Хар тамхины хэргээр 26 хүн ял шийтгүүлжээ
-Танайх нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэргүүдийг шүүн тасалдаг. Ямар төрлийн хэрэг зонхилж байна вэ?
-Манай шүүх Улаанбаатар хотын төвийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 67 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагааг явуулж байна. Эхний 10 сарын байдлаар нийт 2104 хүнд холбогдох 1312 эрүүгийн хэргийг хүлээн авснаас 1682 хүнд холбогдох 1115 хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд 164 хэргийг буцаажээ. Судалгаагаар бусдын эд хөрөнгийг хулгайлах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, бусдын бие махбодид гэмтэл санаатай учруулах, танхайрах гэмт хэргүүд нийт гэмт хэргийн 51 хувийг эзэлж байна. Энэ нь бага тоо биш юм. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа иргэдийн дийлэнх нь 20-35 насны ажил, мэргэжилгүй залуус байна.
-Үүнээс гадна хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэх болсныг цагдаагийнхан хэлж байгаа. Энэ төрлийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол байна уу?
-Сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгаа хэргүүдийн тоонд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн зүйл ангиар шийтгүүлэх хүний тоо өссөн. Он гарсаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэж, олж авч, хадгалсан, тээвэрлэж, борлуулсан 16 хэргээр 26 хүн ял шийтгүүлсэн.
-Дээр дурьдсан зөрчлүүдэд зам тээврийн ослыг нэрлэж байна. Зам тээврийн ослоор хохирогчид өдөр бүр нэмэгдсээр байна. Үүнээс болж эрүүгийн хэрэгт татагдаж байгаа хүмүүс олон байна уу?
-Шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн 12 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ нь маш өндөр хувь бөгөөд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт зөрчлийн 59 хувийг эзэлж байна. Энэ бол зөвхөн шүүхээр шийдвэрлэгдэж буй захиргааны зөрчлийн тоо.
Б.Заяа
URL: