“Нөхөн сонгууль хууль бус болсон” гэв

ff41ad7829dce1b6originalХэнтий аймгийн Батширээт, Хэрлэн суманд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг өнгөрсөн сарын 19-ны өдөр зарласан. Батширээт сумынхан бүтэн хоёр жил төлөөлөлгүй байсны эцэст нөхөн сонгууль болсон нь энэ. Сонгуулийн үр дүнгээр Батширээт сумаас АН-ын нэр дэвшигч Ц.Баярсайхан ялалт байгуулсан хэмээн мэдээлж буй. Харин Хэрлэн суманд сонгуулийн ирц хүрээгүй учраас дахин сонгууль зарлахаар болсон юм. Хэнтий аймгийн МАН-ын хорооноос энэ удаагийн нөхөн сонгуулийг шударга бус боллоо хэмээн үзэж байгаа аж. Тиймээс сум, аймгийн Сонгуулийн хороо болон хууль, хяналтын байгууллагад хандсан байна. Хэдийгээр хуулийн байгууллагаас тоймтой хариу ирүүлэхгүй байгаа ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ тэд хэлж байгаа юм. Ингээд нөхөн сонгуулийн маргааны талаар тус аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Хэрлэнчулуунаас тодрууллаа.

 

-Яагаад нөхөн сонгууль зарлах болсон юм бэ?

 

-Батширээт сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь аймгийн Засаг даргын Тамгын газарт орлогчоор ажиллахаар 2013 онд явсан. Уг нь иргэдийг төлөөлөхөөр ирсэн бол төрийн өндөр албан тушаалд суухгүй баймаар юм. Нэгэнт ИТХ-ын төлөөлөгч нь албан тушаалаа хүлээгээд авчихсан учраас Батширээт сумыг төлөөлөлтэй болгож өгөхийг удаа дараа хүсч байлаа. Батширээт суманд 2013 оны нэгдүгээр улиралд нөхөн сонгуулийг зохион байгуулах ёстой байсан. Гэтэл эрх баригчид хуулиа зөрчин тус сумын иргэдийг хоёр жил ямар ч төлөөлөлгүй явууллаа. Ийм бүтэхгүй зүйл байна шүү гэдгийг Хэнтий аймгийн МАН-ын хорооноос аймгийн ИТХ, Засаг дарга нарт сануулж удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Энэ нөхөн сонгууль бэлтгэл ажил хангахаас эхлээд хуулийг олон удаа зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хууль бус нөхөн сонгууль боллоо гэж манай намын хорооноос үзэж байгаа юм. “Бүх шатны сонгуулийн хороодыг төрийн албан хаагчаар бүрдүүлнэ” гэж хуульд заасан. Үүний дагуу төрийн албан хаагчдаар бүрдүүлсэн. Ингэхдээ сонгуулийн хороонд ажилчид дандаа АН-д улс төрийн албан тушаал хашиж байсан. Тиймээс төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байхгүй нэг намд үйлчилсэн гэж хардах эрх бидэнд байна. Нөхөн сонгуулийн хороодод МАН-ын дөрвөн ажиглагч байсан ч тэднийг ажлаа хийх боломжийг нь эрх баригчид боосон.

 

-Хэрлэн суманд дахин сонгууль зарлахаар болсон. Саналын хуудсыг нь яасан бэ?

 

-Нөхөн сонгуулийг 22.00 цагт дуусгаж, хаалгаа барьсан. Нөхөн сонгуульд нийт сонгогчдын 50 хувь нь саналаа өгөөгүй гэсэн тооцоо гарсан. Саналын хуудсыг тоолохдоо битүүмжлэхгүй орхисон. Зарим саналын хуудсыг тоолоогүй гэх мэтчилэн зөрчил олон байна. Манай намын бүлгээс саналын хайрцганд байгаа саналыг тоолох хүсэлт гаргасан ч АН-ын хэсгийн хорооныхон зөвшөөрөөгүй. Манай намын дөрвөн ажиглагчийг хөөсөн явдал гарсан. Аймаг, сумын сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч тоймтой хариу өгөхгүй байна. Аймгийн сонгуулийн хорооноос нөхөн сонгуулийн хуудсыг устгах албан бичиг ирсэн. Ингэхдээ манай намын хороонд устгахаасаа 15 минутын өмнө мэдэгдсэн. Сонгуулийн үйл ажиллагааг хууль бус болсон хэмээн үзсэн учраас саналын хуудсыг түр зууртаа устгахгүй байхыг хүссэн ч хүлээж аваагүй. Уг нь саналын хуудсыг эрх бүхий байгууллага устгах ёстой. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо дур мэдэн устгалаа. Үүнийг нь бид эсэргүүцэж байгаа юм.

Ц.АНИР


URL:

Сэтгэгдэл бичих