Донецкт сургуулийн хүүхдүүд буудалтад өртжээ
Н.МӨНХЖИН
Украины Донецк хот дахь 63 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай буудалтад өртөж хоёр хүүхэд амиа алджээ. Гурван хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдээд байна. Сургуулийн хүүхдүүд амиа алдсаныг тус сургуулийн Хүмүүнлэгийн штабын зохицуулагч Римм Филл ВВС-д батлан ярьжээ. Хүүхдүүд өдрийн хоолны дараа хөлбөмбөг тоглож байхад талбай дээр сум унаж дэлбэрчээ. Уг сургууль нь салан тусгаарлагчид болон Украины армийнхан тулалдаан өрнүүлсээр байгаа Донецкийн нисэх буудлаас холгүй оршдог ажээ.
Украины Гадаад хэргийн яамны тэргүүн Павел Климкин Европын холбоонд хандаж ажиглагчдыг Донецк дахь сургуулийн хөлбөмбөгийн талбай руу илгээхийг уриалжээ. “Европын холбооны аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заньер болон тус байгууллагын Украин дахь тусгай мониторингийн албаны тэргүүн Эртугул Алакантай уулзалт хийж байхад Донецкаас аймшигтай мэдээ ирлээ. Европын холбооны аюулгүй байдлын ажиглагчдыг хэргийн газар илгээх хүсэлтээ гаргасан. Хэргийн халуун мөрөөр орж, буруутнуудыг олж шийтгэх хэрэгтэй” хэмээн Климкин “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Өчигдрийн байдлаар Донецкт маш хурцадмал байдал үүсчээ. Өдрийн турш хотод буудалт, дэлбэрэлтийн дуу тасарсангүй. Тухайлбал, Петровск, Киевск, Куйбышевск дүүрэгт байдал нэн түгшүүртэй байна” хэмээн Донецк хотын зөвлөлөөс мэдээлэв. 63 дугаар сургуулийг эрхлэн ажиллуулдаг байгууллагын эзэн, бизнесмэн Ринат Ахметов дайн байлдааны ажиллагааг зогсоохыг уриалж, сэтгэл хөдөлгөсөн мэдэгдэл хийжээ. “Энэ дайныг зогсоохын тулд хэдэн хүүхэд амиа алдаж, хэдэн хүн үхэж, шархдаж, хэчнээн их нулимс урсах ёстойг надад хэлээтэх!? Бүгд галаа зогсоохыг уриалж байна. Энгийн иргэдийг алж, хядахаа зогсоо. Хүүхдүүдийг алахаа зогсоо!” хэмээн украин бизнесмэн байлдагч талуудад хандан хэлжээ.
Донецк дахь буудалцааны үеэр сургуулийн хүүхдүүд амиа алдсан нь мөргөлдөөнд оролцогч талууд иргэний, энгийн иргэдийг хамгаалах үүрэг, хариуцлагаа зөрчиж буйн нотолгоо болж байна хэмээн Amnesty International байгууллагын Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн удирдагч Денис Кривошеев онцолсон байна. Хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллага энэхүү эмгэнэлт явдлыг даруй мөрдөн шалгахыг уриалав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: