Гурван настай охин цэцэрлэг дээрээ амиа алджээ
Аравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт харамсалтай хэрэг гарчээ. Гурван настай охин өдрийн унтлагынхаа дараа дахин сэрсэнгүй. Эхний шинжилгээгээр охины хоолойд тээглэсэн зүйл байхгүй, ходоод гэдсэнд нь үхэлд хүргэх ноцтой зүйл илрээгүй байна. Иймд эд эсийн шинжилгээ авчээ. Одоогоор энэ шинжилгээний хариу гараагүй байна.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд ихээхэн ачаалалтай ажиллах болсон. Иймд хэрэг гарсан ангид олон тооны хүүхэд байснаас агаарын дутагдалд орсон байж болзошгүй гэх таамаг байсан юм. Хэрэг гардаг өдөр тухайн ангид 35 хүүхэд ирсэн байжээ.
Энэ хэргийг Чингэлтэй дүүгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шалгаж байна. Золгүй байдлаар амиа алдахад хүргэсэн тохиолдолд иргэний гомдол хамааралгүй энэ заалт дээр тулгуурлан хэрэг үүсгэж шалгадаг юм байна. Хэрэв талийгаач бусдын нөлөөгөөр амиа алдсан нь тогтоогдвол Эрүүгийн тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийн дагуу шалгалт үргэлжилнэ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт хэргийг үргэлжлүүлэн шалгах, эсэхийг шийдвэрлэх юм.
Дашрамд хэлэхэд есдүгээр сарын нэгэнд хүүхдүүд цэцэрлэгт орохдоо шээс болон цагаан хорхойн шинжилгээний бичиг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд тэр эмнэлэгт танил минь бий гээд амар хялбар аргаар хуурамч баримт бүрдүүлдэг гэнэ. Тухайн хүүхэд эрүүл мэндийн ямар нэг эмгэгтэй байсан тохиолдолд албан тушаалаа буруугаар ашигласан гэх үндэслэлээр хуурамч бичиг бүрдүүлсэн эмчийг, эцэг, эхийг нь Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж эрүүгийн хэрэгт татах үндэслэл болдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн анхаарууллаа.
Энэ он гарсаар хүүхэд цэцэрлэг дээрээ эндсэн анхны хэрэг гарлаа. Өнгөрсөн онд нэг хүүхэд цэцэрлэгийнхээ цонхоор унан амиа алдсан. Багш хариуцлага алдсаны улмаас хэрэг гарсан нь нотлогдсон юм.
mongolcom.mn
URL: