АТГ-ын албан хаагчид Л.Гансүхийн өмгөөлөгчийн цүнхийг “ухжээ”
С.САРУУЛ
АТГ, Нийслэлийн прокурорын газар өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг 13 тэрбум төгрөг завшсаныг тогтоож, өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа талаар мэдээлсэн. Харин өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж болон “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Эм Жи Эл Эс Би” компанийн нягтлан н.Мөнгөнтуяа, н.Даваахүү нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нар өчигдөрийн АТГ-ын мэдээллийг үгүйсгэж олон нийтэд хандлаа. Энэ үеэр АТГ-аас сэтгүүлчдэд баримт болгон дэлгэсэн “Тулга эмнэлэгт гарсан өчигдөр, А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан, Нэгдэх өдрийн орой эрт Е сайдтай уулзаад өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргаж авъя гэж ярилцсан” гэх утгатай цаасны талаар өмгөөлөгч Ц.Баасандорж тайлбар хийсэн юм. Тэрээр “Л.Гансүхтэй уулзах үед Төв аймгийн Урьдчилан хорих төвийн алба хаагчид миний цүнхийг хурааж авахдаа дотор нь байсан бичиг баримтуудыг хулгайлсан байна. Өмгөөлөгч хүн өөрийн үйлчлэгчийнхээ эрхийг хамгаалж, хүсэлт, гомдол гаргадаг.
Өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотлох ёстой. Энэ дагуу л хийж байсан баримт бичгүүд байсан. АТГ-ынхан миний бичгийг дуурайлгаж Е сайд гэж нэмсэн байна. АТГ-ын удирдлагуудыг шүүхэд өгнө. Хэргийг ингэж дэлгэрэнгүй ярьж болохгүй. АТГ мэдээллийг мушгин гуйвуулж, миний үйлчлүүлэгчийн нэр төрд халдлаа. Зориуд санаатайгаар хохирлын хэмжээг ихэсгэж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үед яаран мэдээлэл хийж, хэн нэгний эргэн тойрны хүмүүсийг буруутай мэтээр харуулах гэж оролдож байна. Улс төрийн явуургүй арга хэрэглэж, иргэний нэр төрд халдаж байна. Үндэсний аудитын газар АТГ-ын гар хөл болж байна.” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: