С.Баяр намынхаа залуу төлөөлөлтэй уулзалт хийлээ
МАН-ын дарга С.Баяр энэ сарын 3-нд намын залуу төлөөлөл болсон гишүүдтэйгээ уулзалт хийсэн билээ. Уг уулзалтан дээр улс орны өнөөгийн байдал болон гадаад бодлогын ашигтай, ашиггүй талуудын талаар залуустай ярилцаж, санал бодлоо нээлтэй хуваалцсан байна. Мөн түүний ярьсан онцлох нэг сэдэв нь “Долоон сарын 1-ний асуудал байсан юм. Тэрээр “Тэр үед юу болсон нь тодорхой шүү дээ. Сонгуулийн бүх зүйл ард түмний нүдэн дээр ил болж урьдчилсан дүнгээр манай нам 45 суудал авсан. Гэтэл нөгөө намаас булхай луйвар гээд хурал цуглаан болоод эхэлсэн шүү дээ.
Тэр үед далдуур гаргасан шийдвэр нэг ч байгаагүй учраас би дараа дараагийн үед юу гэж яригдах бол гэж санаа зовоод байдаггүй. Ерөнхий сайдын хувьд, намын дарга хүний хувьд, улстөрч хүний хувьд, эцэг хүний хувьд надад ичээд санаа зовоод байх үйлдэл байтугай нэг ч үг надаас гараагүй.
Аюулгүй зөвлөлийн хурал дээр би хүчнийхэнд галт зэвсэг хэрэглэхгүй шүү нөхдөө гэж удаа дараалан сануулж байсан. Хуулиар бол тэдэнд галт зэвсэг хэрэглэх эрх нь олгогдсон байдаг. Харамсалтай нь таагүй үйл явдал болсон. Тухайн үеийн цагдаагийн удирдлагууд галт зэвсэг хэрэглэх шийдвэр гаргаагүй гэж одоог хүртэл хэлдэг. Тушаал өгсөн эзэн нь тодорхойгүй байсаар байгаа. Эцэст нь цагдаагийн хэдэн удирдлагууд ял авсан.
Энэ бол улс төрийн шийдвэр гэж хэлж болно. Тэр гурван дарга буудаагүй нь тодорхой. Буудсан эзэн нь байхгүй байхад удирдлагууд нь ял аваад явдаг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй биз. Нууц юм их бий шүү дээ. Жишээлбэл, буудсан этгээдүүд дотор цагдаагийн зэвсэглэлд байхгүй галт зэвсгээр шарх авсан хохирогчид байдаг. Түүнийг бүрэн гүйцэд мөрдөөгүй. Ер нь урд урдын сонгуулиудаас хамгийн бохир болсон нь 2008 оны сонгууль” гэв.
URL: