Намын эрх ашиг нэгдүгээрт, ард түмнийх…
Шаргал ордон дахь УИХ-ын гишүүдийн өрөө ойрын хэдэн өдөр хөл ихтэй байна. Өөрсдөдөө ашигтай хувилбараар сонгуулийн хуулиа батлахаар хоёр тийш зүтгэсэн МАНАН-гийнхан парламент завсарлахын өмнө сүрхий сайн муудалцав. Өөр өөрсдийнхөө өрөөнд нам төвтэй бодлого боловсруулж, өнөөдөр “За” хэмээснээ маргааш нь “Үгүй” гэдэг бохир улс төрийн үнэр яг одоо нэвт шувт ханхийж байна.
Ард түмнээсээ асуухаар МАН-тайгаа тохирсон АН-ынхан Ц.Элбэгдорждоо загнуулаад шийдвэрээ 180 хэмээр эргүүлсэн тухай өчигдрийн хэвлэлүүдэд мэдээлснийг бүлгийн дарга нь эвтэйхан тайлбарлав.
“Санал асуулга явуулахад 6-10 тэрбум төгрөг хэрэгтэй. УИХ-ын сонгуултай хамт санал асуулга явуулж болно, дан ганц сонгуулийн асуудлаар санал авах нь дэндүү жижигхэн” гэсэн тайлбаруудыг АН гаргаж иржээ. Тэгээд 38 гишүүнийг намын нэрээр 38-ыг нь хувь хүний нэрээр сонгох хувилбарыг МАН-д тулгаж тохиръё гэсэн ч нөгөөдүүл нь “No” гээд л гэдийв. МАН-ынхан 52 гишүүнийг хувь хүний нэрээр үлдсэнийг нь намын нэрээр сонгох ашигт хувилбараасаа огтхон ч татгалзахгүй гэсэн мессежийг хамтарсан ч юм шиг, хамтраагүй ч юм шиг намынхандаа байн байн илгээж бачимдсан бололтой.
Наадмын өмнө сонирхолтойгоор өрнөж буй улс төрийн энэ тоглолтууд МАНАН-гийнхан намын эрх ашгийг нэгдүгээрт, ард түмнийхийг аравдугаарт тавьдагийг бүр илүү тод илчлэв.
Яг үнэндээ бол ард түмнээсээ асуухаасаа дээрх хоёр намынхан хоёулаа айж байгаа. МАН-ынхны урьдчилан бэлдсэн “Сонгогч та Монгол Улсын Их хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахдаа аль арга давамгайлсан хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж үзэж байна вэ” хэмээх асуултын “Мажоритар давамгайлсан 52/ 24″, “пропорциональ давамгайлсан 50/26″ хувилбарын аль нэгийг нь сонгох нь тийм ч чухал биш юм. Бусдын өгсөн саналыг будлиулдаггүй, санал нь саналаараа гарч ирдэг тийм сонгууль явуулахыг л иргэд шаардаж байгаа. Тэгтэл энэ хоёр нам зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зүйлд яаж яс хаялцаж байгааг хар даа. Яг одоо болж буй улс төрийн жүжгээс.
Ө.Батхүү
URL: