Өөрийгөө Чингисийн ач хүү гэх Даваанямд маршал цолыг хэн олгосон бэ
Нэгэн үе бид Монгол бөхийн баруун, зүүний магнайг эзэгнэсэн дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ гэх мэт бяр чадалт бөхчүүдийн цол гуншингийн уртыг гайхдаг байлаа. Тэгвэл одоо тэднээс хэд дахин урт цол гуншинтай, хэд дахин илүү чимэг зүүсгэлтэй хүн олон болоод байна. Өөрөөр хэлбэл цол чимэг олгодог төрийн бус байгууллага хэдэн зуугаар тоологдож байгаагаас гадна өөрөө өөртөө хүртэл нэр цол олгодог явдал газар авсан учраас аварга бөхчүүдийн цол чимэг ч нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдохооргүй болоод байна. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт элдэв цол гуншинтангууд хэдэн эгнээ урт дараалал үүсгэн энгэр цээжээ бөхийлгөх болжээ. Ганц нэгхэн жишээ татья л даа. Тухайлбал П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очно. Мань хүнд хэн, хэзээ ямар учраас энэ олон цол гуншинг олгосон нь тодорхойгүй Чингис хаан дэлхийн академийн тэргүүлэгч хунтайж Чингисийн ач хүү, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршил корпус командлагч Баатар, Дэлхийн аварга АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гэх мэтээр хүн цохиод алчихмаар өчнөөн цол чимэг нэрнийхээ өмнө нааж яваа юм. Тэнгэрийн элч энэ тэр нь ч яахав харин Дэлхийн аварга, хүндэт профессор хунтайж гэдэг эрхэм цол гуншинг хэн өгсөн юм бол хэмээн сонирхоод үзэхээр энд тэндээс өгсөн гэх тодорхой баримт байхгүй. Хийсэн бүтээсэн зүйлгүй гэсэн атлаа элдэв цол гуншинтай хүмүүс энэ мэтчилэн Монголоор дүүрэн байгаагаас гадна СУИС төгсөнгүүтээ МУСТА цол авсан болсон болоогүй дуучинцар, жүжигчинцэрүүд ч өчнөөн байгаа юм. Урлагийн тогоонд цавуу болтлоо чанагдсан хөгшид насны эцэст арай гэж нэг энгэр цоолмоор болж байхад ганц дуу дуулсан болоод, ганц дүр бүтээсэн нэр зүүгээд Соёлын тэргүүн болдог явдал бүр зах замбараагаа алдаад байгаа билээ. Мөн насаараа улсдаа хүчин зүтгэж хэдэн зуун шавь хүмүүжүүлсэн, хэдэн зуун хүүхэд эх барьж авсан хүмүүс ямар нэг шагнал цол тэмдэггүй сууж байхад миссийн тэмцээнд орсон гэх хүүхэн хүртэл “Алтан гадас” одон зүүдэг явдал ердийн үзэгдэл болоод байгаа. Хамгийн сонирхолтой нь манай сайд дарга нар УИХ-ын гишүүд цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад үзэхэд л энэ бүхэн тодхон харагддаг шүү дээ.
Б.Мөсөн
agshin.mn
URL: