ИРГЭД БҮТЭН ТАЛХ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРГҮЙ БОЛЖЭЭ
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд “Иргэдийн цаг” аянаа Сонгинохайрхан дүүрэгт үргэлжлүүллээ. Тэд тус дүүргийн Баянхошуу, Өнөр, Толгойт гэсэн гурван бүсэд хуваагдан ажилласан юм. Толгойт бүсийн иргэдтэй УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, Удирдах зөвлөлийн НХБГ-ын дарга С.Чинзориг, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Д.Энхтөр, дүүргийн намын хорооны дэд дарга Х.Нямбаатар нар уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Уулзалт Орбитын тойргоос эхэлж, “Гүнгэрваа” худалдааны төв, Толгойтын хуучин эцэс, тус дүүргийн Шөнийн зах, Ханын материалын эцэс орчимд үргэлжилсэн юм.
Орбитын оршин суугчид өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярьж байв. Тухайлбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост байхгүй, цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу, түлээ, нүүрсний нэгдсэн зах байхгүй учраас гадаа ил задгай худалдаа хийж байгаа, мөн портер болон жижиг машинаар халтуур хийж амьжиргаагаа залгуулдаг иргэдэд машины зогсоол байдаггүй зэрэг асуудлыг МАН-ын удирдлагуудад хэлж байлаа. Тухайлбал, XXII хорооны иргэн Б.Баасансүрэн “Бидний амьдарч буй газар маш олон оршин суугчтай. Автобус унаа хүрэлцдэггүй. Шөнө орой Тахилтад байдаг хүмүүс гэртээ харьж чаддаггүй. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн хүмүүс олон байдаг болохоор тэдэнд ажил олддоггүй. Жижиг машин юм уу портер машин барьж халтуур хийх гэхээр зогсоол байхгүй учраас Орбитын тойрогт зогсох боломжтой байдаг ч цагдаа нар хөөдөг. Орбитын тойрог нь хөл хөдөлгөөн ихтэй боловч тохижилт маш муу” хэмээн ярьж байв. “Гүнгэрваа” худалдааны төв нь ойр хавийн худалдааны төвүүдээс хамгийн хямд, боломжийн үнэтэй гэгддэг ч өдрийн цагаар ямар ч худалдан авагчгүй байдаг байна. “Гүнгэрваа” худалдааны төвийн худалдагч Л.Цэндсүрэн “Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар буурсан. Манай худалдааны төв өдрийн цагаар ямар ч үйлчлүүлэгчгүй өнжиж байна. Махны хоёр лангуу байдаг. Өдөр өдрөөр ээлжилж ажиллахгүй бол түрээсээ төлж чадахгүй хэцүү байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авагчдын тоо буурсан. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордсоор байна шүү дээ”
Харин ХХ хорооны иргэд “Цахилгааны мөнгөн дээр нэмж хүн амын орлогын албан татвар аваад байна. Энэ яагаад ингэж байгаа юм бол. Цалингаасаа НӨАТ, ХАОТ-аа суутгуулаад төлдөг байхад цахилгааны мөнгөн дээр эдгээр татварыг яагаад нэмж аваад байгаа юм бэ. Өнөөдөр ард түмний амьдрал улам доройтож байна. Захын хороололд амьдарч байгаа иргэд талх хувааж авч байна. Бүтэн талхны мөнгө хүрэхгүй болоод талхыг хоёр хувааж авч байна шүү дээ” хэмээн бухимдацгаав. Мөн ХХ хорооны иргэн Х.Алтантуяа “Төслийн зуух өнгөрсөн жил 26000-55000 төгрөгийн хооронд байсан бол одоо 130000-240000 төгрөг болтлоо өслөө. Үүнийг авах чадвартай хүн хэд байгаа билээ. Таван ам бүлтэй айл оройн хоолоо 200 гр махаар болгож байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг юу гэж байна вэ гэхээр “Нэг хүн өдөрт 200 гр мах идэх ёстой” гэж байна лээ. Тэр нь бидний хувьд тансаг хэрэглээнд орно” гэв. Тус дүүргийн шөнийн захаар ороход харьцангуй хөл хөдөлгөөнтэй байсан ч худалдан авагч байхгүй байгааг худалдагчид хэлж байв.
V хорооны оршин суугч Ц.Нямхүү Тэтгэврийн бидний хувьд авсан хэд маань хаанаа ч хүрэхгүй юм. Монгол Улс мал аж ахуйн орон. Гэтэл сүү сүүн бүтээгдэхүүн, мах зэрэг өөрийн хөрсөн дээр байгаа хэдхэн бүтээгдэхүүнийхээ үнийг нэг төвшинд бариад байдаг бол ард иргэд авч хэрэглэхэд боломжийн шүү дээ. Тэтгэврээ аж амьдралдаа хүргэх гэж ядаж явахад хөгшин биднийг нийтийн тээврээр үнэтэй зорчуулна гээд байх юм. Улс орон өрөнд ороод хөгшид биднийг харж үзэх нь битгий хэл бүр тоохоо больж байгаа юм бол уу гэж бодохоор заримдаа гомдмоор санагдах юм” хэмээж байлаа. Мөн Ханын материалын эцэс орчим газар дахин төлөвлөлтөд орсон талаар УИХ-ын гишүүн Ц.Дашдорж иргэдээс санал бодлыг нь асуухад тодорхой хариулт өгч чадахгүй байв. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл байхгүйтэй холбоотой аж. Ийнхүү иргэдтэй уулзсаны дараа Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Нямбаатарын сэтгэгдлийг сонссон юм. “Иргэдийн амьжиргааны чадавхи, худалдан авах чадвар эрс доройтсон байна. Үндэсний статистикийн төв газрын судалгаагаар иргэдийн худалдан авах чадвар 47 хувиар буурсан гэсэн тооцоо гарсан. Гэвч бодит байдал дээрээ түүнээс илүү хувиар багассан байгаа нь хэд хэдэн худалдааны төв, хорооны иргэдийн ярианаас ажиглагдлаа. Зэрэгцээ лангуунууд ээлжилж ажиллаж байна. Манай дүүргийн намын хорооны ажилчид дүүргийнхээ иргэдтэй ойртож ажиллахыг зорьдог. Орбитын тойрогт ил задгай нүүрс асгаж зардаг байсан Б.Энхтуяа эгчид тусгай чингэлэг гаргаж өгч, түлээ нүүрс зарах зөвшөөрөл олгосон. Мөн иргэд асуудлаа бичгээр ирүүлж шийдвэрлүүлэх боломжтой. Зарим саналыг зохих байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх болно” хэмээлээ.
Энэхүү уулзалтын үеэр яригдсан гол асуудал нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэхгүй байгаа, гэр хорооллын дахин төлөвлөлт, түлээ, нүүрсний нэгдсэн зах байгуулах зэрэг сэдэв байлаа. Ард түмний амьдрал доройтож ядарч байхад татварын мөнгийг дэндүү үрэлгэн зарж байна. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газрын болоод нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн оновчгүй, буруу, алдаатай бодлогын хор уршгаар иргэдийн аж амьдрал доройтож, дотоодын үйлдвэрлэгчид, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж, иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаад иргэд бухимдалтай буйгаа илэрхийлж өөрсдийнхөө үгийг төр засагт дамжуулж өгөхийг хүсч байлаа.
URL: