Ж.МӨНХБАТ: БАЯРЛААД СҮЙД БОЛСОН ЮМ АЛГА

880b6f24886673bf99fd07a870d78887big-МАН-аас гаргасан улстөрийн акц амжилттай  боллоо. Одоо ямар зорилго байна вэ,  МАН-д?

-Баярлаад сүйд болсон юм алга. Баярлаад ч байх зүйл биш. Дэлхийн аль ч ардчилсан улсад  байдаг сөрөг хүчнийхээ үүргийг МАН биелүүллээ. Ерөнхий сайдыг огцруулах маш олон үндэслэлийг бид гаргаж тавьсан. Ард түмний амьдрал  доройтож, эдийн засгийн нөхцөл байдал  хүндэрч,  гадны томоохон  хөрөнгө оруулалтууд бүгд  зогсч, юмны үнэ тэнгэрт хадлаа.  Энэ бол хоёр жилийн өмнө сонголтоо хийсэн ард түмний хүлээлт биш. Тийм учраас МАН улстөрийн, эдийн засгийн , ёс суртахууны хариуцлага  шаардсан. Ардчилсан гэдэг тодотголтой энэ улсад Ерөнхий сайдын ойр дотны  хүмүүсийг тойрсон хууль бус үйлдлүүд гарч байна. Хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж, баримт нотолгоотой гаргаж тавьсан зүйл болохоос МАН гаргаж ирээгүй. УИХ-аас  байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийгээд дүнгээ танилцууллаа. Энэ бүхэнд санаанаасаа зохиосон зүйл нэг ч байхгүй. Эдийн засгийн энэ хүнд үед  хариуцлагатай байх ёстой  гэдэг зүйлийг л МАН тавьсан шүү дээ.  Сүүлийн хоёр жилд эдийн засгийн өсөлт 17 хувиас 6 хувь болтлоо буурлаа.  Хэрэв “Чингис”, “Самурай”  бондоос босгосон мөнгөө зөв зохистой  зарцуулсан бол эдийн засгийн өсөлтөө 17 хувьдаа барих боломж байсан. Ардчилал, шударга ёс  нэрийн дор ах дүү, хамаатан саднаараа бүлэглэж төрийн мөнгийг иддэг үргэлгэн байдал, ёс суртахуунгүй үйлдлийг зогсоох ёстой биз дээ. “Эзэн-100” хөтөлбөр, Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг МАН-аас санаачилж хэрэгжүүлэхийг шаардаагүй. Ерөнхий сайд  өөрөө санаачилж оруулж ирснийг бид баталсан. Зарчмыг   нь харахаар Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж чадаагүй, хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож чадаагүй, засаглалын тэнцвэрээ хадгалах зарчмаа барьж чадаагүй. Хамтарч засаг бүрдүүлж байгаа нам, нам  дотрх фракцийнхаа барьцаанд орчихсон Ерөнхий сайд хөгжлийн түүчээ болж явж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн учраа огцруулах асуудлыг тавьсан.

-Өмнө нь  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг МАН хэд хэдэн удаа  тавьж байсан ч үр дүнд хүрээгүй. Тухайн үедээ сайдууддаа хариуцлага тооцоод явах нь зөв байсан уу?

-“Салбарын сайдууддаа хариуцлага тооц” гэдэг шаардлагыг өнгөрсөн  жилээс эхлэн тавьсан,  өргөн барьсан. Засгийн газрын шинэ бүтэц  бүрэлдэхүүнийг батлахаас өмнө сайдууддаа хариуцлага тооцоод шинэ бүрэлдэхүүнээ оруулж ирээрэй гэдэг шаардлагыг манай  намын бүлгээс Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ бүхнийг үл тоосон. Одоо яахав дээ. Хуулинд, ёс суртахуунд,  нэг парламентад зүтгэж яваа бусад улс төрийн хүчний тавьж байгаа шаардлагад  захирагдаггүй хүн хариуцлагаа л хүлээлээ. Энэ бол сөрөг хүчний хувьд улстөрийн эрүүл үзэгдэл гэж үзэж байна.

-МАН-ын энэ акц амжилттай болоход АН-ын гишүүдийн санал, кноп  бас нөлөөллөө?

-Ерөнхий сайдаа огцруулах санал өгсөн, бас чуулганы хуралдаанд  ирээгүй АН-ын 10   гаруй гишүүний хувьд ч гэсэн улс төрийн эрүүл үзэгдэл гэж бодож байна.  Төрийн дээр нам  байх зарчмыг  өөрчилсөн, улс орныхоо хувь заяаг бодсон, сонгогчдынхоо хүсэл зоригийн өмнөөс кноп дарсан  болов уу.

-АН-ын ҮЗХ маргааш хуралдахаар товоо зарлалаа. Одоо ямар  Засгийн газар бүрэлдэх вэ гэдэг анхаарал татаж байна. МАН засагт орох уу, орохгүй  юу. Та тодорхой хариулаач?

-2012 оны сонгуулиар олонх болоогүй,  олон болсон нь АН. Хэнийгээ  Ерөнхий сайдаар тавих, ямар Засгийн газар байгуулахаа  олонх болсон  нам нь шийднэ биз. Шийдэх гэж хурлаа хийж байна  гэж ойлгож байгаа. МАН ямар нэгэн санал санаачлага түрүүлж гаргахгүй. Манайд өнөөдөртөө хамтарч засаг байгуулъя гэдэг санал ирээгүй байна. Ийм санал  ирсэн  тохиолдолд   бага  хурлаа  хуралдуулж шийднэ.  Нам бол хамтын удирдлагын байгууллага. МАН хамтын удирдлагын зарчмыг хатуу баримталдаг сахилга баттай улстөрийн хүчин. Тиймээс  намын дүрэмд заасны дагуу намын Удирдах  зөвлөл, бага хурлаараа энэ асуудлыг шийддэг. Би Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ийм санал ирвэл намын хороодынхоо саналыг сонсч, улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдалд сайтар дүгнэлт  хийж байж  шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Гэхдээ  засагт хамтрах зөвшилцөл, тохиролцоонд  хэдийн хүрчихсэн  юм бишүү?

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа Удирдах зөвлөлийг толгойлдог. Өнөөдрийн байдлаар манай удирдах зөвлөлд  ямар ч санал ирээгүй, шийдвэр гаргаагүй  гэдгийг дахин хэлье.  Ямар санал гаргах нь олуулаа байгаа хүмүүсийн л шийдэх асуудал.

-Олонх болж чадаагүй бол олон суудал авсан хоёр нам нь хоорондоо хамтрах хуулийн төсөл явж байгаа гэж дуулдсан. Хэрэв тийм бол 2016 онд АН, МАН хамтрах магадлал өндөр биз дээ?

-Нэгдүгээрт би ийм хуулийн төсөл олж хараагүй. Хоёрдугаарт манай намын 26 гишүүнээс нэг ч хүн ийм төсөл санаачлаагүй. Ер нь гараанаас Ардын намгүй  гарсан  барианд ч  Ардын намгүй орох ёстой  гэсэн зарчим  давамгайлж байгаа.

-Тэгвэл МАН засагт орохгүй юм бол шинээр томилогдох Ерөнхий  сайд, шинэ Засгийн газрыг сүүлийн хоёр жилийн ажилд саад тавихгүй гэх баталгаа байна уу. Дахиад л шүүмжлээд, огцор тар гэх үү?

-Энэ бол биднээс биш эрх баригчдаас шалтгаална. Эдийн засгаа, улс орноо өөд нь татаад аваад явбал бид дэмжинэ. Улсаа биш намаа, амиа бодоод арчаагүй царайлаад явбал хариуцлага ярина шүү дээ. Эрх баригчид хариуцлага үүрч байна гэдгээ мартаж болохгүй.


URL:

Сэтгэгдэл бичих