Шинэ ерөнхий сайд хаанаас томилогдох вэ
УИХ гэнэтийн шийдвэр гаргаж Засгийн газраа огцруулав. АН-ын төрийн эрх барьж байх түүхэнд хамгийн удаан оршин тогтносон нь Н.Алтанхуягийн засаглал. АН, Шударга ёс эвслийн 10 гишүүн эсрэг санал өгч, 7 нь кноп даралгүй урвав. Сөрөг хүчний 26 гишүүн дээр нэмэгдэхээр Засгийн газрыг байтугай Үндсэн хууль өөрчлөх хэмжээний их хүч. Эрх баригчид дотоод дахь хямралаа даасангүй. Ерөнхийлөгчийн давхар дээл тайлах хуульд хойрго хандсаных нь хариу тун чиг хүнд туслаа. Алтан гадас зүг чигээ өөрчлөв. Шонхор фракцынхан өндөр аваад эхлэв бололтой. Гэхдээ засгийн мэдлийг авахад арай л хүч дутах бол уу. Элсний 13 нь 15 болчихсон хойно хүч тарамдахгүй ч гэлээ нэр хүнд нь тийм ч сайн биш. Засаглалын төлөөх цусгүй дайн энэ өдрүүдэд хүчээ авна.
Одоо Засгийн газар яаж бүрэлдэх нь ирэх жилийн төсвөөс илүү сонирхол татаад байх шиг. Ирэх онд улс орон ямархуу замналаар замнах нь даанч бүрхэг. Н.Алтанхуяг тамга тэмдгээ хүлээлгээд өгчихсөн байдаг. Ирэх долоо хоногийн баасан гараг гэхэд төсөв батлагдсан байх учиртай. Гэтэл төсвийн бодлогоо оруулж ирсэн Ерөнхий сайд, Сангийн сайд нарын аль нь ч алга. 14 хоногийн дотор дараагийн Засгийн газар бүрэлдэх учиртай. Хуулийн хугацаандаа батлагдах боломж тун бага. Хэрүүл олон өдрөөр үргэлжилнэ. Олон ч хүний нэр дурдагдаж байгаагийн олонхи нь УИХ-ын гишүүн. Ерөнхийлөгч давхар дээл тайлахаар санаа шулуудсан үед батламжлах нь бас л эргэлзээтэй. Хориг тавихад хүлээж авахгүй гэх эв нэгдэл УИХ-д байхгүй. Фракцуудын зөрчил, хүчтэй сөрөг хүчний ашиг сонирхол байдлыг улам эвгүйтүүлнэ. АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана. Эв нэгдэлтэй байхыг чухалчлах боловч санаан зоргоор бүтэхгүй л болов уу.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийн жагсаалтыг Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүлж буй. Араас нь Д.Дорлигжав, Л.Гантөмөр, Ц.Сайханбилэг, Х.Баттулга гээд олон нэр жиргэж байгаа бор шувууны хэлнээс тодорч байна. Ерөнхий сайд эрх баригч намын дарга байна гэсэн утгаараа АН-ын үүр хэсэгтээ л бужигнана. Намрын өдрүүдэд улс төржилтийн хийрхэл хүчээ авах нь улс оронд гамшиг тарина. Хаврын унтаа өдрүүдийг сэргээж улс төр идэвхждэг нь нийгэм эдийн засагт халгаа багатай өнгөрдөг байлаа.
Ер нь асуудал юунаас үүсэв. Эдийн засгийн хямралыг засаглалын хямрал нэрвэснээс байдал хэцүүдсэн. УИХ, Засгийн газар тойрсон бужигнаан Үндсэн хуулийн өөрчлөлттэй шууд холбоотой. Засгийн газар бараг бүхэлдээ УИХ-ын гишүүдээс, УИХ нь Засгийн газрын гишүүдээс бүрддэг болсон. Эрх мэдэл хуваарилах, хариуцлага, хяналтыг зааглах Үндсэн хуулийн зарчим алдагдснаас засаглал хямарсан. Нэг харвал Засгийн газрын гишүүн нөгөө талаар УИХ-ын гишүүн. Захиран зарцуулах, шийдэх нь нэг гарт төвлөрөөд ирэхээр засаглал хямрахаас ч өөр яах билээ.
Юун түрүүн засаглалын хямралыг нэг тийш нь шийдэж давхар дээлийг нь тайлахгүй бол асуудал ужгирна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө мөнгө идэж уусан жишээ хэвлэл мэдээлэлийн хэргслээр дүүрэн байна. Яав ийв гээд хариуцлага тооцох гэхээр өөрсдөө шийдвэрээ гаргаад өөрснөө мөнгөө шамшигдуулсан болохоор хэлэх үг байхгүй. Сонирхол ч төрөхгүй. АТГ-ынхны үйлдэл эрх баригчдын улс төрийн шийдвэртэй нь холилдож хутгалдаад явж байна. Хяналтаа алдсан төрийн хөөрхийлөлт үйлийн золиос нь энэ Засгийн газар боллоо. Тогтолцоог нь өөрчлөхгүйгээр асуудлын төгсгөлд цэг тавьж хэзээ ч чадахгүй.
2000 оноос хойшхи Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах 18, өнөөдрийн 17 сайдын ихэнх нь УИХ-ын гишүүн. Улс гэрийн нийгэм эдийн засгийн голлох асуудлыг тэд л шийдсээр ирсэн. Хяналтгүй шийдвэр гаргаж явсан улс гэр өнөөдөр ямаршуухан байдалтай болчихоод байгааг хүн бүхэн бэлхнээ харж байгаа. Хэдэн саяар ярьдаг байсан хяналтгүй зарлага хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх боллоо. Давхар дээлийг нь хуулахын тулд Засгийн танхимын 50 хувийг төлөөлдөг Ерөнхий сайд нь парламентаас гадуур томилогдвол үнэнд илүү нийцнэ. Энэ нөхцөл бололцоо давхар дээл тайлах хуулийн төсөл батлагдахаас өмнө бий болчихлоо. Э.Бат-Үүл ч байна уу, Д.Дорлигжав ч байна уу хамаагүй. Хяналттай, үүрэг хариуцлагатай засаглал бий болгохын тулд парламентаас гадуурх лидерүүд засаг толгойлох нь эрх мэдлийг тэнцвэржүүлэх чухал ач холбогдолтой.
shuud.mn
URL: