Шагнал авахаасаа ичих ч лүд юм аа
Төрийн шагналд шинэ бодлого хэрэгтэй байна гэдгийг төрд данстай эрхмүүдэд онцолж хэлмээр байна. Тэр дундаа төрийн шагнал олгох, тушаал, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий сайд, дарга нарт энэ үгийг хаяглах хэрэгтэй.
Төрийн шагнал сүүлийн үед төрд данстай нэгний, хэн дуртайдаа олгодог энгэрийн тэмдэг төдийхөн болжээ. Гавьяа шагнал, хичээл зүтгэл гэдэг зүйлийг өнөө үед мэддэг, ойлгодог дарга, цэрэг ч алга болж. Сүр дуулиантайхан олгодог байсан одон, медалийг сүүлийн үед хэн дуртай нь өгдөг, авдаг болсон байна. Засаг төрөөс олгодог энэ шагналыг онгироо, аархуу нэг нь ичээд авахаа байлаа. Цахим хуудсаар л нэг доог, тохуу болж байна. Сайд дарга нарыг муулж байгаа ч нэгэн байх юм. Сайх залууг ч шоолж, шоглож байгаа нь таарах юм. Ямартай ч энэ нь төрийн шагнал олгох системд гажуудал үүссэнтэй холбоотой байх. Мөн яам, тамгын газарт ажлаа мэддэггүй, авлигад автсан хэдэн улс ажилладагыг харуулж байгаа хэрэг биз. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх цаг нь нэгэнт болжээ.
Ардчиллаар овоглосон Ерөнхийлөгчөөсөө эхлээд бид баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр бөөн бөөн шагналын хур буулгаж, нэг дор 30-40, 300-400 хүнд төрийн шагналыг гардуулах нь энгийн үзэгдэл болов. Энэ нь хавтгайрсаар эцэс сүүлдээ засаг төрөөс олгосон шагналыг хэн нэгнийхээ энгэрт дураараа зүүгээд өгчихдөг болчихлоо.
Монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Мөн аливаа зүйл олшрохоороо үнэ цэнэ, утга учраа алддаг. Түүнтэй адилхан төрийн шагнал ч бас жилээс жилд үнэ цэнэ, утга учир, үнэлэмжээ алдсаар байна.
ЭЗНЭЭ ОЛООГҮЙ ШАГНАЛУУД
Хоёр жилийн өмнө бид “Самандын Жавхлан “Гавьяат”-аасаа татгалзав” гэсэн мэдээллийг сонин, сайтаас уншиж байсан. Мөн түүнийг “гавьяат” гэх цол тэмдэгээ хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавд тоглолтынх нь үеэр гардуулж, олон хүнийг гайхашруулж байсныг ч тод санадаг. Цагтаа яахав, түүнийг “Надад гавьяат гэх нэр, алдар хүнддэж байна” гэсэн үгээр нь цагаатгаад өнгөрсөн. Түүнчлэн олон сайхан ая зохиосон алдарт хүмүүсээ үнэлээгүй атлаа урлагт хөл тавиад удаагүй залуу дуучин Д.Болдод “Төрийн соёрхолт” хэмээх хэр баргийн хүнд өгөөд байдаггүй эрхэм цолыг өгснөөрөө баахан хэл ам таталж байв. Гэтэл өнөөдөр гавьяа, зүтгэл хоёроо ялгаж салгаж мэдэхгүй, давилуун залуус түмний хүндэтгэлийг уландаа гишгэж, төрийн одон медалиас татгалздаг болжээ.
Өнөөдөр бид эзнээ олоогүй шагналын тухай ам уралдан ярьдаг болж. Сүүлийн үед бүр “Алтан гадас” одонг үнэгүйдүүлсэн фитнес мисс Б.Сугарсүрэнгийн тухай цахим ертөнцийнхөн баахан шуугисан. Ар, араасаа шүүмжлэл дагуулсан энэ мэт олон шагналыг он оноор нь жагсаавал авлига, хээл хахууль дагуулсан асуудалтай шагнал ч бас цөөнгүй гарч ирэх нь мэдээж.
Одоо бүр л олон хүн шагналаасаа татгалздаг болж. Дуучин С.Наран МУГЖ цол, тэмдэгээсээ татгалзлаа л гэнэ. Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ СТА тэмдгээ сайдад бэлэглэлээ л гэнэ.
ШАГНАЛ ГАРДУУЛЖ ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДДАГАА БОЛЬЁ
Уг нь бол төрийн шагналаар хувь хүнийг урамшуулахдаа байгуулсан гавьяа, олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг нь харгалзан үздэг. Насаараа төрд зүтгэчихээд, намайг гавьяаныхаа амралтад суухаас өмнө шагнахгүй юм байх даа гэсэн горьдлого тээсэн хүмүүс цөөнгүй бий. Мөн төрийн шагнал олгох журамд ч энэ тухай тодорхой заалт бий. Гэтэл цаасан дээр жирийтэл бичсэн тэр тушаал журмыг хэрэгжүүлдэг салбар гэж алга. Өгдөг, авдаг эзнээ олоогүй шагналынх нь ард улс, нийгмийнхээ төлөө олон жил ажилласан, салбартаа гавьяа байгуулсан олон алдартнууд “Соёлын тэргүүний ажилтан” битгий хэл, “Жуух бичиг”-гүй хоцорсон нь цөөнгүй. Мөн ард түмний гавьяат гэж өөрийгөө өргөмжилчихөөд, авилга, хээл хахуулийн ард гологдоод үлдсэн ахмадууд олон бий. Гэтэл төрийн одонг тоож хардаггүй, “том толгойтой” сагсуу залуус дэндүү олон болжээ. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй “Гавьяат”-ууд ч бас чамгүй олон байна. Тиймээс аль ч салбарын сайд, дарга нарт, шагналд тодорхойлох эрх мэдэлтнүүдэд шагнал олгох шалгуурыг тодорхой болгоё гэж уриалмаар байна. Ялангуяа, “Тэргүүний тийм хүн” гэдэг цолыг салбарын сайд, бүх яамд нь баруун солгойгүй өгөхөө больё. Тэр тусмаа энэ тэндэхийн элдэв арга хэмжээн дээр халаасалж ирээд, хаа сайгүй тараадаг муу зуршлаа давтахгүй байвал сайн байхсан. Мөн төрийн нэр хүндийг өндөрт өргөж, сонгууль угтсан шоундаа шагнал гардуулж өөрийгөө рекламддагаа бүр больё.
ГАВЬЯА ШАГНАЛ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ХОЁРЫН ДУНД ХОЛ ЗАЙ БИЙ
Хичээл, зүтгэл, гавьяа шагнал хоёрыг хоорондоо огт хамааралгүй гэж боддог хэсэг хүмүүс байх юм. Тийм болохоор шагналыг хэдийд, хэнд гардуулж болохыг нь сануулчихъя. Зүтгэл гэдэг уг нь төрийн албанд олон жил, үр бүтээлтэй ажилласныг хэлдэг баймаар юм. Харин түүнийг нь үнэлж, төрийн шагналаар урамшуулж, түмний дунд нэрийг нь мөнхөлдөг. Гэтэл манайд төрийн одон медалийг хэнд, хэзээ, хэрхэн олгох менежмент оновчгүй бас тодорхойгүй болжээ.
Тиймээс гадны орны жишигт нийцүүлэн гавьяа шагналын системийг шинэчлэх шаардлагатай байна.
Төрийн уламжлалаа хадгалсан Европын зарим улс оронд одон, тэмдэгийнхээ нэр хүндийг хадгалахын тулд гагцхүү төрд гавьяа байгуулсан хүнд өгдөг нь нийтлэг үзэгдэл бөгөөд бизнес, урлаг, боловсрол зэрэг нийгмийн салбарт гаргасан амжилтыг нь төрөөс шагнахыг зохисгүйд тооцдог байх юм. Тухайлбал, “Ардын жүжигчин”, гавьяат жүжигчин” гэх зэрэг цол тэмдэг байдаггүй.
Тэр бүү хэл, шүүх, прокурор зэрэг байгууллагын ажилтныг төрийн буюу гүйцэтгэх эрх мэдлийн шагналаар шагнахыг төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөрчсөн явдал гэж үздэг ажээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр байгууллагын ажилтныг төрийн гавьяа шагналаар шагнадаггүй юм байна.
Харин мэргэжлийн сайн дурын байгууллага санаачилгаараа жил бүр олгодог салбарын шагналыг бий болгож, цэвэр нарийн мэргэжлийн үүднээс аливаа уран бүтээлийг үнэлэх төрийн бус академи байгуулж, тэр академийн гишүүд нь нууц санал хураалтаар тухайн жилийнхээ шагналыг ямар бүтээлд олгохыг нь шийдвэрлэдэг ажээ. Тийм учраас манайх шиг нүдээ олоогүй шагналын эзэд байдаггүй юм байна. Мөн арын хаалга, авлига, хээль хахуулиар авлаа гэсэн яриа огт гардаггүй аж. Гэтэл манайд харин эсрэгээрээ. Эзнээ олоогүй энэ их шагналыг арын хаалга, авилга хахуулиар авдаг. Аль эсвэл танил тал харсан, ганц нэг кинонд тоглосон, ганц нэг дуу дуулсан, аль нэг арга хэмжээн дээр таарсан хэн нэгэндээ “Соёлын тэргүүний ажилтан” гэсэн цол тэмдэгийг салбарын сайд нь өврөөсөө гаргаж ирээд л, өөрийнхөө нэрэмжит шагнал юм шиг өгчихдөг болж. Мөн урлаг, соёлын байгууллагад ажилладаг л бол үүдний жижүүр, үйлчлэгчээсээ эхлээд хэн дуртай нь авч болдог, мөн хэн дуртайд нь өгч болдог шагнал гэсэн ойлголт төрөөс олгодог гавьяа шагналыг түмний дунд үнэгүйдүүлж байна.
Шагнал авахаасаа ичнэ гэдэг ч лүд юм аа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шагнал авахаасаа ичнэ гэдэг ч лүд юм аа” энэ юү гэсэн үгүүлбэр вэ?