“Замын гай” ба Н.Алтанхуягийн алдаа
Ардчилсан нам засгаа унагаж Ардын намыг гялайлгав. Учир нь Ардчилсан намын арав гаруй гишүүн Ардын намтай нийлж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж орхилоо. Найман гишүүн чуулганы танхимд сууж “кноп”-доод, З.Энхболдын удирддаг “Шонхор” фракцийн тав, “Нэг ардчилал”-ын М.Батчимэгийн хамт “сураггүй” алга болсноор засгийг унагах Ардын намын төлөвлөгөө биелсэн хэрэг.
“Шонхор” фракц уржигдар өдөржин хуралдаж энэхүү “сураггүй болох” шийдвэрээ гаргасан бололтой юм. Маш сонирхолтой нь Шинэчлэлийн Засгийн газар, түүний тэргүүн Н.Алтанхуягийн энэ зэргийн нэр хүнд нь доройтоход гар бие оролцсон С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар хаалганы цаанаас эсрэг кноп дарсан явдал. Ялангуяа С.Эрдэнэд Ерөнхий сайд асан нь ихэд гайхаж, басхүү гомдсон гэх.
Танхимын сайд нар нь Ерөнхий сайдаа орхин “зугтсан” явдал Монголын түүхэнд болж л байсан л даа. Ц.Элбэгдоржийг У.Хүрэлсүх нар, Сү.Батболдыг Ардчилсан намын сайд нар орхиж тухайн үеийнхээ Засгийн газрыг эзгүйрүүлж байсан түүх байгаа. Харин намаасаа гарсан Ерөнхий сайдыг түлхэж унагасан сайд нар гэвэл С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар болж байна. Тиймээс тэд Монгол төрийн түүхэнд анхдагч болж үлдэнэ гэсэн үг.
Харин чуулганы танхимд өөдөөс нь харж сууж байгаад намын даргаа Ерөнхий сайдын сэнтийгээс түлхсэн найман гишүүний хувьд “Энэ юу болж байна аа…” гээд эргэлзэх хэрэггүй байсан тухай учир мэдэх улс ярьж байна.
Р.Амаржаргал. Энэ эрхэм бол Ардчилсан намын эрх хүүхэд. Өөрийнхөөрөө шийдвэр гаргаж, өөрийнхөөрөө ярьдаг, шударга хэл яриатай гээд ард түмэн ч бас түүнд талтай. Нам нь ч түүнд хайр хишгээ харамгүй өгнө. Нэг жил ч гэсэн Ерөнхий сайд болгосон. Хэдхэн сарын өмнө намаа хаялаа гэхэд нь хошуу дэвссээр авч үлдсэн. Өмнө нь ч энэ намаас явж л байсан. Буцаад ирсэн. Тэр бас олон тойрогт нэр дэвшиж сонгогдсон. Гэхдээ сонгогдсон тойрогтоо буцаж очилгүйгээр хаядаг гэдэг “хоч” түүнээс салдаггүй. Ер нь Р.Амаржаргал Ардчилсан нам түүнийг гуйж гувшиж, түүнд өгч л байх ёстой гэсэн философитой гэх юм билээ.
Д.Батцогт. Одоогийн МҮАН-ын хүн. Бас “Амлалт нэхэх ард түмний холбоо” гэдэг хөдөлгөөнийг удирдалцаж, жагсаадл цуглаан гэж явсаар олны танил болсон. Ц.Нямдоржийн оноосноор “Энхбаярын оймсноос үсэрсэн” гишүүдийн нэг. Сар гаруйн өмнө намаа сольж Ардчилсан намд элссэн. Уг нь үй зайгүй баз хүргэнээ дагасан бол Ардын намыг сонгох байсан гэх. Гэвч базууд байтугай эхнэр нөхөр хүртэл өөр намуудыг дагаж амьжиргаагаа боддог болсон үед тэдний сонголт ийм л байх байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгаадаг.
Ж.Батзандан. Энэ эрхмийг Монголын ард түмэн мэднэ. Гудамжинд жагсдаг байсан. Нам хүртэл байгуулж дарга нь болж явсан. Хар долдугаар сарын 1-нийг зохион байгуулж удирдсан. Шоронд орох шахсан. Түүний удирдагаар жагссан залуус шоронд орсон. Харин мань эр мултарч үлдсэн гээд. Яг үнэндээ Ж.Батзанданг аавын хаалга татах агшинд сугалж авч үлдсэн хүн нь өнөөдрийн үзэн ядуулагч Н.Алтанхуяг гэж байгаа. Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга байхдаа төр үймүүлсэн хэргээр ялын тогтоол уншуулах гэж байсан Ж.Батзанданд гарын үсгээ зурсан намынхаа батлахыг өгч байж.
Р.Бурмаа. Ардын намын “Урбанек” Б.Лхагважавтай хамт Иргэний хөдөлгөөн байгуулж явсан. Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн гэсэн нэрээр олны хараанд орж ирсэн. Дараа нь АН-д элссэн. Юутай ч 1990 онд ардчилал болж, партизанууд өлсч цангаж, тэмцэж явахад энэ эмсэгтэй хаана явсныг зарим хүн сонирхдог л юм байна лээ.
М.Зоригт. Уг нь ардчиллыг дэмжигч. Анхнаас нь явсан ардчилагч. Гэхдээ 2004 онд ИЗН-ыг бараадаж анх удаа УИХ-д орж ирж байв. Дараа нь 2012 оны сонгуулийн өмнө АН-д элсэн Сүхбаатарт нэр дэвшээд дахин гишүүн болсон. М.Зоригтын хувьд нам солих юу ч биш. Байдаг л зүйл. Ардчилсан нам таалагдахгүй бол 2016 онд Ардын намаас ч нэр дэвшиж чадах хүн гэж дүгнэхийг сонсож л байсан. Хэтрүүлэг байж болно, гэхдээ л…
Х.Баттулга. Олон төрийн нүүр үзсэн гэдэг шиг нам сольж явсаар АН-д ирсэн эрхэм. Ер нь бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсноос хойш ил далд тэмцэлдсээр ирсэн. Танхимынх нь сайд байхдаа л “Унагана…” гэж хашгирдаг байсан тэрээр энэ үйл явдлын гол найруулагчдын нэг гэх юм билээ.
Б.Наранхүү. “Мон Уран” компанийн захирал энэ эрхэм улс төр гээч “ном”-ыг уншиж үзээд хоёр жил гаруй л болж байгаа. Түүнээс өмнө “бизнес”-ээ л хийж байсан. 2012 оны хавар Б.Наранхүүгийн хувьд тун хүнд байв. АТГ-ынхан барьж хорьчих гэж айлгаад. Улс төрийн намын нөмөр нөөлөг чухам тэр үед л хэрэгтэйг ойлгосон гэж байгаа. Ингээд аль нэг намыг бараадахаар Ардын нам дээр очтол зарим дарга нь авахаас татгалсанаар Ардчилсан намыг зорьж. Ардчилсан намын удирдлагууд ч түүнд нүүр өгсөнгүй. Гэсэн ч янз бүрээр оролдсоноор одоогийн төрийн өндөрлөгүүдийг зөвшөөрүүлж чадсан. Тэрээр улс төрөөс тэс өөр бизнесээ эрхлээд явж байсан энэ эрхэм хамгийн богино хугацаанд буюу 48-хан цагийн дотор Ардчилсан намд элсээд, улмаар Дундговь аймагт нэр дэвшсэн амжилтын эзэн. Монголд байтугай дэлхийд ийм улстөрч үгүй биз. Хэцүүхэн үед нь алга тосон угтсан намын даргаа Ерөнхий сайдын сэнтийгээс нь буулгах түүнд огтхон ч хэцүү биш гэдгийг олон хүн хэлж байна. Учир нь парламентын сөрөг хүчний дотор түүний наймаа бизнесийн “эцэг” нь гэж болох эрхэм бий. Хэрэв тэр нь хүсч л байгаа бол Б.Наранхүү хийх л ёстой гэнэ. Харин дараа нь Ардын нам руу л арилаад өгнө биз. Түүнд лав намын ялгаа байхгүй.
Л.Эрдэнэчимэг.Түүнийг ингэж аягласанд эргэлзэж гайхах шалтгаан байхгүй. Тэр угаасаа “Монос”-ынх болохоос Улсын Их хурлын гишүүн биш. Бас хууль ярьдаггүй. Бенз машин, эмийн үнэ энэ тэр л ярина. Тэгээд ч МоАХ фракцын гишүүн болохоор Х.Баттулга даргыгаа дагана гэдгээ Тамхи татах цэг дээр таван минут болохдоо л дэргэдээ байсан хүмүүст ойлгуулчихсан гэх. Улс төрийн хүрээнийхэн түүнийг цаашлуулан “Эрдэнэчимэг гишүүн Монголд эдийн засгийн хямрал болоод байгаа үгүйг, бас Ерөнхий сайдыг огцруулах гээд байгаа эсэхийг мэдээгүй л яваа…” гэцгээж байсан. Олны яриа ортой ч гэдэг.
Ийм хэдэн эрхэм намынхаа даргыг Ерөнхий сайдаас аваад хаячихлаа. Социализмын үед гарсан нэг үг байх. Тээврийн жолооч нараас гаралтай хэлц л дээ. Замын гайг бүү ав гэж. Замын гай гэдэг нь холын тээврийн замд гар өргөн дайгдсан хүнийг хэлж байгаа юм. Замын гайг суулгасан жолоочийн машин эвдэрч замд саатдаг гэх яриа суртлыг насаараа тээвэрт явсан ланжгар жолооч нар хэлнэ дээ. Замын гай… гэж байгаа. Намын даргаа Ерөнхий сайдаас нь унагасан гишүүдийн дийлэнх нь Ардчилсан нам гэдэг ачааны машинд зам зуураас дайгдсан байгаа юм. Мөн ухаан суусан хүүхэд өргөснөө хүрэн бөөртэй гэж гоочилдог, унаган адуу минь гэж хурдан морио онцолж магтдаг гээд энэ жишигтэй холбоотой олон ухааныг дээдэс үлдээжээ.
Ингэж “замын гай” засгаа хорлосон нь ардчиллын он жилүүдэд байтугай Монголын түүхэнд байхгүй үйл явдал болов.Бас Ардчилсан намыг тэргүүлж байх хугацаандаа замаасаа ийм гайг цуглуулсан нь Н.Алтанхуягийн алдаа боллоо.
Ардын намынхан ингэсэн бол яаж байгаа бол. Яг үнэндээ ингэж кнопдох зүрх ч, хүмүүжил ч тэдэнд байхгүй. Харин Ардчилсан намыхнаар хийлгэж чадлаа. Одоо Ардчилсан намынхан ид зодолдож байна. Фракц, бүлэглэлээрээ талцчихсан. Хэр удаан үргэлжлэхийг бүү мэд. Бойкот, шантааж, тохироо, зөвшилцөл үргэлжлэх нь мэдээж. Харин энэ хооронд валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ хаа хүрэх бол. Эзэнгүй мал салхидаад тэнэдэг шиг “юмны үнэ” тэнгэрт хадах нь маш тодорхой болов. Өчигдөр уржигдраас хөөрөөд, хөөсрөөд эхэлчихсэн. Энэ бүхний эцэст сандал ширээ булаалдсан энэ хэдэн улстөрч бус мань мэтийн ард түмэн буюу сонгогчид л хохирч үлддэг буй за.
Эх сурвалж: www.polit.mn
URL: