Кайлаш Сатьярти: 186 сая хүүхэд хүнд хүчир хөдөлмөрийн золиос болж байна

141015-4Бэлтгэсэн Н.МӨНХЖИН

Та галзуураагүй биз. Юу яриад байна аа?”. Энэтхэгийн иргэн Кайлаш Сатьярти Нобелийн энх тайвны шагнал авснаа дуулаад ийнхүү гайхан дуу алджээ. Тэрээр пакистан охин Малала Юсуфзайн хамт энэхүү дэлхийн нэр хүндтэй шагналын эзэн болсон билээ. Сатьярти 30 жилийн өмнө Bachpan Bachao Andolan (Хүүхэд насыг аврах хөдөлгөөн)хөдөлгөөнөө байгуулж, 80 мянган хүүхдийг хөдөлмөрийн боолчлолоос чөлөөлсөн юм. Түүний ачаар эрх чөлөөтэй болсон хүүхдүүд өөрсдийн баатраа тэврэн, баяр хөөрөө хуваалцахаар ирж байна. Нобелийн энх тайвны шагналт “АВС”-д ярьж байна.

 

-Энэ шагнал таны хувьд юу вэ?

-Хүүхэд насыг нь хулгайлж байгаа хэдэн зуун мянган хүүхдийн эрхийг хамгийн дээдээр хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. Өнөөдөр, яг одоо ч хүүхдүүд үйлдвэр, уурхай зэрэг газарт боолчлогдон зовсоор байна. Дэлхий даяар 186 сая насанд хүрээ­гүй хүүхэд хүнд хүчир хөдөл­мөрийн золиос болж байна. Энэ шагнал тэдний нэр төрийн шагнал болж, тэд­ний зовлон зүдгүүрийг улам тод харуулахад туслах болно.

-Бусад залуус бүгд мөнгө, карьер хөөдөг 26 насандаа та бүгдийг орхиж, амьдралаа нийгмийн хөдөлмөрт зориулахаар шийдсэн…?

-Би 10 настайгаасаа эхлээд л нийгмийн асуудлыг сонирхдог болсон. 15, 20 насандаа энэ тал дээр их л эрч хүчтэй байсан. Эцэг эх минь инженерээр сур гэсэн. Хэлснээр нь сурч, ажиллаж эхэлсэн. Гэвч ажлаа хаяж, хүүхдийн хөдөлмөрийн боолчлолын эсрэг тэмцэхээр шийдсэн. Үүнийг л хийж чадах юм шиг санагддаг байлаа.

-Аюултай шийдвэр гаргажээ. Таныг багагүй дайрч, довтолж байсан гэсэн..?

-Энэ бол удаан оршин тогтнож ирсэн ашиг сонир­хол, мафи, ноёлогч сэт­гэхүйн эсрэг тэмцэл. Хүүхдийн хөдөлмөрийн мөлж­лөг хэдэн зуун жилийн өмнөөс байсаар ирсэн нийгмийн өвчин юм. Үүний эсрэг тэмцээд ирэхээр холбоо сүлбээ сайтай гэмт хэрэгтнүүд хүчирхийллийн арга хэлбэр рүү шилждэг. Би хоёр ч хамтрагчаа алдсан. Нэг нь буудуулж, нөгөө нь зодуулж үхсэн. Миний хамтрагчдын ихэнх нь ахмад хүмүүс байдаг. Залуу тэмцэгчид зодуулах нь элбэг. Миний биед гэхэд л шарх, сорви бий. Энэ бол хатуу, хүнд тэмцэл. Гэвч бид довтолгоо, дайралтад өртөх бүртээ сайн, зөв зүйл хийж байгаа гэдгээ мэдэрдэг юм.

-Та цагдаа болон эрх баригчидтай тийм сайн харилцаатай биш байх, тийм үү?

-Хүүхдийг боолчлолоос чөлөөлөх ажиллагааг хийхдээ бид тэр газрын талаар хэнд ч мэдээлэл өгдөггүй. Гэмт хэрэгтнүүд цагдаа на­раас болон төрийн байгууллагаас мэдээлэл авчихдагийг бид харсан. Тиймээс энэ тал дээр ихэд болгоомжтой байдаг.

-Ядуурал, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг хоорондоо холбоотой биз?

-Хүүхдийн хөдөлмөр, бичиг үсэг үл мэдэх, ядуурал, хүчирхийлэл нь нэг машины дугуйнууд, бүгд нэг нэгнээсээ хамаа­ралтай. Хүүхдийн хөдөлмөр ядуурлыг үүс­гэж, ядуурал нь хүүхдийн хөдөлмөрийг улам өөгшүүлж байдаг.

-Нобелийн шагнал энэ тэмцэлд яаж тус болох вэ?

-Бусдыг уриалан дуудна, урам зориг өгнө. Идэвхтэн, тэмцэгчдийн сэтгэл зүйг батжуулж, олон хүнийг энэ тэмцэлд татан оролцуулна.

-Сүүлийн арван жилд Энэтхэгийн эдийн засаг их өссөн ч нийгмийн асуудал нь орхигдсон. Энэ тал дээр хөрш Бангладеш улсаас ч хоцорч байна. Яагаад тэр вэ?

-Эдийн засгийн өсөлт тун цөөхөн хүнийг хамарч, доод түвшнийхэнд хүрэхгүй байна. Эдийн засгийн өсөлт нийгэмд хэрэгтэй өөрчлөлтийг авчрахгүй байна.

-Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хүүхэд байхдаа галт тэрэгний буудал дээр цай зардаг байсан. Тэр нийгмийн энэ­хүү өөрчлөлтийг эхлүүлж чадах юм биш үү?

-Моди сонгуульд ялдаг өдөр “Цайны худалдаачин Ерөнхий сайд болж болдог юм байна” хэмээн бичиж байлаа. Одоо хүүхдийн хөдөлмөрийн боолчлолын эсрэг ажиллах нь түүний үүрэг, ээлж. Моди үүнийг хийх үү, үгүй гэдгийг хэлэхэд эрт байна. Тэр эрх мэдэлд гарч ирээд удаагүй байна.

-Та пакистан охин Малала Юсуфзайн хамт Нобелийн энх тайвны шаг­налыг авсан. Нэг хин­ду шашинтан, нэг лал шашинтай охин. Энэ шагнал Энэтхэг, Пакистаны харилцааг сайж­руулахад тус болох болов уу?

 

-Зоригтой дүү Малалаг мэндлэхээс ч өмнө Пакистанд олон жил ажиллаж байлаа. Би үргэлж нээлттэй байж ирсэн. Энх тайван хүмүүсээр дамжиж ирдэг. Харилцааг сайжруулахад улс төр, дипломат хичээл зүтгэл хэрэгтэй ч бас энгийн хүмүүсийн үйл хөдлөл хэрэг болдог. Үүнд Нобелийн шагнал туслах нь тодорхой. Хүүхдүүдийн төлөөх энх тайван хэмээх шинэ хөдөлгөөн өрнүүлэх талаар Малалатай ярилаа.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих