МАН -ын эсрэг “Шинэбаяр хөдөлгөөн”
Ордноор явж буй явган яриа бол МАН-ын бүлгээс лавтай 10 гишүүн гарахад бэлэн байгаа гэх “шуум” юм. Тэд үнэхээр
намын бүлгээсээ гарахад өнөө МАН-ын 45 гишүүн чинь 35 болно. Хуулиараа нам нэрээ солиход бүлэг нь хүчингүй болно. Бүлгээс ажлын хэсэг байгуулагддагаас эхлээд ардаа авч ажиллуулдаг баахан ажилтнууд ажилгүй болох, адаг сүүлд нь Засгийн газар нь байх эсэх гээд гарахад бэлэн 10-ын шийдвэрээс гарах үр дүн МАН-ын хувьд аймшигтай юм. Гарлаа гэхэд мань арав Ардчилсан намтай ямар тохироо хийж барих юм. Ер нь хэцүү юм их болно доо.
Өнөөдөр МАН-ын нөхцөл байдал ийм байна. Харин тэрхүү намын бүлгээс гарахад бэлэн арваад хүнээс МАН гэгчийн гишүүн болохгүй гэдгээ мэдэгдсэн нь Ц.Шинэбаяр. Гарахад бэлэн гишүүдийн ил тодорхой болсон ганц төлөөлөл гэх үү дээ. Түүнийг бас өөр нэг юмны төлөөлөл болгож болно. Тэр нь юу гэвэл сонгуулийн өмнө нам нэрээ солиход дэмжигчдийнхээ 15-20 хувийг алддаг гэсэн судалгаа бий. Ийм том эрсдэл хүлээдэг учраас Америкт Бушийн Бүгд Найрамдах нам, Обамагийн Ардчилсан нам хоёр 200 жил нэрээ солихгүй явж байна. Сонгогчдын ийм их массыг алддаг тухай судалгааг сайтуудаас олоод үзчихнэ биз. Тэгэхээр Ц.Шинэбаяр гишүүн энэ 15-20 хувийг алдчих вий гэж зовнигсдын төлөөлөл гэж бас ойлгоном. Гурав дахь нь гэвэл Н.Энхбаярын төлөөлөл гэж шууд ойлгож болно. Нөхөр бол “Би тэгж хүнээр толгойгоо мэдүүлдэг хүн биш” гэж яриад байгаа юм. Үнэний төлөө явж байгаа бол дунд нь худал үг, хуурмаг дүр оруулах хэрэггүй ээ, Ц.Шинэбаяр гишүүн ээ. Намын их хурлын өмнөхөн Намбар гуайн хүүгийн зохион байгуулсан цуглаан дээр Их хурлын гишүүдээс ганцаараа очоод суучихсан харагдсан. Яг хажууд нь. Тэгэхээр эрхэм гишүүн энэ мэт зүйлсийн төлөөлөл биш л юм бол эргүү нөхөр юм байна гэж ойлгохоос өөр аргагүй. Тэр намын шинэчлэл энэ тэрийг нь ерөөсөө мэддэггүй.
Яг өнөөдөртөө Ц.Шинэбаяр отонд бариулсан нохой шиг намын удирдлага хийгээд тэднийг даган баясагчдад боорлуулж байгаа. Түүний энэ эсэргүүцэгч үйлдэл том юмны дохио, их юмны эхлэл байж болно. Бүх зүйлийг ачаалаад хөдөлчихсөн хойно хөдөөний нөхрийг хөөрөгдсөн том гар байхыг хэн ч үгүйсгэх аргагүй юм. Нөхөр дуугарна гээд тэдэндээ амлачихсан. Ингээд амандаа унаад Ардын намын журамт цэрэг болж чаддаггүй “За дүүрсээн дүүрсэн” гээд зүтгэж яваа ч юм бил үү. Гэхдээ 50 нас нэгэнт гарсан, цуглуулсан жаахан мөнгөө намын төлөө гамгүй зарсан хүн гоомойдмооргүй санагдах юм. Дээр нь асар өргөн бүрэлдэхүүнээр хөдөлж хийсэн нэр солих энэхүү том үйлдлийн эсрэг гав ганцаараа том дуугараад жулдана гэдгээ мэдэж байсан баймаар юм. Гэвч тэр дуугарах нь дуугарч чадлаа. Дараа дараагийн хийх алхмууд нь одоо түүнд маш чухал. Яг өнөөдрийн дүрээр бол тэрбээр МАН-ын эсрэг хөдөлж буй “Шинэбаяр хөдөлгөөн” гэж хэлж болно. Монголд бий болсон хөдөлгөөн бүхэн ардаа том санхүүжүүлэгчтэй, том зөвлөхтэй, тодорхой зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдгийг ард түмэн гадарлах болсон. Ардын намын журамт цэрэг байхыг хүсэхгүй байгаа мянга мянган гишүүд дэмжигчид нь байгаа юм билээ. Тэднийхээ дэмжлэгийг авна, тэгээд зулагтайхан МАН-тай үзэж тарна гэдгээ Ц.Шинэбаяр гишүүн мэдээллийн хэрэгслээр хэлээд л байна. МАН гэсэн нэр таалагдахгүй байгаа мянга мянган гишүүд дэмжигчид нийгэмд байгаа нь үнэн юм. Намаа ирэх сонгуульд ялагдуулахгүй гэсэн сэтгэл түүнд үнэхээр байгаа бол МАН гэсэн нэр огт таалагдахгүй байгаа нийгмийн энэ их массыг хөдөлгөхөд болохгүй юм байхгүй.
Нэг зүйлийг хэлэхэд хүний түүх, намын түүх хоёр адилхан шүү дээ. Том, жижгийн ялгаа л бий. Хүн хэзээ ч аавынхаа нэрийг сольдоггүй. Хэдий муу аав ч байсан бай солихгүй. Харин сая хуралдсан МАХН-ын гишүүд дарга нарынхаа дарамтан дор аавынхаа нэрийг солилоо. Сайн эцгийн нэрээр явдаг үр хүүхдүүд бий. МАН-ын хувьд яг тийм. Хэдийгээр энэ нам хүн алж байсан ч өнгөрсөн 20 зуунд Монголын нийгмийн түүхийн сайн сайхан үйлсүүд, том том бүтээн байгуулалт бүхний 90 хувь нь МАХН гэсэн автортой юм. Энэ ачийнх нь төлөө ард түмэн МАХН-ыг ардчилсан нийгмийн 20 жилийн түүхийн 16-д нь төрийн өндөрлөгөөс буулгаагүй юм. Одоо бол энэ бүхэн устлаа. Өнгөрсөн зуунд байгуулсан гавьяа нь зохиогчгүй боллоо. Гэвч үүнийгээ алдаж болохгүйгээ Ц.Шинэбаяр нарын гишүүд мэдэж буй болохоор намаа МАХН гэсэн хуучин нэрээр нь авч явна гэдгээ мэдэгдэв бололтой. Ингэхийг хүссэн мянга мянган хүн буй учраас Ц.Шинэбаяр гэж гишүүний ганцаараа тэмцэж буй мэт харагдах энэ тэмцэл хар аяндаа “Шинэбаяр хөдөлгөөн” болон өргөжиж МАХН эргээд оршин тогтнох бололтой. Үүнийг эрхэм гишүүн өчигдрийн хэвлэлүүдээр хэлсэн байна. Тухайлбал “Улс төрийн тойм” сонинд “Бид тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэжээ. Бид гэж хэлсэн байна. Олуулаа шүү гэсэн санаа. Дээр нь энэ бол эсэргүүцэл биш тэмцэл шүү гэдгээ хэлжээ.
Мөн “Зууны мэдээ” сонинд “МАХН гэдэг товчилсон нэрийг ашиглаж болохгүй гэсэн хууль байхгүй. Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэрийг л ашиглахгүй гэсэн” гэжээ. Намынхаа нэрээр тоглолт хийх нь. Харин “Өнөөдөр” сонинд болохоор “Оюуны өмчийн тухай хуульд тухайн нэрийг таван жилийн дотор дахин хэрэглэхгүй гэсэн заалт бий. Тэгвэл 1990 онд байгуулагдаж байсан МАН нь 2006 онд МАХН-д нэгдсэн. МАН нэрийг 2006 онд хүчингүй болгосон. Нэрийг сэргээж болохгүй таван жилийнх нь хугацаа дуусаагүй байхад сэргээчихлээ” гэсэн байх юм. Ингэхдээ хүрвэл өнөөдрийн МАН нь хууль зөрчиж шинэ нэртэй болсон болж таарлаа. Хууль зөрчиж болохгүй биз дээ. Энэ мэтээр МАХН-аа үйл ажиллагаанд нь эрчимтэй оруулах олон боломжууд байгааг эрхэм гишүүн олж харсан байна. Одоо Ц.Шинэбаяр гишүүний хувьд энэ бүхний эцсийг үзэхийн тулд эрэмгий, итгэл үнэмшилтэйгээр тэмцэх нь тодорхой. Харин саарах аваас хэн ч биш болно гэдгээ мэдэж буй биз ээ. Өөрийгөө тээрэмдүүллээ гэсэн үг. Адуунчулууны уурхайдаа эргээд очно гэсэн үг. Ядаж намын найзууд нь Дорнодод Ардын намын журамт цэргүүд болцгоочихсон болохоор Бодоогийн хүн болсон түүнд хэлтсийн даргын алба ч өгөхгүй шүү дээ.
Нөхцөл байдал иймдээ хүрсэн болохоор Ц.Шинэбаяр гишүүн аавынхаа нэрээр оролдож алдаа хийсэн дарга нартаа сэтгэл дундуур яваа олон мянган гишүүдийнхээ урмыг сэргээж шинэ шинэ баярыг бэлэглэхийн тулд “Шинэбаяр хөдөлгөөн”-өө эрчимжүүлж МАХН-аа ажилд нь оруулж үр дүнг нь үзэх байх аа.
udriin sonin
URL: