Намаас хөөгдөх дээрээ тулсан гишүүдийн байр суурь юу байв

903a86a05be3cd233b885b5136c6e87foriginal

Ерөнхий сайдыг огцруулах саналыг АН-ын нэр бүхий гишүүд дэмжсэн, мөн тус намын долоон гишүүн учир шалтгаангүй чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүйгээс Засгийн газар огцроход хүрсэн. АН-ын дүрмээр намын гишүүн Засгийн газрынхаа эсрэг санал дарж, тэр нь засгаа огцруулахад хүргэсэн бол намаас хөөнө гэж заасан. Тэгвэл тус намын Хяналтын ерөнхий хороо хоёр өдрийн өмнө хуралдаж, МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг дэмжиж, санал өгсөн найман гишүүнийг намаасаа хасах тогтоол гаргаад байгаа. Тэдний дотор эсрэг санал өгсөн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д,Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг  нарын найман гишүүн багтаж байгаа юм. Харин  намаас хөөгдөх дээрээ тулсан гишүүдийн өөрсдийнх нь байр суурийг хүргэж байна.

Р.Бурмаа:  Хяналтын хороо хулгайгаар хуралдаж, дүрмийн бус тогтоол гаргасан

-Ерөнхий сайдыг огцруулсны дараа намын хяналтын хорооноос зарим гишүүдийг хөөх шийдвэр гаргасан байна. Өнөөдөр хуралдах ҮЗХ энэ асуудлыг  эцэслэх ч гэлээ та ямар байр суурьтай байна вэ?

-Би сая сайтаас энэ талаар уншлаа. Намын дүрмээр намын гишүүнийг өөрийг нь байлцуулж байж  хяналтын хороо дүрэм зөрчсөн эсэх асуудлыг авч үзэх ёстой. Дүрмээрээ явбал  дунд шатны хяналтын хороо  дүрэм зөрчсөн эсэхээр дүгнэлт гаргаад, тэр дүгнэлтийг нь Хяналтын Ерөнхий зөвлөл гишүүнийг өөрийг нь байлцуулж шийднэ. Гэтэл дунд шатны хяналтын хороо шийдвэрээ гаргаагүй байхад хулгайгаар нэг хүний захиалгаар шөнө дөлөөр хуралдаад тэр тогтоол гэгчийг гаргасан байна. Энэ утгаараа  дүрмийн бус шийдвэр. Нөгөө талаар УИХ-ын гишүүн бол хэнээс ч хараат бус, бие даасан, ард түмний төлөөлөл шүү дээ. Ард түмэн, улсын эрх ашгийг дээдлэнэ гэж тангараг өргөдөг.  Улс орны эрх ашгийг бодож саналаа өгснийх нь төлөө УИХ-ын гишүүнийг дарамт үзүүлэх гэсэн оролдлого нь  буруу. Намын нэрээр хэдэн хүн юу дуртайгаа хийдэг байж болохгүй.  Энэ дээр бидний гишүүд байр сууриа баттай хамгаална.

-Та бол АН-аас  жагсаалтаар УИХ-д сонгогдсон. Тойрог, жагсаалт хоёрт ямар нэг зааг ялгаа бий юу?  

-Тойргоос сонгогдсон байна уу, намын  жагсаалтаар УИХ-д сонгогдсон байна уу, ямар ч хамаагүй. Тангараг өргөхөөс өмнө,  соннгуулийн  дүн гарахаас өмнө улстөрийн нам нэр дэвшигчээ татах эрхтэй. УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш намын биш, бүх ард түмний төлөөлөгч болдог. Энэ нөхцөлд гишүүнээс татаж чадахгүй.

-Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүний нэр яригдаж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Намын удирдлага хэдэн хүн ямарваа нэгэн асуудлыг хоорондоо ярьчихаад бидэнд танилцуулдаг болоод удаж байна. Одоогоор хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх гэж байгаа талаар  мэдсэн юм алга.  Бидэнтэй лав ярилцаагүй. Эхлээд төрийн ажлаа, төсөв батлах ажлаа анхаарах ёстой байтал Сангийн сайдаа халчихаад сууж байна.

М.Зоригт: Гишүүдээ хөөх үү, Н.Алтанхуягийг хөөх үү гэдгээ шийднэ

-Таны нэр намаас хөөгдөх гишүүдийн жагсаалтад орсон байна.  

-Бид олон жил АН-д угжирсан зүйлийг өөрчлөх гээд яваад байгаа юм. Жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой, жил болгон дүрмээ шинэчлэх, гишүүдийг хоёр жилд шинэчлэх ажил ҮЗХ-д хийгдээгүй. Н.Алтанхуягаас өөрөөр боддог бүх хүмүүст хаалгаа хааж, агааргүй болгосон. Өнөөдөр ҮЗХ-ийн гишүүд Н.Алтанхуягийн авдартаа дарсан хүмүүсээр дүүрсэн нь  үнэн. ҮЗХ-ны хурлаар намынхаа шинэчлэл өөрчлөлтийн төлөө  тэмцэж байгаа хүмүүсээ хөөх үү, идээ бээр болсон  Н.Алтанхуягийг хөөх үү гэдгээ шийднэ.

-Хөөгдөх дээрээ тулвал тойргоос сонгогдсон гишүүний хувьд  та хэлэх үгтэй байх?

-Тойрогт бол бид нарыг яаж ч хүчлээд гишүүнээс буулгаж чадахгүй. Жагсаалтаар гарсан хүмүүсийг болно гэж бодоод байх шиг байна. Үгүй юмаа. Хэдийгээр жагсаалтаар гарсан ч Н.Алтанхуягийн төлөө тангараг өргөөгүй.

-ҮЗХ-ны гишүүдийн олонхийг Алтангадас фракцийнхан эзэлж байгаа гэдэг. Даргаа хамгаалаад үлдэх байх?

-Н.Алтанхуяг сүүлийн дөрвөн  жилд Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-г өөрийн болгох бүх зүйлээ хийсэн. Өндөр албан тушаал өгсөн үү, бизнесийг нь дэмжсэн үү, тендер өгсөн үү. Ямар ч байсан ҮЗХ-ны гишүүдийн олонхыг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлсэн нь үнэн.

Ж.Батзандан: Намын дүрэмд гишүүнийг хөөх заалт байх ёсгүй

-АН-ын Хяналтын хорооноос найман гишүүнийг хөөх  тогтоол гаргаад байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг байгууллага нь УИХ, гишүүд. Үндсэн хуулиар энэ эрх нь олгогдсон. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө ял зэмд унадаг, яллуулдаг, шийтгүүлдэг тогтолцоо  ардчилсан нийгэмд  байдаггүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө намаас хөөх тухай яриа  гарч, намын зарим удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаа нь өөрөө ардчилсан нийгэмд байх ёсгүй  үйлдэл. Хэрэв Монгол Улс коммунизм руугаа явах гэж байгаа бол, АН коммунист нам болох гэж байгаа бол хөөж болно. Гэхдээ би АН-ын мянга мянган эрүүл ухаантай гишүүд, ард иргэдэд итгэж байгаа. Монголын ардчилал хэдэн даргын гаргасан шийдвэрээр нурчихгүй байх.

-Дарга гэхээсээ илүү намын дүрмээ зөрчсөн гэдэг үндэслэл байгаа юм бишүү?

-Намын дүрэмд тийм заалт байх ёсгүй.  Намын дүрэмд Үндсэн хууль зөрчсөн заалт байвал Улсын Дээд шүүх хянаад авч хаяж байх ёстой.

-Хэрэв  ҮЗХ-оор  тогтоол дэмжигдвэл та намаасаа хөөгдөхөд бэлэн үү?

-Ардчилсан нийгэмд намын гишүүнийг хөөх тухай ойлголт байх ёсгүй. Олон намын тогтолцоотой улсад ийм шийдвэр байх боломжгүй. Нам дотор коммунист угшилтай хүмүүсийн коммунист сэтгэлгээ байгаа. Үүний эсрэг тэмцэж байна. Амжилтанд хүрнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Битгий санаа зөв.

-Гэхдээ та АН-ын нэрээр УИХ-д нэр дэвшиж гишүүн болсон хүн шүү дээ. Таныг увайгүй үйлдэл гаргалаа гэж орон нутгийнхан хүртэл эсэргүүцэж байна?

-Нэг зүйл хэлье. АН-д хэдэн онд элсч, хэдэн онд гарсан нь хэдэн настай нь , нийгмийн гарал үүслээр нь ялгаварлахыг хориглодог. Ялангуяа залуу гишүүд нь АН-ыг шинэчлэхийн төлөө, ардчилалыг аврахын төлөө  явж байна. Хэдэн даргын шийдвэрээр явахгүй.

-Намаа аврах гэж байна гэж хэлж байгаа ч нөгөө талаар өөр хандлага байгаа юм биш үү?

-Урт хугацаандаа харагдана. Зарим хүмүүс өөрөөр ойлгож байгаа байх. Гэхдээ цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.

Д.Батцогт: Улс орны эрх ашгийг бодож кноп дарсан

Та яагаад намын даргынхаа эсрэг кноп дарсан юм бэ?

-УИХ-ын гишүүн гэдэг бол өөрийн итгэл үнэмшлээр кноп дардаг. Энэ Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзсэн учраас л өөрийнхөө саналыг өгсөн байж таараа. Түүнээс биш хэн нэгний төлөө, хэн нэгний эсрэг байдлаар асуудалд хандаж болохгүй л дээ. Тиймээс нэгдүгээрт, улс эх орныхоо эрх ашгийг бодох ёстой. Улс эх орныхоо эрх ашиг, эдийн засгийг сайжруулахад энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.

-Өчигдөр гүйцэтгэх зөвлөл хуралдахад та байсан уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй.

-Танай нам дотор шинэ Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа эрхмүүдийн талаар мэдээлэл байгаа юу?

-Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана. Тэрүүгээрээ шийдэх байх.

-Шонхор фракцийнхан урд шөнөжин хуралдсан гэх мэдээлэл байна. ҮЗХ-д ямар байр суурьтай оролцох бол.

-Мэдэхгүй  ээ. Тийм хурал болсныг мэдэхгүй байна.

-Таныг дөнгөж АН-д орчихоод иймэрхүү эсэргүү байдлаар хандаж байна  гэсэн шүүмжлэл байна. Та энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Ардчилсан намд хэзээ орох нь чухал биш. Би анхнаасаа энэ асуудал яригдаж эхлэхэд хэлж л байсан. Би намын эрх ашгийг дээдлэхгүй ээ. Улс эх орны эрх ашгийг л дээдэлж кноп дарна гэсэн  байр суурьтай байсан. Тэр байр сууриараа л асуудалд хандсан.

Харин Р.Амаржаргал, М.Батчимэг нар тайлбар өгөхөөс татгалзлаа.

news.mn


URL:

Tags:

Нэр: АН-н гишүүн Огноо: 8 November 2014

Энэ Бурмаа юу гээд хуцаад байгаа авгай вэ. намын жагсаалтаар УИХ-д сууж байж, намынхаа үзэл бодол байр суурь болон тэгэж их итгэл хүлээлгэн АН-г засгийн эрх атгуулсан АРД түмний байр суурийг хүртэл үл ойшоодог хэн бэ чи муу.балиар новш минь батлахаа өгөөд чимээгүй зайл. чиний оронд жагсаалтаар орох чадвартай залуу боловсон хүчин зөндөө байна

Нэр: АН-н гишүүн Огноо: 8 November 2014

нэг үзэл бодолтой, нэгдмэл санаатай байсан бол АН-н нэр хүнд ингэтлээ унахгүй байсын малнуудаа бүгд батлахаа өгөөд зайл, та нарыг АН байсан болохоор сонгосон за эргүү хувиа хичээсэн хөгийн новшнууд

Сэтгэгдэл бичих