Э.Цасчихэр: Увс аймагт талцал, хуваагдал дээд цэгтээ хүрсэн

527-14153255661f23sdfdsfsdУвс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэрийг төсвийн мөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр АТГ- аас шалгаж шуугиан дэгдээж байлаа.

Түүнийг орон нутагтаа төрийн албан хаагчийн 24 айлын орон сууц барихдаа төсвийн мөнгийг хяналтгүй захиран зарцуулсан, хувьдаа завшсан хэмээн хууль хяналтын байгууллагаас мэдээлж байв. Энэ талаар болон орон нутгийн асуудлаар Э.Цасчихэртэй ярилцлаа

-Увс аймгийн иргэдийн аж амьдрал ямархуу байна вэ?

-Орон нутгийн иргэдийн амьдрал тааруухан байна. Ялангуяа ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш унасантай холбоотойгоор нийслэлээс алслагдсан Увс аймагт бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн.

Эргээд малчдын үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үнэ хямдарч байна. Жишээ нь, Увс аймагт төлөг 120 мянган төгрөг байсан бол одоо 60 мянгаар зарж байна. Эсрэгээрээ гурил 30-60 мянган төгрөг болтлоо өссөн.

Энэ дундаас ард түмэн хохирч байна. Улстөрчид “Амьдрал сайхан байна” гэж ярьж байгаа ч бодит байдалд өөр байна шүү. Иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрт дарлуулж байна. Дээр нь тээврийн зардал нэмэгдсэн.

-Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ гэдэгт ямар байр суурьтай байгаа вэ?

-Биднийг эрх барьж байхад орон нутгийн төсвийг захиран зарцуулах эрхгүй байсан. Харин одоо бол аймгийн Засаг дарга 9-10 тэрбум төгрөг, сумын Засаг дарга нар 300 гаруй сая төгрөгийн төсөв зарцуулах эрх мэдэлтэй болсон. Төр, засгаас энэ мөнгийг нэгтгээд орон нутагт нь өгөх санал гаргаж байгаа юм билээ.

Үүнд сайн, муу тал бий. Үндсэндээ Америкийн холбооны улсын төсөв шиг болж байгаа. Бараг УИХ- ын гишүүн болсноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сум, аймгийн Засаг дарга болсон нь хавьгүй дээр юм шиг харагдаж байгаа.

Хяналтын тогтолцоо сул учраас орон нутгийн удирдлагуудад төсвийн мөнгийг завших боломж олгож магадгүй. Дээр нь ИТХ, сум, аймгийн албан тушаалтнууд төсвөөс өгсөн мөнгийг хэрхэн зөв захиран зарцуулах вэ гэдэгт туршлага муу.

Төсвөө бүрдүүлж чаддаггүй аймгууд яах юм бэ. Манай аймаг гэхэд зарцуулж байгаа төсвийнхөө 25 хувийг арайхийн бүрдүүлдэг. Үлдсэн 75 хувийг хаанаас бүрдүүлэх вэ.

Намайг Засаг даргаар ажиллаж байхад аймагт 70-80 тэрбумыг зарцуулдаг байсан. Энэ мөнгөний маш бага хэсгийг аймаг өөрөө бүрдүүлдэг. Одоо уул уурхайгаа ашиглаж эсвэл янз бүрийн татвар нэмж байж төсвийн орлогоо бүрдүүлнэ гэсэн үг.

-Танай аймагт бүтээн байгуулалтын ажил хэр их хийж байна вэ?

-Бүтээн байгуулалтын ажлыг мэр сэр хийж байна. Гэхдээ урьд нь эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх хэмжээнд явна. Ирэх оны төсөвт улсын төсвөөр нэг ч шинэ объект барихгүй гэх мэдээлэлтэй байгаа. Шинээр босгож, бүтээсэн зүйл огт байхгүй.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд жилд дунджаар 30-60 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол одоо 10 тэрбум өгдөг болсон. Өмнө нь иргэдийн гар дээр дээрх мөнгөнөөс 10 гаруй тэрбум нь үлддэг байсан.

Одоо 2-3 тэрбум төгрөг үлдэнэ. Иргэд АН-ыг нэг удаа сонгоод үзэх сонирхолтой байсан. Тэднийг их зүйл хийж, бүтээнэ гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь, иргэдийн хүлээлтийг тэд биелүүлж чадсангүй. Тиймээс ард иргэд “Бидний хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй. Амьдрал улам муудлаа” хэмээн бухимдаж байна.

АН-ынхан айл болгоны үүдээр мөнгө оруулна, ард түмнээ ажил, орлоготой болгоно гэсэн. Гэтэл айл болгоны үүдээр мөнгө орсонгүй. Монгол ажилчдыг биш хятадуудыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Ажилгүй, орлогогүй монгол хүн гэдэг хөтөлбөр болчихлоо.

-Улсын төсвийн мөнгөөр барьсан битүү захын үйл ажиллагаа ямар байна вэ. Зарим бизнес эрхлэгчид эхнээсээ хэл ам хийж эхэлсэн тухай мэдээлэл байна.

-Хамгийн гол нь наймаачдын бараа бүтээгдэхүүнийг иргэд худалдаж авах нь багассан. Тэгэхээр төсвийн мөнгөөр барьсан шинэ захынх нь ид шид гарахгүй байна л даа. Манай аймгийн наймаачид Эрээн рүү сардаа нэг удаа явж бараагаа татдаг байсан бол одоо гурван сард нэг удаа явж байна.

Долоо хоног болгон явдаг байсан нь сардаа ганцхан удаа бараагаа татаж байна. Бараа нь зарагдахгүй болохоор зах сонин биш байна. Ер нь барилгыг чанар муутай барьсан. Бариад удаагүй мөртлөө дээврээс нь ус гоождог, тоос шороо бужигнадаг. Үүнийгээ цаашдаа засч, сайжруулаад явна биз.

-Танай аймагт улс төрийн талцал хуваагдал хэр их байна вэ?

-Манайд улс төрийн талцал хуваагдал дээд цэгтээ хүрсэн. Улс төрийн нам, яс үндэс, үзэл бодлоороо талцаж байна. Ялангуяа төрийн албанд ийм талцал, хуваагдал их. МАН-ын угшилтай хүнийг ажлаас нь халж байна.

Хоёр үе шаттайгаар их цэвэрлэгээ явуулна гэсэн яриа гарах боллоо. Өөрөөр хэлбэл, 2015 он гэхэд АН-ынхан төрийн албанд дангаараа ажиллах сонирхолтой байгаа. Увс аймгийн төр, захиргааны байгууллагад МАН-ын нэг ч хүн үлдээхгүй гэсэн агуулгатай зүйл яриад байна.

Цаанаа асар их хор хохиролтой гэдгийг ойлгохгүй байна. Ер нь намын харьяаллаар олон хүнийг халсан. Тэгсэн мөртлөө төрөл садан, ах дүүгээ ажилд авч төрийн албыг улам данхайлгаж байна.

- “Увс хүн хөгжлийн загвар” гэсэн хөтөлбөрийг та Засаг дарга байхдаа гаргасан. Энэ цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээж, шүүмжлэл дагууллаа. Яагаад ийм тусгайлсан хөтөлбөр гаргасан юм бэ?

-Намайг аймгийн Засаг дарга байхад хийсэн хөтөлбөр гэдэг нь үнэн. Үүнд буруу зүйл байхгүй. Хэтэрхий их улстөржүүлж шүүмжилж байгаа байх. Эрх баригч намынхан “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үндэс нь манай аймгийн Увс хүний хөгжлийн загвар байсан юм.

Цааш нь улам илүү сайжруулаад хүний хөгжлийн загвар хөтөлбөр болгосон ч буруудахгүй. Увс хүн хөгжлийн хөтөлбөртэй болчихлоо гээд нэрэнд нь эмзэглээд байгаа юм байлгүй дээ.

Одоо ч гэсэн хэрэгжүүлээд явж байна. Улс төрийн сонирхолтой хүмүүс дэвэргэж байгаа болохоос надад олон хүн “Сайн хөтөлбөр болжээ” гэж урмын үг хэлсэн.

-МАН-ын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батсайхан та хоёрыг төсвийн мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгасан. Энэ хэрэг юу болсон юм бэ?

-Яг үнэнийг хэлэхэд захиал- гатай хэрэг байсан. Бидэнд төс- вийн мөнгийг идэж ууж, хувьдаа завшсан зүйл байхгүй. Шүүхээс ч үүнийг баталгаажуулсан. Улсад учруулсан хохирол байхгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан.

-Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцтай холбоотой хэрэг байсан бил үү?

-Миний өмнөх Засаг даргын үед төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн юм билээ. 2007 онд ажлыг нь эхлээд 2008 оны долдугаар сард ашиглалтад оруулах гэрээ байгуулсан байсан.

Харин намайг Засаг даргаар 2008 оны арваннэгдүгээр сард томилсон. Намайг ажлаа авахад бүх мөнгийг нь аль хэдийнэ өгчихсөн байсан. Харин барилгыг нь хараахан ашиглалтад оруулж амжаагүй байсан.

Энэ асуудлыг Д.Батсайхан дарга бид хоёрт тулгасан. Барилгын ажлыг нь дуусгахад нэмж 110 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын шийдвэрээр олгосон юм. Ингээд нэг метр квадратыг нь 500-600 мянган төгрөгөөр үнэлж иргэдэд өгсөн. Үүнд зохиомлоор хэрэг үүсгэн тулгаж, манай намын нэр хүндийг унагаах үйл ажиллагаа явсан.

-Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан уу?

-Үгүй.

-Та УИХ-ын 2016 оны сонгуулиар аймагтаа өрсөлдөх үү?

-Урьдчилж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ намаас нэр дэвшүүлбэл өрсөлдөнө дөө

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих