Гаалийнхан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ

sasaas

ГЕГ-ын дарга О.Ганбат өнгөрсөн онд байгуул­лагынхаа хэмжээнд санхүү­гийн онц байдал зарлаж байсан. Учир нь улсын төсөв алдагдалтай байгааг хүн бүр мэдэж байгаа.

Энэхүү алдагдлыг нөхөх үүргийг Сангийн сайд гаалийн байгууллагынханд өгч байсан юм. Учир нь, гаалийн байгууллага төсвийн орлогын багагүй хувийг бүрдүүлэх ёстой байсан ч нормоо биелүүлж чадаагүй учраас ийнхүү санхүүгийн онц байдлыг зарлаж байсан юм. Гэтэл санхүүгийн онц байдал зарлаад байсан гаалийн газар улсад төвлөрүүлэх ёстой байсан мөнгийг өөрсддөө дур мэдэн зарцуулж байсан нь НМХГ-ын шалгалтаар тогтоогдоод байна.

Гаалийн байцаагч на­рын хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэл байс­хийгээд л хэвлэл мэдээл­лээр гардаг. Улсын тө­сөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгийг хувьдаа завш­сан, бусад­тай хуйвалдаж хилээр их хэмжээний эд зүйлс нэвт­рүүлсэн гэх хэл аманд байнга л өртөж байдаг. Тэгвэл тус газрын ажилчид эдийн засаг хүндэрсэн энэ үед Засгийн газрын тогтоолыг зөрчин нэмэгдэл хөлс нэрээр өөрсдөдөө 90 хувийн нэ­мэгдэл цалин аваад зог­сохгүй нягтлан бодогч нар нь хүртэл өөрсдөдөө илүү цагийн мөнгө бодож бай­сан зэрэг тун ноцтой зөрч­лийг НМХГ-ын шал­галтаар тогтоосон байна.

Тухайлбал, нягтлан бодогч Б.Эрдэнэсувдад 79.1 мянган төгрөг, Д.Долгор­сүрэнд 31.3, Б.Сарантуяад 71.2, Р.Сэлэнгэд 39.5, О.Ган­болдод 92.9, Ц.Дашдондогт 98.2 мянган төгрөгийн нийт 412.2 мянган төгрөгийн илүү цагийн хөлс нь ба­тал­гаажаагүй, тушаал шийдвэргүй эрхийн акт­гүйгээр захиран зарцуулж нийт 221.3 мянган төг­рөгийг олгосон байжээ.

Тиймээс энэхүү мөнгийг төсөвт буцаан төлүүлэхээр акт тогтоосон байна.

Асуудал үүгээр дуусах­гүй. Өөрөөр хэлбэл, тус газар батлагдсан орон тооноос илүү хүн авч ажилуулаад зогсохгүй гаалийн байцаагчдын цол тэмдгийн нэмэгдлийг хууль зөрчин олгож байсан зэрэг маш олон ноцтой зөрчлүүд нэг дор илэрсэн нь албаны хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн юм. Ер нь аль ч төрийн байгууллага санхүүгийн асуудлыг нягт нямбай хийдэг. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолд “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны, албан хаагчийн хувьд түү­­ний албан тушаалын са­рын цалин, бүх төрлийн нэмэгд­лийн дүнгийн, төрийн үйлчил­гээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тог­тоосон байдаг. Гэтэл “Буянт-Ухаа” дахь Гаалийн газар хэсэг ажилчдынхаа нэмэгдэл хөлсийг ийнхүү 90 хувь хүртэл олгосон нь Засгийн газрын тогтоолын заалтыг ноцтойгоор зөрчсөн хэрэг юм. Ер нь сүүлийн үед төрийн байгууллагын за­рим нэг дарга нар хууль зөрчин өөрсдөдөө дур мэдэн нэмэгдэл цалин олгох, янз бүрийн цолны нэмэгдэл гэх зэргээр маш их хэмжээний мөнгийг улсын төсвөөс хууль бусаар гаргаж захиран зарцуулдаг нь нууц биш.

Тиймээс өнгөрсөн хуга­цаанд иймэрхүү хэр­гээр нэлээд хэдэн төрийн байгууллагын дарга нар дээлээ нөмөрч “аавынд” морилсон түүх ч бий. Тэгвэл төрийн албаныханд хамгийн их түгээмэл байдаг нэг зүйл бол цолны нэмэгдэл, тэтгэмж олгох явдал байдаг.

Мөн “Буянт-Ухаа” дахь гаалийн газар нь 2012 онд улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан мөнгийг 4.502.7 сая, 2013 онд 499.6 сая төгрөгөөр тус тус тасалсан нь шалгалтаар ч тогтоогджээ. Түүнчлэн 2012 онд батлагдсан орон тооноос долоо, өнгөрсөн жил 20 хүнээр хэтрүүлэн ажиллуулсан бөгөөд эд­гээр ажилтны цалин­гийн зардлыг ГЕГ-аас санхүү­жүүлж бай­сан аж. Ингэхдээ гаа­лийн улсын байцаагчдын цалин нийгмийн даатгалын шимтгэл, хоол унааны хөн­гөлөлтийг төсвөөс сан­хүү­жүүлж байгаа бо­ловч жилийн дундуур бүт­цийн өөрч­лөлт оруулсан тушаалыг шинэчлэн тодот­госон төсвийг батлан хүргүүлдэггүйгээс зөрчил дахин давтагдан гарсаар байгааг мэргэжлийн хя­налтын байцаагчид ихээхэн ноцтой зөрчил гэж хэлж байсан юм.

Түүнчлэн тэд “Гаалийн зөвлөх“ цолны нэмэгдлийг 36 сараар олгож, тэтгэмж болох 1.905.6 мянган төгрөгийг дур мэдэн олгосон байгаа юм. Түүнчлэн гаа­лийн ажилтнууд унаа, хоол, нэгж, сонин захиалга, урам­шууллын мөнгөө ца­лин­гаасаа тусдаа авдаг. Энэхүү мөнгийг ГЕГ-аас түр хугацаагаар түдгэлзүүлсэн ч даргынхаа ар хударгаар ийнхүү хууль бус үйлдэл хийсэн нь шалгалтаар тогтоогдсон гэсэн үг.

Бас нэг асуудалтай зүйл нь “Буянт-Ухаа” дахь гаалийн газар ажиллаж буй нягтлан бодогч нарыг хооронд нь байнга сольж сэлгэдэг, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж бай­гаагаас олон зөрчил ду­тагдал гардаг байна.

Үүнээс улбаалан сан­хүүгийн дотоод хяналт су­ларч байгаа учраас тус бай­гууллагын захиргаа удирд­лагын хэлтсийн дарга Г.Норванчигт Тө­рийн хяналт шалгалтын хуу­лийн дагуу 576 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдах тухай ч яригдсан байна.

Өглөөний сонин
Р.Саруул

URL:

Сэтгэгдэл бичих