Тархи, гэдэс, уушгийг гэмтээдэг шинэ төрлийн ханиад бага насны хүүхдэд хүнд тусч байна

emneleg3

Эцэг, эхчүүдийг айдаст автуулж аргыг нь бараад байгаа бөөлждөг, гүйлгэдэг ханиадны халдвар улам газар авч байна. Сүүлийн хэдэн долоо хоногт дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг гүйлгэсэн, суулгасан, шингэн алдсан хүүхдүүдээр дүүрлээ. Эцэг эхчүүд энэ ханиадны талаар ам дамжуулан сонссон ч ямар шинж тэмдэгтэй, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэггүй байна. Тиймээс хүүхдүүдийн тамирыг барж байгаа энэ өвчний талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлгийг зорилоо. Эмнэлэгт ирж буй хүүхдүүдийн олонх нь энэ ханиадны халдвар авчээ. Олон хоног бөөлжсөн, гүйлгэсэн тул уйлах ч тэнхэлгүй болтлоо тамирдсан өлгийтэй, өлгийгүй ээж аавдаа тэврүүлсэн хүүхдүүд хүлээн авахын өмнө зогсоно. Тэдний ихэнх нь 0-2 насных. Ийм дараалал өдрийн цагаар бага байгаа ч орой ажил тарсны дараа ихэсдгийг ээлжийн сувилагч ярилаа. Хүлээн авахад өдөрт 60-90 хүүхэд үзүүлж байгаа бөгөөд үүнээс хамгийн багадаа 20 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.

Эцэг, эхчүүд энэ ханиадны талаар ам дамжин сонссон ч хүүхдээ халуурч, бөөлжиж эхэлмэгц тархи нь хөдөлсөн байх гэж бариулсаар цаг алддаг байна. Сувилагч нар эхний ээлжинд дусал залгасны дараа  бүртгэлээ  эхэлж байгаагаас харахад хүүхдүүд маш их хүндэрсэн хойноо ирдэг нь тодорхой байлаа.

Балчир хүүхдүүдийн тархи, гэдэс, уушгийг гэмтээдэг

Сүүлийн хоёр жилд ханиадны вирусны өөрийгөө хамгаалах чадвар улам “хэцүү” болжээ. Өмнө нь ханиадны вирус ихэнхидээ бөөрөнхий хэлбэртэй байсан бөгөөд эм уухад өнхөрч, амархан туугддаг байжээ. Харин сүүлийн үеийн вирусууд олон өнцөгтэй, талст хэлбэртэй болсон тул хэр баргийн эм, тарианд дарагдахаа больсон гэж сувилагч Т.Мөнхцэцэг ярилаа. Тэрбээр “Хүүхэдтэйгээ хэвтсэн хүмүүс хүүхдээ эдгэхээр эндээс гараад явчихдаг. Харин бид бол энэ өвчний голомтонд үлдэж, дунд нь “амьдардаг” хүмүүс. Ээжүүдэд зөвлөгөө өгөөд гаргадаг ч дахиж ирэх нь олон байна. Энэ ханиад хаалга онгойх, гадуур хувцастайгаа орж ирэх, хажуугаар нь гүйж өнгөрөх зэргээр салхи сэвэлзэхэд л сэдэрдэг өвчин. Даарахад маш хурдан сэдэрдэг. Тиймээс хүүхдээ аль болох дааруулахгүй байх хэрэгтэй” гэж анхааруулсан юм. Тэрбээр хүүхдээ сахиж буй ээж нарыг коридорт цуглуулж, зөвлөгөө өгдөг аж. “Гэдэсний ханиад” гэгчийн вирус нь хүүхдийн тархи, уушги, гэдэс гээд дотоод эрхтэнг нь гэмтээдэг аюултай “дайсан” юм.

“Гэрээрээ эмчилнэ гэж хугацаа алдлаа”

Нэг ой, хоёр сартай Д охин эмнэлэгт ирээд гурав хоножээ. Өндөр халуурч, бөөлжсөөр хоёр дахь хоног дээрээ эмнэлгийн бараа харсан байна. Гэртээ байхдаа танил эмчээсээ зөвлөгөө авсан бөгөөд мөн 103-аас ямар эм хэрэглэх талаар асуужээ. Гэсэн ч Д охины бие сайжрахгүй байсаар шингэн алдаж, тамир тэнхээгүй болоод эмнэлэгт ирсэн байна. Гурван өдөр дусал залгуулж, 6 цагийн зайтай тариа хийлгэж, олон эм ууны эцэст өнөөдөр л сайжирч байгаа аж. Зургаан сартай Н бас л ийм шинж тэмдэгтэй, дөрвөн хоног суулгажээ. Ханиалгадаггүй, өндөр халуурч бөөлждөг тул гэрийнхэн нь тархи нь хөдөлсөн байна гэж оншлоод гурав хоног бариулсан гэнэ. Эхний өдөр дээрдэж байсан ч сүүлдээ ямар ч үр дүнгүй, улам хүндрэхэд нь эмнэлэгт хандсан нь энэ аж. “Шууд  эмнэлэгт хандалгүй, хүүхдээ зовоочихлоо” гэх түүн шиг ээж цөөнгүй байлаа.

Төлбөртэй өрөө хоногийн 15.500-28.500 төгрөг

Эмнэлгийн орны хүрэлцээ тааруу тул шинээр ирсэн хүүхдүүдэд коридорт эвхдэг ор засаж өгчээ. Гэхдээ энэ өвчний ид үе нь 5 хоног байдаг тул ихэнх хүүхэд 5 хоноод эмнэлгээс гардаг. Тиймээс шинэ ирсэн өвчтөн нэг, хамгийн ихдээ хоёр хоноод өрөөнд ордог байна. Энд өдөрт 125 хүүхэд хүлээж авах нормтой ч 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл 20-30 хүүхэд коридорт хонодог гэсэн үг.

Мэдээж, эмнэлгийн төлбөртэй өрөөг сонирхсон хүмүүс олон ч тэр бүр олдохгүй. Олдсон ч үнийг нь сонсоод дуугүй болох эцэг эхчүүд ч байлаа. Учир нь төлбөртэй өрөө нь хоногийн 15.500-28,500 төгрөг. Эмнэлэгт хүүхдийн памперс, хоол унднаас эхлүүлээд нэлээн зардал гардаг тул төлбөртэй өрөөнд орох нь мөнгөтэй хүмүүсийн л чадах зүйл.

Сүлжсэн сармис, сүүтэй хярам

Балчир хүүхдүүдийг “дарамталдаг” энэ вирусыг хамгийн сайн дардаг зүйл нь хямд хэрнээ олдоц сайтай сармис. Ногооны худалдаагаар зардаг урт иштэй монгол сармисыг сүлжээд хаалганыхаа дээр өлгөнө. Гэрт амьдардаг бол хатавчиндаа хавчуулахад олон талсттай вирусыг оруулдаггүй “ид шидтэй” аж. Мөн цэцэрдэг, сургуулийн хүүхдүүд, оюутнууд гээд хамгийн ихээр ханиадны вирус тээгчдийг мөн л сармисны тусламжтайгаар урьдчилсан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө. Ингэхдээ сармисыг голоор нь зүсээд шүүсийг нь уруулын дээд хэсэгт түрхэнэ. Харин хамарт нь түрхэж болохгүй, учир нь хамарны намираа үс вирус орохоос хамгаалдаг “хаалга”. Хэрэв хүүхэд тань түрхүүлэхгүй гээд байвал гарынх нь ар талд эрхий хурууны угны орчимд сармисны шүүсийг түрхэхийг зөвлөж байна. Учир нь хүүхэд гарынхаа тэр хэсгийг ам, хамартаа байнга хүргэдэг аж. Мөн байнга хярам уулгаж байвал энэ вируснээс сэргийлэх юм.

Хүүхдийн төлөө гэдэг сайд, дарга нар хаана байна?

Уг нь нийтийг хамарсан, тархалт ихтэй өвчний талаар ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар гээд хариуцсан байгууллагууд нь иргэддээ анхааруулж, ядаж цахим хуудас, фэйсбүүкээрээ ч гэсэн мэдээлэл өгч баймаар юм. Олон хүүхдийг өвчлөхөөс нь өмнө, эмнэлэгт очихоос нь өмнө сэргийлэх хэрэгтэй байна. 10 сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 9.875 хүн томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм. Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж.

Гэтэл салбарын сайд, дарга нар маань сүүлийн үед элэгний эмний тухай “хэрүүлийн алим” шидэлцээд энэ талаар дуугарах завгүй байгаа бололтой. Эбола вирусын талаар “Дэлхийд эмчлэх арга гараагүй байгаа болохоор энэ талаар бидэнд хэлэх үг алга” гэж хэнхэгнэж суухаар жил бүр “эргэж ирдэг” эцэг эхчүүдийг эдийн засгаар хямрааж, хүүхдүүдийн дархлааг сулруулдаг ханиад томуундаа ядаж анхаарал хандуулмаар юм.

Улс төржиж суух хооронд чинь улаан нялзрай үрс өвдсөөр байна шүү, дарга нар аа.


URL:

Нэр: Ц.ОЮУНГЭРЭЛ Огноо: 6 November 2014

ТИЙМ ШҮҮ

Сэтгэгдэл бичих