Д.Оюунхорол: Тусгай сангуудын зардлыг бууруулж, цалин тэтгэврийг нэмэх боломжтой
УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг мөчид ирэх оны төсвийн төслийг тал бүрээс нь нухацтай хэлэлцэж, ард иргэдэд наалдацтай, ахуй амьдралд нь бодит хөрөнгө оруулалт хийх төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ ч үүднээс 2015 оны төсвийн төслийг илүү сайжруулах, эрүүлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон санал гаргаж байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол 2015 оны төсөв тооцоо судалгаа муутай, хөрөнгө оруулалт багатай төсөл болсныг онцлоод, ирэх оны төсвийн төсөлд бүлгээс оруулах саналуудаа танилцууллаа. Ингэхдээ МАН-ын бүлэг ирэх оны төсвийн зардлаас 150 тэрбум орчим төгрөгийг бууруулах боломжтой гэж үзжээ. Эдийн засаг хүндэрсэн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом өссөн, иргэдийн амьжиргаа муудсан ийм үед төрөөс ард иргэддээ бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах саналуудыг гаргалаа.
- Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг 30 мянга болгож зорилтот бүлэгт олгох
- Цалин, тэтгэврийг 30 хувиар бодитойгоор нэмэгдүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх
- “Эхийн алдар” I, II зэргийн одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог 100.0, 200.0 мянган төгрөгийн мөнгөн тусламжийн хэмжээг 500.0 мянга, 1.0 сая болгож олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ дэмжих ёстой.
Жилдээ 2.5 их наяд төгрөг зарцуулдаг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангуудын зардлыг танах, заримыг нь татан буулгах замаар 135 орчим тэрбум төгрөг хэмнэж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, эсвэл нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах боломжтой хэмээн үзэж, энэхүү саналаа Төсвийн байнгын хороо, Сангийн яаманд хүргүүлэхээр болов.
Дотоод томилолтын зардлыг 2012 оны төвшинд хүргэснээр найман тэрбум төгрөгөөр бууруулах, мөн эмнэлэг, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахаас бусад салбарын шатахууны зардлыг 30 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна.
Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж, энэ мөнгийг тодорхой чиглэл зааж өгч санхүүжилтийг нь ашигладаг болъё гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Аудит, АТГ-аас хийсэн шалгалтаар тус сангийн хөрөнгийн зарцуулалт зарим аймагт үр дүн муутай байгаа талаар санал дүгнэлт гарсан. Тиймээс энэ алдааг засахын тулд энэ сангийн хөрөнгийг зарцуулах чиглэлд өөрчлөлт оруулснаар цэцэрлэг, сургуулийн асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс шийдэх боломж бүрдэх юм байна.
Төрийн захиргааны албан хаагчдын орон тоо сүүлийн хоёр жилд 30 мянгаар нэмэгдсэн. Энэ тоог дор хаяж 10 хувиар бууруулснаар 11.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж Д.Оюунхорол гишүүн хэллээ.
Ч.Хүрэлбаатар: Хүү торгуулийн орлогыг дөрөв дахин нэмэхээр оруулж ирсэн
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсөв нь хямралыг давах төсөв биш гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Учир нь 2008, 2009 оны хямралын үеэр манай улс төсвийн урсгал зардлаа 20 хувиар бууруулж байсан ч хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж байгаагүй. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсөвт урсгал зардлыг 800 тэрбум төгрөгөөр нэмж, хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр хасчээ. Энэ нь төрийн албаны данхар бүтцийг танах чиглэлээр ямар ч санал оруулаагүй гэсэн үг юм.
Тэрээр ирэх оны татварын бус орлогод дотор хүү торгуулийн орлогыг дөрөв дахин нэмэхээр оруулж ирснийг энэ үеэр мэдээлсэн. 2015 онд аж ахуйн нэгжүүд, жолооч нарт тавьдаг торгууль дөрөв дахин нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсөвт тусгагдсан 58 тэрбум төгрөгийг 210 тэрбум болгохоор оруулж иржээ. Тэгэхээр “2015 он бол тасралтгүй хяналт шалгалтын он жил болох юм байна. Эдийн засгийн эрх чөлөө хаана байна. Энэ нь хяналт шалгалтыг дөрөв дахин нэм гэсэнтэй адил сонсогдож байна. Эдийн засаг хямарсан өнөө үед аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан. Гэтэл хяналт шалгалт хийх нэрийн дор иргэдийг дарамтлах замаар төсвийн орлогыг бүрдүүлэх гэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай байх нөхцөлийг хаана гэсэн үг” гэж Ч.Хүрэлбаатар гишүүн онцлоод ирэх оны төсвийг хамгийн ил тод бус төсөв гэж нэрлэсэн юм.
URL: