АН-ын ҮЗХ-д 2005 оных шиг зодоон болох уу
Өчигдөр АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ-аас огцрууллаа. Түүнийг огцруулсны дараа тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ҮЗХ-ны хурлаа маргааш буюу баасан гаригийн 15 цагт ээлжит бусаар хийхээр болсныг ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нь зарласан.
Энэ хурлаар улстөрийн нөхцөл байдлыг дүгнэх тухай ч ярьсан. Тэгвэл маргаашийн ҮЗХ-ны хуралдаан тун ширүүн уур амьсгалд өрнөх нь ч тодорхой болоод байгаа.
Н.Алтанхуягийг огцруулахын төлөө АН-ын 8 гишүүн шууд кноп дарсан бол 7 гишүүн санал хураалтад оролцолгүй шууд бусаар дэмжсэн. Ингэснээр АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд нэгэнт хагарсан нь харагдлаа. Тэгэхээр АН-ын ҮЗХ-ны хурал хэрүүл шуугианаас эхлээд зодоон цохионоор ч үргэлжлэх магадлалтай юм.
Түүх жаахан сөхье. 2004 оны сонгуульд бараг л ялсан тухайн үеийн “Эх-Орон-Ардчилал” эвслийн ялалтын үр дүнг Р.Гончигдорж, Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ууд Н.Энхбаяр нарын МАХН-тай нийлж хүртээд М.Энхсайхан нар тойргийн гадна үлдсэн. Иймээс ч М.Энхсайхан нар эвслээ тарааж, АН, Эх-Орон МАШСН-аас эвслийн нэр дээр нэр дэвшин сонгогдсон гишүүд бүгд бие даагч болсон.
Эргүүлээд “Алтангадас”-ынхан тэргүүлээд М.Энхсайханаас намын даргын суудлыг булаасан. Ингэж АН хоёр дарга, хоёр тамгатай болж байлаа. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээ тодруулахаар ҮЗХ нь хуралдаж, хэрэлдэж маргасан хоёр тал эвлэрэлд хүрч байсан.
Тэр үед АН-ын ҮЗХ хуралдах үед зодоон болж байлаа. М.Энхсайханаас зайгаа барьж “Алтангадас”-т хүчээ өгөх болсон С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж нарын талынхан нөгөө талынхантай Соёлын төв өргөөнд зодоон хийж байлаа. М.Энхсайханыг дагадаг Нанжидыг С.Эрдэнийн нөхөд цохиж л байсан. Мөн одоо нийслэлийн гаалийн даргын албыг хашиж байгаа партизан Хишигбатыг Ш.Төмөрбаатар Улаанбаатар зочид буудлын үүдэн дээр бас машинаараа хальт мөргөсөн гээд л бөөн юм болж байж билээ.
Тэгвэл энэ удаа ч АН-ын нударга чангатай нөхдүүд ахиад зодоон цохиондоо хүрч магадгүй болоод байна. Учир нь АН-ын дарга нар тухайлбал Ц.Оюундарь Н.Алтанхуягийг МАН-ын саналаар огцруулсан гишүүдээ намаасаа хөөхийг сануулсан ярилцлага өгчихсөн байсан.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Н.Алтанхуягийг огцруулах кноп дарах гэж байгаа нөхдүүд АН руу буудаж байгаа хэрэг гэж бас мэдэгдсэн. Тэгэхээр огцруулахаар шууд кнопдсон 8 гишүүн, шууд бус ч хуралд орж ирээгүй 7 гишүүн АН-аа буудаж, бас намаасаа хөөгдөх болзлоо хангачихсан гэсэн үг.
Тэгээд ч орон нутгийн АН-ын дарга нар нь эв нэгдэл чухал учраас Н.Алтанхуягийг огцруулж болохгүй гээд мэдэгдээд дарга нартаа гарын үсгээ зурсан тугаа гардуулаад байсан. Гэтэл маргааш нь л Засгийн газраа огцруулчихлаа.
Тиймээс маргаашийн ҮЗХ-ны хуралдаан тун ширүүн болж нударга зөрүүлэхэд ч хүрч магадгүй болоод байна. Энэ тухай АН-ын гишүүд хоорондоо ярьж байгааг ч дуулгах ёстой байх. Ийнхүү түүх давтагдах цаг айсуй.
Г.Самбаа
gereg.mn
URL: