Нийслэлийн “үнэртэй” салхи
Би Улаанбаатар хотын баруун захын дүүрэг буюу Сонгинохайрханд амьдардаг. Хавар, намар, зуны урин цагт Сонгинохайрханчууд, Хан-Уулынхан “таван тансаг” үнэр үнэртсээр хэчнээн жил улирсныг нарийвчлан хэлж мэдэхгүй нь. Ямартай ч 30 насны босгыг шүргэж байгаа миний бие аль дунд сургуулийн сурагч байхаасаа “таван тансаг”-ийн үнэрт дасал болсон гэхээр багагүй хугацаа өнгөрснийг илтгэнэ. Уншигч та “таван тансаг”-ийн үнэр гэж чухам юуг хэлээд байгаа юм бол хэмээн гайхаж мэднэ. Улаанбаатарын бохирдлыг дааж, ядан цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжийн лагаас ялгарах өмхий үнэрийг тус дүүргийн оршин суугчид яагаад ч юм “таван тансаг”-ийн үнэр хэмээн нэрийдэж орхиж. Мэдээж ёжилсон утгаар гэдгийг энд дурьдах хэрэгтэй.
Урин дулааны улиралд хэрхэн үнэртдэгийг нь тэр хавийнхан надаар хэлүүлэлтгүй мэднэ. За тэгээд салхи хаашаа салхилна тэр зүгт бүр ч илүү үнэртэх нь толгой эргэм. Тэр ч бүү хэл “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр буунгуут яг ийм үнэр ханхийдэг тухай хүмүүс ч ярьдаг. Уг нь Монголын фрэш агаарыг үнэрлэхээр эх оронд маань хөл тавьж буй иргэдэд урин дулааны улиралд Төв цэвэрлэх байгууламжийнх, харин өвөлд нь утааны үнэр үнэртдэг. Аль, аль нь хамар сэтлэм үмхий гэдгийг Улаанбаатарынхан юу эс андах вэ. Утааг гэр хорооллынхон үйлдвэрлэж байгаа хэмээн орон сууцныхан ад үздэг юм билээ. Харин Төв цэвэрлэх байгууламжийн лагийг нийслэлчүүд бид хамтын хүчээр “үйлдвэрлэж” буй. Тиймээс гэр хороолол, орон сууц гэж талцах асуудал энэ тохиолдолд байхгүй. Тэртээх хуучин тогтолцооны үед ердөө хагас сая хүн амтай нийслэлийг төлөвлөсөн байдаг. Төв цэвэрлэх байгууламж, эрчим хүч, дулаан, ундны ус зэрэг хүний амьдралын суурь хэрэгцээнүүд дээрх төлөвлөлтөд багтжээ.
Харин 21 дүгээр зууны Улаанбаатарчууд 1.3 саяулаа их хотдоо багтаж, ядан амьдарч байна. Хатан Туулаа бараадаж сүндэрлэсэн Улаанбаатарчууд эх болсон гол, усаа бохирдуулж, унданд лав хэрэглэх аргагүй болгочихсон юм билээ. Тиймээс ч Туул голын усыг ямар ч тохиолдолд хэрэглэж болохгүйг анхааруулсан байна. Монголчуудын урсгал ус цэвэрхэн байдаг гэх ойлголт Туул голд нэгэнт хамаарахгүй болсныг дээрх дүгнэлт гэрчилнэ. Үүнээс гадна хүн амын нягтаршил аас болж утаа болон эрчим хүч, дулааны асуудал хөндөгдөж буй. Агаарын бохирдол бол угаас яриад ч хэрэггүй. Харин энэ намар харьцангуй налгар, сайхан болж байгаа тулдаа өдийд утаа гайгүй байгаа хэрэг. Түүнээс биш арваннэгдүгээр сард Улаанбаатарчууд утаан дундаа төөрч, будилаад эхэлчихсэн байх үе. Утааг бууруулах шат дараалсан арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа юм хойно, энэ асуудлыг түр хойш тавъя. Хотын дахин төлөвлөлтийн ачаар гэр хороолол багасч, тэр хэрээр ил, задгай жорлонгийн тоо цөөрнө. Тэр хэрээрээ хөрсний бохирдлын асуудал цэгцрэх биз. Хөрс болон агаарын бохирдолд хүмүүс ихээр анхаарал хандуулж байгаа юм чинь олныг нурших нь илүүц. Гэвч та бидний сэтгэл байвч сачий нь хүрэхгүй ганцхан асуудал үлдээд байгаа ньТөв цэвэрлэх байгууламж.
Хөрс болон агаарын бохирдол, Туул голын усны асуудлыг ч иргэдийн оролцоотой шийдвэрлэж болно. Харин Төв цэвэрлэх байгууламжийн асуудаыг шийдвэрлэхэд бидний сачий үнэндээ хүрэхгүй. Төрийн шийдвэрлэх учиртай энэ асуудал хэдий болтол цаасан дээр байх юм бол. Цаасан дээрх төлөвлөгөөг ширээндээ хав дарсаар л байх уу. Одоогоор Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлээс ирж буй ахуйн болон урьдчилсан цэвэрлэгээ хийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 1964 онд хоногт 45 мянган м/куб бохир усыг механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977,1979,1986 онд л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ. Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160 мянган м/куб бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Нэгэнтээ Ш.Гүрбазар “Монголын үнэртэй салхи” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл энэ бүх асуудлаа шийдвэрлэхгүй бол мөдУлаанбаатарын “үнэртэй” салхи гэх вий.
Х.Өнөржаргал
URL: