Сураггүй болсон оюутнуудыг “Геррерос унидос” бүлэглэлийнхэн хөнөөжээ

d65a23e9ccdcddefe584644e2f3e04b1_L

МЕХИКО. /ITAR-TASS/. Мексикийн Герреро мужийн Игуала хотод есдүгээр сарын сүүлээр хулгайлагдсан 43 оюутныг “Геррерос унидос” гэмт бүлэглэлийнхэн хөнөөжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий прокурор Хесус Мурильо Карам мөрдөн шалгалтын дүнг танилцуулахдаа мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, саяхан баривчлагдсан тус бүлэглэлийн гурван гишүүн оюутнуудыг хөнөөсөн хэрэгт холбоотой болохоо хүлээжээ. Гэмт хэрэгтнүүд оюутнуудыг буудан хөнөөснийхөө дараа шатааж, цогцсыг нь булсан байна.

Буруутнууд хариуцлагаас зугтаж чадахгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Ерөнхий прокурорыг мэдэгдэл хийсний дараа амиа алдсан оюутнуудын эцэг, эхчүүдэд хандан мэдэгджээ.

Есдүгээр сарын 26-нд Игуала хотод боловсролын салбарт шинэчлэл явуулахыг эсэргүүцэн жагссан оюутнууд руу цагдаа нар болон зэвсэглэсэн хүмүүс халдсан юм. Халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, 25 хүн шархадаж, 43 оюутан сураггүй алга болжээ.

Оюутнуудыг цагдаагийн ажилтнууд саатуулсныг мөрдөн шалгалтын явцад тогтоосон байна. Гэхдээ тэднийг цагдаагийн хэсэгт хүргэлгүй гэмт хэрэгтнүүдэд өгсөн байна.

Игуала хотод гарсан хэргийн дараа сураггүй болсон оюутнуудыг нэн даруй “эсэн мэнд буцаахыг” эрх баригчдаас шаардсан жагсаал цуглаан Мексикийн янз бүрийн хотуудад болсон билээ.

Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих