Прокурорууд шүүгчидтэй барьцав

527-1415067658shuuh1_500x500УИХ-ын дарга З.Энхболдыг бухимдуулах ээлжит нэгэн хүсэлт түүнд очоод удаагүй байна. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газраас ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогийг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган тогтоодог байсан жишгээр нэмэгдүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод аравдугаар сарын 31-ний өдөр хүргүүлжээ.

Саяхан УИХ-ын чуулганы танхимд шүүгчдийн цалин нэмсэн асуудал чамгүй маргаан үүсгэсэн. Үүнийг УИХ-ын дарга хууль бус үйлдэл гэж үзээд гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг томилж, шалгаж нягтлахыг үүрэг болгосон билээ. Гэтэл прокурорууд шүүгчидтэй ийн барьцаж, цалингаа нэмэх талаар хүсэлт илгээв.

Улсын прокурорын газраас цалин нэмэх үндэслэлээ Прокурорын байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана”, мөн хуулийн 34.2-т “Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэж заасан учраас цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа аж.

Одоогоор проркурорууд ажилласан жил, албан тушаалын байдлаас шалтгаалан дунджаар нэг сая төгрөгийн цалин авч байгааг албаны эх сурвалж хэлж байна. Харин прокурорууд ажлын ачаалал ихтэй, хүнд нөхцөлд ажилладаг учраас доод тал нь 3.5 сая төгрөгийн цалинтай болгож нэмэгдүүлэхийг УИХ- ын даргаас хүсчээ. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь олны хараанд байна.

Гэхдээ нийгэм прокуроруудыг тийм ч сайн үнэлэхгүй байгаа нь олон жишээнээс харагддаг. Иргэдийг үл ойшоодог, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн талд прокурорууд шийдвэр гаргадаг, ядарсан иргэдийн асуудлыг авч хэлэлцдэггүй, хохирол гомдолгүй гэж шийдвэрлэдэг зэрэг олон маргаанд прокурорыг буруутгадаг.

Уг нь прокурорын үүрэг нь хүний эрхийг дээдлэн сахиж, хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах талаас нь, мөн гэмтний гэм буруутай үйлдлийг үнэн зөвөөр дүгнэж чадахуйц хууль эрх зүйн өндөр төвшинд мэргэшсэн хүн байх учиртай.

Гэтэл өнөөдөр прокурорууд хэрэгт холбогдогчоо хорих ангид саатуулсан хугацаанд эс хайхардаг, зөвхөн гэрчийн мэдүүлгээр асуудлыг шийдвэрлэдэг зэргээс иргэдийн амьдрал буруугаар эргэх тохиолдол цөөнгүй гардаг талаар гомдол их. Харин учир мэдэх хүмүүс өнөөдөр прокурор ямар ч хяналтгүй ажиллаж байгааг хэлж байгаа юм. Прокурор нь мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчдээ нарийн бичиг шиг удирдаж байдаг. Юу хүссэнээ хийлгэдэг ийм л системээр ажиллаж байгааг онцолж байгаа юм.

Иймд прокурорын системийг өөрчлөхгүйгээр цалинг нэмснээр асуудлыг шийдэхгүй аж. Нөгөө л ил далд байдлаар үгсэн тохирдог, авлига өгч авалцдаг асуудал шүүгчээс дутахгүй өнөөгийн нийгэмд үйлчилж байхад прокурорын цалинг нэмэх нь ёс зүйгүй асуудал гэж үзэх хүмүүс байна.

Хэрэв УИХ-ын дарга дээрх хүсэлтийг хүлээж аваад прокурорын цалинг нэмэх шийдвэр гаргавал өнөөх эрх мэдэлтнүүдэд холбогдох хэргийг цайруулах, үнэн зөв шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх зэрэг муу үр дагавартай гэдгийг шүүмжилж байгаа юм. Иймд прокурор иргэдийнхээ төлөө шударга ажиллаж байна уу гэдэг талаар иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

Н.Сумъяахажид: Тахир дутуу болчихоод байхад прокурор “Хохиролгүй” гэж дүгнэлт гаргасанд гайхдаг

-Би Төв аймгийн Сүмбэр суманд авто тээврийн осолд ороод жил гаруй болж байна. Хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон. Гэтэл Төв аймгийн прокурорын газрын прокурор Нэргүй “Хохиролгүй, гэмтэлгүй” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн.

Шүүхээр хөөцөлдөөд явах гэхээр өөрөө явж чадахгүй, суумгай болсон. Прокурортойгоо нэг удаа уулзахад “Танай байцаагч л хохиролгүй гэж тайлбарласан. Байцаагчтайгаа уулзах гэхээр зугтаад олддоггүй. Арай гэж ажил дээр нь нэг удаа таартал “Хөлгүй чи байтугай хөлтэй нь яваад юм олж чадахгүй” гэж доромжилсон.

Би эмнэлэгт 2-3 удаа хэвтэж хөлөндөө хагалгаа хийлгээд өнгөрсөн долдугаар сард хөлөө тайруулсан. Ийм байхад намайг хохиролгүй гэж прокурор дүгнэлт гаргасанд гомдолтой байгаа.

Одоо хотод хөлөндөө эмчилгээ хийлгэж байна. Гэр орныхоо бүх эд зүйлийг үрж зараад эмчилгээнд зарцуулж дууслаа. Иргэдийг хэл амаар доромжлоод өнөөдөр нүдэн дээр нь хөлгүй болчихоод байхад “Одоо яахав дээ” гээд дооглож байна шүү дээ. Ингэж шударга ажилладаг юм уу.

Б.Чимэдцэеэ: Хүү минь хилс хэрэгт 10 жилийн ял авсан

-Прокурорууд иргэдийн амьдралаар тоглож байна. Хүүг маань компьютерийн эд анги хулгайлсан хэрэгт анх сэжиглэж түүнд хүний амь насыг хөнөөсөнтэй адил хэмжээний ял оноосон. Хан-Уул дүүргийн прокурор Мөнхбаяр зэрэг хүмүүс нийлж өндөр ял ногдуулсан.

Хоригдож байх хугацаанд эд эрхтнийг нь эрэмдэглэсэн явдал хүртэл гарсан. Би хүүгийнхээ төлөө дээш, доош нь бичиг өгөхөөр “Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн” гээд гомдлыг хүлээж авдаггүй.

Сүүлдээ прокурорын дүгнэлтийнх нь тамга тэмдэг зөрөх хүртэл зөрчил илэрсэн. Надад бүх баримт нь байна. Жирийн нэг ядарсан хүний гомдлыг үл ойшоодог хандлагыг би мэдэрч байна.

Миний хүү одоо хилс хэрэгт холбогдоод зургаан жилийн ялаа эдэлчихсэн гэв. Хамгийн гол нь прокурор сэжигтэн, яллагдагчийн үнэн мөнийг олж дэнслэхээс илүүтэй өөрсдийнхөө цалинд санаа зовж байгаад иргэд ийнхүү бухимдаж байна.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих