Буруутныг хайх уу, гарц олох уу

йн_засагӨнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсын төлбөрийн тэнцэл буюу гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ нь ойролцоогоор 5.3 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлтбөгөөд энэ нь ДНБ-ий 24 хувьтай тэнцэж байгаа алдагдал юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 11 хувиар өссөн ч төлбөрийн тэнцлийн алдагдал нь эдийн засгийн өсөлтөөсөө нэг дахин нугалах хасах үзүүлэлттэй гарсан гэсэн үг. Ингэж эрчимтэй буурч байгаа гадаад валютын нөөцийн хэмжээнээс хамаарч гадаад орчинд манай улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл буурч эхэлсэн

нь үнэн. Дотоодод төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсан. Одоо ч чанга хэвээр байгаа.

Гадаад валютын нөөц багасах хоёр л шалтгаан бий. Гадаадын шууд хөренгө оруулалт буурах, экспортын орлого тасалдах. Тэгвэл энэ хоёр үзүүлэлт сүүлийн хоёр жилд хэрхэн өөрчлөгдсөнийг эргээд нэг харъя. 2012 онд экспортын гол түүхий эд болж байсан нүүрсний үнэ өнгөрсөн оноос тоо хэмжээ болон үнийн хувьд буурсан. Энэ жил гэхэд л нүүрсний экспортын орлого 150 гаруй сая ам.доллараар тасрах тооцоо бий. Гэхдээ экспортын орлогын хэмжээ гадаадын шууд хөрөнгө оруулалт шиг үлэмж хэмжээгээр буураагүйг энд хэлэх нь зүйн хэрэг. 2012 онд манай улсад дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж, ДНБ-ий өсөлтийн 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд нэг тэрбум гаруй ам.доллар болж ердөө 16 хувьтай нь л тэнцсэн.

Харин энэ оны эхний хагас жилд 500 орчим сая ам.долларын гадаадын хөрөнге оруулалт хийгдсэн нь ДНБ-ий ердөө найман хувьтай л тэнцэх хэмжээнд хүрчбуурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилд манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 гаруй хувиар буурсан гэсэн үг. Ийм байхад нийт гадаад валютын нөөц нэмэгдэх үндэслэл байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орох ам.долларын урсгал тасарсан нь энэ.

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого тасарч, төгрөгийн ханш суларч, инфляц өсч, эдийн засгийн өсөлт саарч эхэлснийг эрх баригчид нэг нэгэн рүүгээ бухаж буй. Тодруулбал, сөрөг хүчний зүгээс гаднын хөрөнгө оруулалт буурсан, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ, орлого тасалдаж макро эдийн засгийн үзүүлэлт унаж байгаа нь Засгийн газрын буруу гэж үзэж байгаа бол Засгийн газар төгрөгийн ханш унаж, инфляц өсч, эдийн засгийн өсөлт удааширч байгааг Монголбанкны руу бухах маягтай. Энэ бухалт нь нэг талаараа ирэх оны төсөв мөнгөний бодлого хэлэлцэхэд гацаа болж байгаа. Үнэндээ хуульд заасан хугацаандаа багтаж төсөв, мөнгөний бодлогоо баталж чадах эсэх нь ч эргэлзээтэй, улстөр нь бужигнаж байгаа. Гэхдээ улс төр нь бужигнаж байгаа гээд эдийн засаг амраад, зогсоод хүлээхгүй. Анхаарал тавихгүй бол байдал улам л дордоно. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үеийг ирэх онд хэрхэн бага хохиролтой давах нь өнөөгийн хэлэлцэж буй төсөв, мөнгөний бодлогоос зайлшгүй хамаарна. Тиймээс улс төрийн бужигнаанаас илүү улсын эдийн засаг чухал гэдгийг эрхэм түшээд рйлгож байгаа гэж найдъя.

ХЭН НЬ БУРУУТАЙ ВЭ
Эдийн засаг хүндэрсэнд хэн буруутай вэ. Дээр дурдсанчлан сөрөг хүчин нь Засгийн газрыг, Засгийн газар нь Монголбанкаа буруутгаж байгаа. Явж явж эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн нэг “буруутан” нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр болж таарсан. Гэхдээ Төв банкны зүгээс хариуд нь “Инфляцын өсөлтийн 35 хувийг эзэлдэг мах, гурил, шатахуун, барилгын материал тэргүүтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд нийлүүлэлтийн хөрөнгө болгож хөнгөлөлттэй зээл олгосон. Өнгөрсөн онд тэдгээр салбарын бараа бүтээгдэхүүний инфляцын нөлөөлөл 17.5 хувь байсан бол энэ онд долоон хувийн нөлөөлөлтэй болж буурсан байна. Мөн орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээр 2.6 их наяд төгрегөөр 61 мянга зээлдэгч байртай болсон байна. Энэ нь хамгийн багадаа 120 мянган иргэн сар бүр өрхийн орлогынхоо 30-45 хувийг хуримтлал болгож, ипотекийн зээлийн төлбөрт дунджаар 30 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байгаа гэсэн үг ажээ. Энэ нэг талаараа төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн” хэмээн тайлбарлаж буй.
Энэ тайлбар нь амьдралаас тасарсан, хий хоосон зүйл биш. Үүнийг шатахууны үнэ нэмэгдлээ, махны үнэ өссөй байна, орон сууц, барилгын үнэ өссөн гэдэг мэдээ, мэдээлэл багассанаас ч харж болно. Мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш манай улсын инфляцын төвшин нэг оронтой тоонд буюу найман хувьд хүрсэн нь бодит үнэн. Хэрвээ хэн нэгэн рүү бухах ёстой бол инфляц эргээд яагаад өссөнийг хэнээс асуух бол. Бас л бодох асуудал.

Инфляцыг онилсон, дундаж давхаргыг дэмжсэн Төв банкны бодлогоос болж эдийн засаг хүндэрсэн гэхээс илүү хууль эрх зүй, улс төрийн маргаанаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг хүндэрлээ гээд хэлчихэд хол зөрөхгүй болов уу. Учир нь “Хөрөнгө оруулалт тасарснаас үүдэж төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч улмаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан. Манай улс эрдэс түүхий эдийн экспорт, гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай эдийн засагтай учраас үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь унасан” гэж эдийн засагчид үзэж буй.
Энд хэн нэгний бурууг шүүх гэсэнгүй. Харин улсынх нь эдийн засаг хүндэрч, ард иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, эсрэгээр инфляц өсч, төгрөгийн ханш унаж байгаа энэ үед асуудлыг хэрхэн шийдэхийг ярихын оронд бие бие рүүгээ бурууг чихэж, улстөржиж хугацаа алдаж байгааг шүүмжилж байгаа юм. Ер нь бол одоогийн энэ нөхцөлд хэн буруутайг олохоос илүү хэрхэн хүндрэлээс гарах арга замаа олох нь чухал биш үү.

ЦААШИД ЯАХ ВЭ
Төлбөрийн тэнцлийн хямралаас гарч, эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, экспортын орлогыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нь чухал байсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ, Төв банкны гадаад валютын албан нөөц шавхагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр 1.5 тэрбум ам.долларын нөөц байгааг хэлсэн бөгөөд ирэх онд төлбөрийн тэнцэл сайжрахгүй, мөнгөний нийлүүлэлтийн бүтэц дэх гадаад цэвэр актив огцом нэмэгдэхгүй, хэрэглээ, хөрөнгө оруулалт буурч байгаа хандлага үргэлжлэх тохиолдолд нийт эрэлтийг тэтгэх, хөрөнгө оруулалтыг нөхөх гол бүрэлдэхүүн нь цэвэр экспорт л байх төлөвтэй байгааг онцолж хэлсэн. Тиймээс ийм нөхцөлд мөнгөний нийлүүлэлтийг огцом тэлэхээс зайлсхийж, мөнгөний бодлогыг төсвийн болон макро зохистой бодлоготой уялдуулах замаар төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцыг тогтворжуулснаар иргэдийн бодит орлогыг хэмгаалах. макпо эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах нь 2015 оны мөнгөний бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэрээр онцолсон. УИХ-аар ирэх оны төсөв, мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хороод хэлэлцэж байгаа энэ үед бодлогын уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг тооцож эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцыг нам, тогтвортой төвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэж батлах нь хамгийн гол хүчин зүйл байх болов уу.

Ингээд төсөв мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр хэлсэн зарим УИХ-ын гишүүний яриаг хүргэе.

Монгол улсын төсөв, төлбөрийн тэнцлийн хямралд оржээ

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН
2015 онд баримтлах мөнгөний бодлогыг УИХ-аар батлахыг дэмжиж байна. Гэхдээ батлахдаа энэ жилийн мөнгөний бодлогыг бид улс оронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэлээд чамбай батлах ёстой гэж ойлгож байгаа. Макро эдийн засгийнхаа үзүүлэлтүүдийг мөнгөний бодлогодоо нэг үзүүлэлттэй, төсөв дээрээ нэг үзүүлэлттэй мөнгөний бодлого батлагдах ёстой гэж ойлгож байгаа. Монголбанкнаас УИХ-д өгсөн мэдээллээр эдийн засагт учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийн суурь шалтгааныг их зөв тодорхойлжээ. Нэгдүгээрт, төсвийн хямрал үнэхээр бодитойгоор үүсчихсэн байна. Төсөв өөрөө маш их алдагдалтай, үүнээс болоод эдийн засгийн хүндрэл үүсчихээд байна. Хоёрдугаарт нь Монгол Упсад төлбөрийн тэнцлийн алдагдал үүсчихээд байна. Ийм хоёр хямрал үүсчихсэн учраас бид эдийн засгийн хүндрэл, суурь шалтгаанууд бий болчихоод байна гэдэг дээр тодорхой нэг ойлголттой боллоо гэж бодож байна. Тэгэхээр бид 2015 оныхоо төсөв, мөнгөний бодлогоор энэ эдийн засгийн хямралыг давж гарах ёстой. Харамсалтай нь өнөөдөр. УИХ-д өргөн барьчихсан байгаа төсвийн бодлого өнөөдөр улс оронд үүсчихээд байгаа байдлыг Монголбанкны тавьсан оношийн дагуу хийгдсэн төсөв биш. Тэгэхээр энэ төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгсэл, дэд хөтөлбөрүүдээ маш ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Тэгвэл хямралаас маш бага хохиролтой гарна.

Ирэх онд мөнгөний хатуу бодлого барих ёстой
УИХ-ын гишүүн С.БАЯРЦОГТ
Бодит эдийн засгийг сүүлийн хоёр жил мөнгөний бодлогоор Монголбанк маш сайн дэмжиж ажилласан. Харин 2015 онд энэ чиглэлээ бариад ажиллах юм бол буруудна. Улсаараа деполт руу явах шинж тэмдэг харагдаж байна. Мөнгөний бодлого батлахын зэрэгцээ зөвхөн Монголбанкинд өөрт нь даалгавар өгсөн нь зөв. 2015 онд маш хатуу мөнгөний бодлого явуулах шаардлага тулгарна. Эдийн засаг 2015 онд энэ оноос муу харагдаж байна. 2014 он 2013 оноос ч муу байсан. Энэ цаг үед стандарт бус арга хэмжээ авч, бие даасан бодлого явуулах хэрэгтэй. Мөнгөний бодлогын баримт бичгийг төсөвтэй уялдуулах шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлийн онцгой нөхцөл байдал үүсээд байна. 2012, 2013 онд Монголбанк бодит эдийн засгийг маш сайн дэмжиж ажилласан учраас нөхцөл байдал бидний бодсон шиг муудаагүй. Өнгөрсөн хоёр жилд Монголбанкны гүйцэтгэсэн үүрэг маш өндөр байсан. Хэрвээ энэ байдал цаашаа хэвээр үргэлжлэх юм бол эсрэгээрээ маш их хүндрэл рүү аваачна. Бодит эдийн засгийн секторт оролцох оролцоогоо маш ухаалгаар хязгаарлаж, бие даасан бодлого явуулах ёстой. Төв банкныхаа хуулинд захирагдах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал улам муудахаас сэргийлж онцгой арга хэмжээ авах үүргийг УИХ-аас Монголбанкинд өгөх ёстой. Монголбанк тоормоз татах хэрэгтэй. Сүүлийн хоёр жил Монголбанкны хувьд Засгийн газрыг зөндөө дэмжиж ажиллалаа. Одоо зөв зохистой хэлбэр рүү нь оруулах асуудал дээр ажиллах хэрэгтэй.

 

 

Э.Цэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих