АН-д “Алтангадас” азаргалсаар уу гэдэг тодрох мөч ойртож байна
Намынхаа дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлаар тохиролцож чадахгүй байгаа АН-ынхан бямба гаригт Төрийн ордонд “Удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгууллаа. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй намын даргаа эсэргүүцэгчдийн зүгээс Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-гоо яаралтай хуралдуулахыг энэхүү зөвлөгөөний үеэр дахин шаардсан.
Гэвч УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар өөр байр суурийг илэрхийлсэн. ҮЗХ-г хуралдуулж болно, гэхдээ ямар ч байсан МАН-ын тавьсан асуудалтай холбож хуралдуулахгүй хэмээх талын хүмүүс өөрсдийгөө намдаа олонх гэж үзэж байгаа ажээ.
АН ҮЗХ-гоо хуралдуулбал намын дүрмээ өөрчлөх, намынхаа эсрэг ажилласан хүмүүстэй хэрхэн хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэх хүмүүс ч байсан аж. Ерөнхийдөө АН-ын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Н.Алтанхуяг дэмжлэг ихтэй байжээ.
Мөн энэ үеэр Э.Бат-Үүл нарын шахалт шаардлагаар ч бус ҮЗХ-гоо хуралдуулсан ч яадаг юм гэх нөхдүүд ч олон байжээ. Учир нь Н.Алтанхуягийн тэргүүлдэг Алтангадас фракц нь ҮЗХ-доо олонх учраас ямар ч байсан огцруулах шийдвэр гаргахгүй гэлцжээ. Гэхдээ л Н.Алтанхуяг нар тэгж азаа үзэхийг хүсэхгүй байгаа бололтой.
Д.Эрдэнэбат дарга нь “Засгаараа оролдохгүй. Хэрэв ингэвэл нам руугаа буудсантай адилхан болно” гэдгийг хэвлэлээр мэдэгдсэн тэгвэл энэ зөвлөгөөн дээрээ бүр их буугаар буудсантай адилтгасан гэж байгаа. Мөн Н.Алтанхуягт та хэрэв, намын даргаа өгвөл, дараа нь Ерөнхий сайдаа өгөхөөс өөр гарцгүй болгоно. Тэгэхээр алийг нь ч битгий өг гэжээ.
Мөн тэд энэ удаа ч Э.Бат-Үүлийг бархируулаад шийдвэртээ үнэнч үлдэхийг зөвлөх хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ. Харин Н.Алтанхуягийг эсэргүүцэгчид өөрийгөө хамгаалахын тулд өвөлд эрчимтэй бэлтгэж байх ёстой орон нутгийн удирдлагыг бүгдийг нь дуудаж байгаа яадгаа алдсан хүн гэх нь ч байна.
АН доторх дотоод зөрчил нь хэдий дээд цэгтээ хүрээд байгаа ч намынхаа гишүүдийг тэгвэл 2016 онд ялагдана шүү хэмээх асуудлаар айлгахыг хичээж байна. Гэхдээ нөгөө тал нь хэрвээ Н.Алтанхуяг үлдлээ гэхэд харин ч АН-ын нэр хүнд бүр шалдаа ортлоо бууна. Тэр цагт юун ялалт харин ч хэдийн хожимдсон байна гэж үзэж байгаа юм.
Тиймээс АН-ын дотоод байдал Н.Алтанхуягийг байгаа цагт нэгэнт эвлэхээс өнгөрсөн бололтой. Ирэх пүрэв гаригт УИХ-аар Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд тус намын хуваагдал бодитой болсон эсэх бас тодрох нь. Алтангадас чигийг заасан хэвээр үү, тэдний азаргалал дууссан уу гэдгийг бид тэр үед тодорхой харна.
Г.Самбаа
gereg.mn
URL: