Л.Гансүх ойр дотныхонтойгоо хуйвалдаж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс завшсан шинэ баримтыг АТГ дэлгэлээ

uls_5458864f0dc6f_1Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнтэй хамт хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн талаар  АТГ-аас мэдээлэл хийлээ. Л.Гансүхийг шалгаж эхэлснээс хойш тус газрыг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, Хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй мэтээр ташаа мэдээлэл цацах болсон тухай тэд мэдээллийнхээ эхэнд онцолсон.

Тиймээс Л.Гансүхийн холбогдоод байгаа хэргийн бодит байдлыг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж АТГ-ынхан үзжээ. Тус газрын мэдээлж буйгаар Л.Гансүх нарын 10 хүн нь нийт  13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тус газраас гаргасан шинжээчдийн баг тогтоогоод байгаа гэнэ.  Мөн Л.Гансүх нь өөрийн хүрээллийн хэд хэдэн хүнтэй нийлж, шинээр аж ахуйн нэгж байгуулан Багануур ХХК-тай нүүрс нийлүүлэх, тээвэрлэх гэрээ байгуулж ажилласан байна. Тухайлбал Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин нь Багануур ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор нь ажиллаж байсан тухай дуулгав. Түүнчлэн худал тайлан гаргаж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 854 сая төгрөг гаргуулж байсан тухай ч мэдээллээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа ар гэрийнхэнтэй нь болон холбогдох хүмүүстэй уулзуулж байсан талаар хэлсэн.

Түүнчлэн Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахаар завдсан, нөлөөлөх гэж оролдсон, төрийн өндөр албан тушаалтны нэр барьсан гэх үндэслэлээр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад холбогдох баримтыг хүргүүлсэн байна.

Н.Батаа

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих