Айсуй утаа ба загварлаг хамгаалалт

анхБайгаль орчны асуудал тансаг зэрэглэлийн загвар зохион бүтээгчдэд төдийлөн санаа сэдэл өгдөггүй байж болох юм. Харин өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэн өдөр “China Fashion Week” шоуны үеэр загвар өмсөгчид масктай тайзнаа гарчээ. “QIAODAN Yin Peng Sports Wear” хэмээх коллекцид утааны масктай загварууд цөөнгүй багтсан байна.

БНХАУ-ын удирдлагууд АПЕК-ийн уулзалтаас өмнө бохирдлыг бууруулахаар хатуу арга хэмжээ авч байгаа юм. Тухайлбал,  Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд замын хөдөлгөөнд оролцдог автомашины тоог хязгаарлахын зэрэгцээ зарим үйлдвэрүүдийг хаах арга хэмжээ авчээ. Үүнтэй ижил арга хэмжээг 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын үеэр мөн хэрэгжүүлж байсан аж.

Хятадын тансаг зэрэглэлийн загварын зах зээлд хурдацтай өсөлт гарч байгаа энэ үед загварын хорхойтнуудын дунд орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хувцас эрэлт ихтэй байгааг компаниуд онцлож байна. Аравдугаар сард болсон Парисын загварын долоо хоногийн үеэр Хятадын загвар зохион бүтээгч Маша Ма моделиуддаа Swarovski-ийн болор шигтгээтэй маск зүүлгэн тайзнаа гаргажээ. Харин Их Британид байгуулагдсан “Vogmask”, “Respro” компаниуд Хятад, Сингапурт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн шалтгаанаа “Хот суурин газруудад бохирдлоос хамгаалах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна” хэмээн тайлбарласан байна. Ямартай ч зарим хүний хувьд загвар цэвэр агаарыг авчрах нь ээ.

 

 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


URL:

Сэтгэгдэл бичих