Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр эергээр нөлөөлжээ
Монгол Улсын төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь, учир шалтгаан болсныг эдийн засагчид тайлбарладаг.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, Монгол Улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурсан” гэдэг.
Түүгээр зогсохгүй 2011, 2012 онд дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө найман хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан үзүүлэлт ч бий. Харин хоёр жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засгийн үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч тодорхой бус байдал нэмэгдсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэрэг хүнд орчинг эерэгээр эргүүлэх зорилгоор Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хүүг тодорхой түвшинд барих арга хэмжээ авсан билээ.
Тухайлбал, өнгөрсөн оны эхээр 12.5 хувьтай байсан мөнгөний бодлогын хүүг эдийн засгийн бусад хүчин зүйлстэй уялдуулан тухай бүрт нь тодорхой хэмжээгээр өөрчилсөн. 2013 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дөрвөн ч удаа хуралдаж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг нэгжээр буулгаж 11.5 хувь болгосон. Гэсэн ч тухайн оныхоо зургаадугаар сард дахин нэг нэгжээр бууруулж, 10.5 хувьтай тэнцүүлсэн ч энэ оны хоёрдугаар сард дахин нэг нэгжээр бууруулж, өнгөрсөн долоодугаар сард 1.5 хувиар өсгөж, 12 хувьд хүргээд байгаа билээ.
Өнөөдрийн баримталж байгаа мөнгөний бодлогын хүү одоогийн нөхцөл байдал д болж байгаа хэмээн Монголбанкныхан үздэг юм билээ. Гэхдээ нэг талаасаа мөнгөний бодлогын хүүг ийн зохицуулсан нь олон талын ач тустай байсан юм шиг санагдав. Тухайлбал, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлснээр мах, гурил, жижиглэнгийн худалдааны шатахуун зэрэг иргэдийн хэрэглээний суурь бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эрс бууруулах, тогтвортой байлгах, дундаж давхаргын бодит орлогод ирэх ачааллыг зөөлрүүлэх, хэрэглээний суурь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд анхаарсан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч 11 компанид урт хугацааны, бага хүүтэй зээл олгосон. Эдгээр компани тодорхойгүй шалтгаанаар жижиглэнгийн үнээ өсгөхгүй гэсэн болзолтойгоор энэ зээлд хамрагдсан. Ингэсний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнийг тус бүр нь 50 төгрөгөөр ойр ойрхон хоёр удаа нэмснийг эс тооцвол харьцангуй тогтвортой байсан. Дотоодын зах зээлд монополь гэх гурил үйлдвэрлэгчид ч энэ хөтөлбөрт хамрагдан зээл авсан. Ингэсний үр дүнд гурилын үнэ нэг их “донслоогүй”. Энэ мэтээр хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 35 хувийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд хоёр дахин, 2014 оны эхний есөн сард долоо дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсныг судалгаанаас харж болох юм.
Мөнгөний бодлогын хүүний нөлөөг сайжруулах, банк хоорондын захын хүүний хэлбэлзлийг бууруулах үүднээс дөрвөн нэгж хувийн өргөнтэй хүүний коридорыг 2013 онд нэвтрүүлсэн. Ийм коридортой болсноор Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч, 2013-2014 оны эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлсөн гэж албаныхан тайлбарладаг. Энэ нь дам дамаа иргэдэд ирэх эдийн засгийн дарамтыг хөнгөлөх бас нэгэн хөшүүргэ болж байгаа гэсэн үг. Энэ мэтээр эдийн засгийн хямралаас гарах гарцыг эрэлхийлж, тохирсон арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж байгаа талаар эдийн засагчид өөр өөрийнхөөрөө дүгнэдэг юм билээ.
Тухайлбал, дээр дурьдсан бодлогын цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийг тогтворжуулж, 2013-2014 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, мөнгөний нийлүүлэлт огцом буурах, санхүүгийн салбарт системийн шинжтэй тогтворгүй байдал бий болох, эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлийг хааж байгаа явдал хэмээн үзэж буй аж.Харин зарим эдийн засагчийн хувьд мөнгөний бодлого бол инфляцитай тэмцэх хамгийн сайн арга хэмээн үзсэн ч инфляцийн эсрэг ганцаардаж байна. Эдийн засгийн хэд хэдэн хөшүүргэтэй хамтатган тэмцвэл илүү үр дүнтэй хэмээн үзэж буйгаа ч илэрхийлсэн байдаг.
Юутай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд 4-5 удаа өөрчилсөн мөнгөний бодлогын зохицуулалт үр дүнгээ өгч байгааг олон хүн сайшааж байна.
М.Уянга
URL: