Фэйсбүүкийн хор уршиг ар араасаа хөвөрсөөр байна
Like авахгүй л бол үхлээ юу? энэ охидууд. Охидууд гэлтгүй хүүхэд залуус хүртэл од болох гэж мэрийж байгаад хохирогч болох тохиолдол өч төчнөөн. Оддын өвчнөөр өвчилж хэдэн халтар like-ны төлөө юу ч хийхээс буцахгүй амьтад гэж бас байх юм. Нэг хөөрхөн банди “500 like дарвал би левчиг өмссөн зургаа тавилаа” ч гэх шиг. Цахим ертөнцөд “мэдээлэл солилцох” гэсэн ганцхан чухал өгөгдөл байдаг байхад орчин үеийн залуус “Like” авах гэсэн ганцхан санаа өвөртлөн сууна.Охид залуус өөрийн нүүр царай, бие галбираас эхлээд амьдралд нь өрнөж, тохиолдож буй хором бүрийг олон нийтэд тайлагнан дэлгэсэн байдалтай зурган тайлбартайгаар байршуулдаг болж.
За энэ ч яахав маньд нь хамаагүй байдаг юм байж. Ардчилсан гэх тодотголтой өнөөгийн нийгэмд ингэх нь мэдээж хувь хүний өөрийн эрх. Гэхдээ энэ нь ямар эрсдэл дагуулж, юунд хүргэж болзошгүйг дор бүрнээ төдийлөн ухамсарлаж дүгнэж цэгнэхгүй байгаа нь харамсалтай. 14 настай Монгол охин Фэйсбүүкээр танилцсан найзууддаа зэрлэгээр хүчирхийлүүлсэн хэрэг гарчээ. Охин Facebook дэх хуудсандаа биеийнхээ галбир гоо сайхныг харуулсан зураг нийтэлж, хувийн мэдээллээ оруулан улмаар бусадтай танилцсан нь ийм эмгэнэлт байдалд хүргэсэн байна.
Тухайн үед охины ангийнхан нь тоглоом шоглоом хийсэн байдлаар, “Бүгдэд нээлттэй охин” хэмээн цоллоод утасны дугаарыг нь тавьсан явдал тэр дороо гэмт хэрэгтнүүдэд олз болсон байна. Охины утсаар холбоо тогтоож, танилцсан найз нь болзсон газраа таван залуугийн хамт ирсэн бөгөөд гэнэт дайрч хүчирхийлсэн балмад явдал гарчээ. Энэ мэт жишээ Монголд өч төчнөөнөөрөө тоологдох вий. 14-хөн настай охин юуны тул; бусадтай танилцаж уулзах болов, өөрийн дүү шиг санах бяцхан охиныг тэдгээр олон залуус юунд хайрласангүй вэ гэдэг харуусал өөрийн эрхгүй төрнө. Хэнд ч харуулж уншуулдаггүй өдрийн тэмдэглэл гэгч өврийн нууц дэвтэр дээр бичигдэх ёстой тэр л нандин зүйлүүд Facebook-ээр нэг урсах болсон.
URL: