Шархад-ТЭЦ III-ын чиглэлд явдаг нийтийн тээвэрт ёс суртахуун гэж алга
Нийтийн тээврийн жолооч нар ойрын үед асуудал их гаргах болжээ. Хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлж хүний амь хохироосон, ухрахдаа хүн дайрсан, шүргэж гэмтээсэн гээд өч төчнөөн хариуцлагагүй, харамсалтай үйлдлийг гаргах болов. Тэгээд зогсохгүй хөгшин хүн, хүүхэд, оюутнуудыг мөнгө төлдөггүй болохоор нь авдаггүй гэх зэрэг ёс зүйгүй олон асуудал гаргаж байна.
Тухайлбал, өчигдөр 38 номерийн шархад-тэц 3-ын чиглэлд явдаг 79-19 УНР дугаарын нийтийн тээвэр урдаа байгаа тээврийн хэрэгслүүдийг гүйцэж түрүүлэн уралдсан гэх иргэний гомдол манайд ирсэн юм. Уг нийтийн тээврийн жолооч комбинатын буудал дээр зогсож байсан настай хүнийг автобусанд сууж амжаагүй байхад нь хөдөлсөнөөр хөгшин настай хүн гэмтсэн ажээ.
Иргэд их бухимдаж аяархан явахыг анхааруулсан ч уг тээврийн хэрэгслийн жолооч хүлээж аваагүй гэж иргэн Э бидэнд хандсан юм. Ер нь сүүлийн үед тээврийн хэрэгслийн жолооч нар зан араншин, ёс зүйн хувьд их доголдолтой болсон гэх хүмүүсийн бухимдал ихсээд байгаа билээ. Автобусны жолооч нарыг ямар шалгуураар сонгодог вэ? гэвэл яг үнэндээ манай улсад автобусны ангилалтай л бол хэн ч байсан нийтийн тээвэр жолоодох эрхтэй байдаг ажээ.
Уг нь нийтийн тээвэр гэдэг олон хүн суудаг гэдэг утгаараа жолооч нар нь маш хариуцлагатай соёлтой байх ёстой. Гэтэл юун тэр ёс суртахуун буух газраа амьд мэнд хүрвэл бараг их юм гэж хүмүүсийн ярихыг сонсоход нийтийн тээврийн энэ асуудлууд хэрээс хэтэрч байгааг хэлээд байгаа юм. Нийтийн тээврийнхэн өөрсдөө асуудал их гаргадаг мөртлөө өөрсдийнхөө эрх ашгийг хагаалж жагсаал цуглаан хийх болохоороо айхтар сайн. Энэ мэт асуудлыг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг нь нэгэнт болжээ.
URL: