаа худлаа хэлж бүртгүүлсэн тохиолдол ч гарч байсан. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хувьд цахим бүртгэлд хамруулж цаг аваад эмчдээ үзүүлэх системд шилжсэн. Харин манай төвийн хувьд урьдчилан цахимаар заавал бүртгүүлэхийг шаарддаггүй. Учир нь тухайн үйлчлүүлэгч “ДОХ, бэл гийн замын өвчлөлийн кабинетад цаг авъя” гээд зогсч байх нь хүндрэлтэй шүү дээ. Энэ байдлаас болоод өсвөр насныхан эмнэлэгт хандахгүй байна. Тэгэхээр манайхыг зориод ирсэн хүнийг бид “Цаг авсангүй” гэж буцаадаггүй. Бэлгийн замын халдварт өвчин маш хурдан халдварладаг учраас цаг алдалгүй эмчид үзүүлж, эмчилгээг бүрэн гүйцэд хийх шаардлагатай. Тэгэхээр нэгэнт эмнэлэг зориод ирсэн өсвөр насныхныг аль болох ганцаарчилж уулзаад, өвчнийг нь хурдан оношилж эмчилгээ хийх хэрэгтэй байдаг.

 

-Өсвөр үеийн охид хувийн эмнэлгээр үйлчлүүлэх нь их болсон нь ажиглагддаг. Тухайлбал, охидууд хувийн эмнэлэгт үр хөндүүлэх байдал их гарч байгааг онцолдог. Үүнээс гарах эрсдэл бий юү?

 

-Өсвөр насныхан бэлгийн замын өвчин авах, жирэмсэн болсон тохиолдолд хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг. Ингэснээр эмчилгээг нь дутуу хийх юм уу, өвчин нь сэдэрсэн тохиолдолд улсын эмнэлэгт ханддаг. Учир нь, хувийн эмнэлгүүд өндөр төлбөртэй байдаг учраас санхүүгийн боломж муутай өсвөр үеийнхэн үнэ төлбөргүй үйлчилдэг газрыг сонгох тал бий. Одоо хувийн эмнэлэг маш олон болсон. Хувиараа эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулж байгаа газрууд мазокийн шинжилгээ авч, эмчилгээ хийж байна. Түүнээс гадна тэмбүүгийн тест тавьж оношилж байгаа.

Гэтэл ганц тестээр тэмбүү өвчтэйг баталгаажуулдаггүй гэдгийг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, тест батлах шинжилгээ болж чаддаггүй. Энэ байдлаас харахад хувийн эмнэлгүүд хэтэрхий мөнгө хөөж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тэр байтугай өвчингүй хүүхдийг өвчтэй мэтээр оношилсон тохиолдол хүртэл гарсан. Тухайлбал, шинжилгээ өгөхөөр очсон хүүхдийг “Чи ийм өвчтэй гарсан. Манайх тэдэн төгрөгөөр эмчилнэ” гэсэн байгаа юм. Мөнгөгүй өнөө хүүхэд манайд хандсан. Манайх шинжилгээ хийж үзэхэд нөгөө хүүхдэд тухайн эмнэлгийн гаргаж өгсөн онош илрээгүй.

 

-Өмнө нь дунд сургууль олонтой дүүрэг гэж онцолсон. Иймээс дунд сургуулийн сурагчид танайхаар олноор үйлчлүүлдэг байх. Тэдэнд тулгамдсан асуудал нь юу байна вэ?

 

-Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их ханддаг. Учир нь манай эмнэлгийн ойролцоо 29, 116 дугаар дунд сургууль байрладаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их ирдэг. Тэднийг шинжилгээнд хамруулахад бэл-гийн замын өвчлөл их байна. Бэлгийн замын 36 төрлийн өвчин байдаг. Гэтэл дүүргийн нэгдсэн эмнэлэг 7-8 төрлийн өвчнийг илрүүлэх хүчин чадалтай байна шүү дээ. Мөн бэлгийн замын вирусээр халдварладаг өвчний шинж тэмдэг илрэхгүй нууц байдлаар халдварладаг учраас өвчилснөө мэдэхгүй архагшуулдаг тохиолдол гардаг. Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийг авч үзэхэд заг хүйтэн ч юм уу бэлгийн хавьталд ороод шинж тэмдэг нь богино хугацаанд хурц илэрдэг өвчнөөр өвчилсөн хүүхдүүд голдуу ирдэг. Эрэгтэй хүүхдэд маш хурц шинж тэм дэг илэрдэг учраас заг хүйтнээр өвчилсөн хөвгүүд ирж байна. Ер нь охи доос илүү хөвгүүд сүүлийн үед эмнэ лэгт хандаж зөвлөгөө авах, халдвар авсан бол эмчилгээ хийлгэх нь ихэссэн.

 

-Манай улс социализмын үед тэмбүү өвчинд нэрвэгдэж байсан гэдэг. Тэгвэл одоо тэмбүүгийн өвчлөл тэр үеэс дутахааргүй болсон талаар мэргэжилтнүүд хэлдэг. Өвчлөл ихсэх шалтгаан нь юу вэ?

 

-Тэмбүүгийн өвчлөл хот, хөдөөгүй их байна. Юугаар харагдаж байна гэхээр жирэмсэн эхчүүд нийт хүн амыг төлөөлж байдаг. Жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүүгийн өвчлөл маш их байна. Манайд төв 2013 оны эхний зургаан сарын байдлаар тэмбүүгийн 140 өвчлөлийг бүртгэсэн. Түүний 70 нь жирэмсэн эмэгтэй байна. Жирэмсэн эхчүүдээс тэмбүүгийн шинжилгээг хоёр удаа авдаг. Энэ нь төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гарахаас сэргийлж байгаа хэлбэр юм л даа.

Гэтэл тухайн цаг хугацаанд нь шинжилгээнд орохгүй явсаар төрж байгаа тохиолдол бий. Энэ нь төрлөхийн тэмбүүтэй хүүхэд төрөх эрсдэлийг бий болгож байна. Цаашлаад эхнэр нь жирэмсэн байх хугацаанд нөхөр нь өөр хавьтагчтай болж төрөх дөхсөн эхнэртээ тэмбүүгийн халдвар тараа даг. Үүнээс болж тэмбүүтэй хүүхэд төрж байгаа. Өнөөдөр 15 настай өсвөр насны хүүхэд жирэмсэн болчихоод хээвнэг ороод ирж байна. Гэтэл энэ залуухан ээж тэмбүүгийн халд вартай байх жишээтэй. Уг нь бэлгийн замын халдварт өвчин бол агаар дуслын замаар шууд халдварладаг ханиад, томуу төст өвчин биш шүү дээ. Цэвэр хувь хү ний хариуцлага, ухамсрын асуу дал. Өнөөдөр бэлгийн замын халд вар яаж тархдаг талаар иргэд, өсвөр үеийнхэн маш сайн мэдээлэлтэй болсон. Харамсалтай нь, амьдралдаа хэрэгжүүлж, дадал болгохгүй байгаа нь эмгэнэл дагуулж байна.

 

-Дунд сургуулийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээлийг тусгай бодлогоор орох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

 

-Дунд сургуулийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож байгаа эмч, нийгмийн ажилтнуудыг нэгдсэн чиглэлээр бэлтгэх хэрэгтэй байна. Анги тус бүрээр нь ангилж ахлах, дунд, бага гэж хуваарилаад эрүүл мэндийн хичээл орох хэрэгтэй. Энэ дундаа бэлгийн боловсролын хичээлийг анхан шатнаас нь заах шаардлагатай. Манай эцэг эхчүүд хүүхдэдээ “Хүүхэд гэдэснээс гардаг” гэж хэлдэг. Энэ мэт буруу ойлголтоос эрсдэл бий болж байна. Ахлах, дунд ангийн охид хөвгүүдийг тус тусад нь эрүүл мэндийн хичээлд хамруулж, нарийн ярилцах хэрэгтэй.

Нөхөн үржихүйн хичээлийг хамтад нь орохоор хүүхдүүд бие биеэсээ санаа зовоод, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй. Тэгээд ч эрүүл мэндийн хичээл орж байгаа болов сон хүчин нь мэргэжлийн хүн байх ёстой. Энэ стандартыг дунд сургуулиуд мөрдөхгүй байна. Манайх энэ асуудлын эхлэл болгож ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд дүүргийн дунд сургуулиудын дунд аян зохион байгуулсан. Хувийн болон улсын дунд сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгодог хүмүүсийг нэгтгэж, бэлгийн эрүүл мэндийн боловсролын талаар ярьж, хэлдэг үг хэллэгийг нь нэгтгэж, нэгдсэн ойлголт өгөхийн тулд сургалт зохион байгуулж байна. Өсвөр үеийнхэнд “Бэлгэвч байнга хэрэглэх хэрэгтэй” гэж хэлэх нь зөв зохистой хандлага эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь нөхөн үржихүйн эрх тэн системийнх нь хэвийн үйл ажиллагаатай танилцах, хэдэн настайдаа бэлгийн харилцаанд ороход бэлэн болдог. Жирэмсэн болох нөхцөл хэзээ бүрддэг зэргийг таниулах хэрэгтэй юм.

 

-Өсвөр үеийнхэн бэлгийн харилцаанд эрт орж байгаа нь бэлгийн замын халдвар ихэсч байгаатай холбоотой юу?

 

-Бэлгийн харилцаанд орох нас жилээс жилд залуужиж байна. Ингэснээр бэлгийн замын халдварын тархац идэвхжиж байгаа нь үнэн. Үдшийн цэнгээний газар олон байна. Бэлгийн замын өвчлөл тодорхой хугацаанд ихэсч, өсвөр үеийнхэн эмнэлэгт ханддаг тодорхой хугацаа хүртэл байна шүү дээ. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхлэх, оюутан, сурагчдын төгсөлтийн баяруудад өвчлөл ихэсдэг. Энэ үеэр хүүхдүүд амрах нэрийдлээр хөдөө гарч, архи хэтрүүлэн хэрэглэх, зочид буудал, амралтын газарт хоноглодог. Хотод үдшийн цэнгээний газруудад өсвөр насны охид, хөвгүүд л орж байна шүү дээ. Үүнээс болоод өсвөр үеийнхэн бэлгийн харилцаанд маш эрт орж байна. Оюутан, сурагчдын дунд далд биеэ үнэлэлт их байна. Төгсөлтийн баяр дөхөхөөр тэдэнд мөнгө шаардлагатай болдог. Өмсч зүүх, нийллэгний мөнгө гээд санхүүгийн асуудал тулгарсан үед охидууд биеэ үнэлдэг. Энэ юунаас харагдаж байна гэхээр манайх “100 хувь бэлгэвч” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Сэтгэл амар” төв уг хөтөлбөрийг хариуцаж хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн зорилго нь биеэ үнэ-лэгчдийг бэлгэвчтэй хавьталд орохыг зорилго болгодог.

Биеэ үнэлэх асуудал одоо бий болчихсон юм биш. Аль эртнээс байсан, одоо хориод дийлэхгүй байна шүү дээ. Тиймээс манай улс 2005 оноос хойш “100 хувь бэлгэвч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд манайх зочид буудлуудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, танайх үйлчлүүлэгчдийн өрөөнд тэдэн ширхэг бэлгэвч тавих хэрэгтэй зэрэг шаардлага тавьж ажилладаг. Угтах үйлчилгээний ажилтан “Оюутан, өсвөр насны хүүхдүүд бидэнд утасны дугаар, биеийн өндөр, харьцаа, зарим нь зургаа хүртэл үлдээдэг” гэдэг. Гаднаас хүмүүс ирээд дээрх мэдээллийн дагуу тэднээс сонгодог. Ийм гажиг жишиг хүртэл байна шүү дээ.

Б.Цэцэгдэлгэр

 

URL:

Сэтгэгдэл бичих