Түлэнхийн төв түрээсийн мөнгөө төлж чадаагүйн улмаас Гэмтлийн эмнэлэг рүү нүүжээ

20141105063930Санамсаргүйгээр түлэгдэж, хөлдөж гэмтсэн хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг бол Түлэнхийн төв юм. Энэхүү эмнэлгийн байр нь хуучирч муудан таазнаасаа нурж, хүн хэвтэж эмчлүүлэх аргагүй болсон учраас уг эмнэлгийн барилгыг буулгахаар болсон. Тиймээс тус төв “Мөнгөн гүүр” эмнэлгийн талбайг түрээслэн үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд үргэлжлүүлсэн юм. Тус төв “Мөнгөн гүүр” эмнэлгийн хоёр болон гуравдугаар давхрыг сарын 28 сая төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Харин өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг давхарт шилжин ирсэн байна. Түлэнхийн төвийн барилга төсөв мөнгө нь шийдэгдээгүйгээс ажил нь өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрнаас гарах болсон шалтгаан нь түрээсийн мөнгийг төлж чадаагүйгээс болсон гэнэ.

Тус эмнэлэг дээр очиход хөл хөдөлгөөн ихтэй, Түлэнхийн тасагт үзүүлэх гэсэн иргэд нэлээд байсан юм. Тус төвийн үйлчлэгч эмэгтэй хүмүүсийг аргадангуйгаар “Зарим эмч нар хагалгаанд орчихсон байна. Иймээс та нар хүлээж байгаад ор. Орж үзүүлэх хүмүүс гадуур хувцасаа тайлж, улавч өмсөж ороорой” гэж байгаа дүр зураг угтлаа. Зарим иргэд “Яасан удаан хүлээлгэдэг юм бэ. Өглөөнөөс хойш зөндөө удаан хүлээж байна” гэж уцаарлах аж.

ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эмч н.Бат-Эрдэнэтэй уулзахад “Түлэнхийн төв, хувийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаад ГССҮТ-д өнгөрсөн аравдугаар сарын 1–нээс нүүж ирсэн. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хэвтэн эмчлүүлэгч их учраас бусад тасгийг бодвол ачаалал ихтэй байгаа. Гэмтлийн эмнэлэгт бүтэн нэг тасаг ирсэн учраас энэ эмнэлгийн ачаалал бас тодорхой хувиар нэмэгдсэн. Одоогоор түлэнхийн тасаг 60 ортой, 70 гаруй хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнтэй байна. Түлэнхийн төв хэзээ ашиглалтанд орох талаар сайн мэдэхгүй байна. Төсөв мөнгө нь шийдэгдэхгүй байгаа юм шиг байна лээ” гэсэн юм.

Мөн тэрээр “Ер нь Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь бага насны хүүхдүүд байгаа. Тэр дундаа гурваас доош насны хуүхдүүд ихэвчлэн хэвтэн эмчлүүлж байна. Бага насны хүухдүүд халуун тогоо, ус буцалгагч зэрэгт түлэгдэх явдал элбэг байдаг. Иймээс эцэг эхчүүд их хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ер нь бол өдөрт хүлээн авахаар дунджаар 20-иод хүүхэд түлэгдэлтэй гэж ирдэг. Ирсэн хүн болгоныг хэвтүүлэх боломжгүй учраас зайлшгүй хэвтэн эмчлүүлэх хүмүүсээ авдаг. Бага зэрэгт түлэгдэлтэй өвчтөнд эмчилгээ бичиж өгөөд явуулж байгаа. Орны хүрэлцээ муу учраас заримдаа хүмүүсээ газраар хэвтүүлдэг. Өвлийн улиралд ачаалал харьцангуй нэмэгддэг. Учир нь манайд түлэгдсэнээс гадна хөлдсөн хүмүүс ч их ирдэг юм. Иймээс хуучин эмнэлгийг шинэчилж хурдан ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэсэн юм.

Түлэнхийн төвийг ашиглалтад оруулж, өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй болгох хэрэгтэй

Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн сахиур Хан-Уул дүүргийн иргэнтэй уулзлаа. Тэрээр өөрийн нэрийг нууцлахыг хуссэн юм.

Хүүхдийн биеийн байдал ямар байна. Юунд түлэгдсэн бэ?

Одоо бие нь гайгүй болсон. Сорив арилгах эмчилгээ хийлгэж байгаа. Плиткатай усыг татаж асгаад түлэгдсэн юм. Түлэгдлийн улмаас cap гаруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээ сайн хийгдсэний хүчинд гайгүй боллоо. Ер бага насны хүухдүүд ихэвчлэн халуун тогоо, ус буцалгагчинд түлэгдэж ирдэг юм байна лээ.

Хэдэн хувийн түлэгдэлтэй байсан вэ?

Манай хүүхэд 50 хувийн түлэгдэлтэй ирсэн. Эмч нар эмчилгээ үйлчилгээг маш сайн хийсэн. Нэг гол хүндрэл гэвэл Түлэнхийн төв нь өөрийн гэсэн эмнэлэг байхгүй  болохоор нэлээд асуудалтай байгаа юм байна. Мөн эм, тариа хомс учраас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь эм тариаг гаднаас авдаг.

Ихэнх эм тариагаа гаднаас авдаг гэж байна. Өдөрт хичнээн төгрөгийн эмийг гаднаас авч байна вэ?

Ер нь бол янз бүр юм шиг байна лээ. Манай хүүхэд өдөрт найман зуун төгрөгийн эм, тариа авч байсан. Эмнэлгийн хажууд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын эм үнэтэй юм билээ. Эмнэлгийн эм тариа хүрэлцдэггүй учраас гаднаас эм тариагаа авахаас өөр арга байдаггүй юм байна. Иймээс төр засгаас энэ тал дээр анхаарах хэрэгтэй санагдсан.

Түлэнхийн төв байхгүй учраас иргэдэд нэлээд хүндрэлтэй байх шиг. Ер нь хэвтэн эмчлүүлж буй  хүний хувьд эмнэлгийн үйлчилгээ ямар байна вэ?Түлэнхийн төв байхгүйгээс гарч байгаа асуудал нэлээд байна. “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд хэвтэж байхад нэлээд давчуу хэцүү  байсан. Одоо ГССҮТ-д ирсэн чинь мөн ялгаагүй, ор дэр нь хүрэлцэхгүй  хэцүү л байна. Иймээс Түлэнхийн төвийг ашиглалтад оруулж, өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй болох  хэрэгтэй болов уу. Мөн түлэнхийн төв, гэмтлийн эмнэлэг хоёр тусдаа байвал зүгээр гэж бодож байна. Эмч  нарт ч гэсэн эмчилгээ үйлчилгээ  явуулахад хэцүү юм шиг байна лээ.

Н.Алтанцэцэг

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих