АН-ын бүлгийн хурал яагаад сунжрав?

an0428

Өчигдөр өдөр АН-ын бүлгийн хурал болно гэсэн тов гарсан. Тус хурлаар дотооддоо өрнөөд байгаа асуудлаа шийдвэрлэж, ирэх оны төсөв мөнгөний бодлогыг хэлэлцэх мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг мөн хэлэлцэх байсан. Тэд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдахаар болсон ч тодорхойгүй шалтгааны улмаас өнөөдөр хуралдахаар болсон юм. Гэвч өнөө өглөө мөн л хуралдаж чадаагүй байна.

Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан гацаанд орсон бололтой. Тэд бүлгийн хуралдаандаа байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа учраас зарим гишүүд нь хуралдаанд суухгүй байгаа аж. Ингэснээр ирц бүрдэхгүй болж, шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа гэх. Ямартай ч тус бүлэг өнөөдөр үдээс хойш бүлгийн хуралдааны тов зарласан байна. Тус намын бүлгийн хурал өнгөрсөн долоо хоногт хоёр удаа хуралдсан ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэгдсэн байр суурь, шийдвэрт хүрч чадаагүй байгаа юм.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг нэр бүхий 28 гишүүн өргөн барьсанаас хойш 20 гаруй хонож байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авч дараа нь АН-ын бүлэг үргэлжлүүлэн завсарлага авсан. Завсарлагын хугацаа маргааш дуусч байгаа учраас өнөөдөр АН-ын бүлэг Ерөнхий сайдын асуудлаар байр сууриа нэгтгэх учиртай. УИХ-ын гишүүн М.Зоригт энэ талаар “Н.Алтанхуягийн Засгийн газрыг авч үлдэхийг Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 14 нь дэмжиж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэгэхээр үлдсэн гишүүд нь Засгийн газрыг огцруулах санал гаргаж буй бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих