Баяр бүхний дараа…
Баярлаж цэнгэхдээ дургүй хүн хэн байх вэ. Зад баярлаж, ноёноо нохой болж хартлаа уугаад сэрэхэд өчигдрийн баяр, баяр мөн байсан уу, биш байсан уу гэж эргэлзэхэд хүрнэ. Учир нь тэр их баяр цэнгэлээс бидэнд юу үлдэж хоцров оо.
Ёстой л “Бурханд мөргөж, мөргөж, эргэж хараад алгаа тосоход юу ч байсангүй, бурхан байлаг юм уу гэдэгт эргэлзлээ” гэдэг шиг баярлаж, баярлаж эргээд харсан чинь баахан идсэн, уусан, дарвисан, наргисан, шартсан, яасан ийсэн гэсэн улсууд л уулзаж, дахиад ингэж баярлахгүй юм шүү, тэгэх юм шүү гэсэн гэмшлүүд үргэлжилнэ.
Баяр бүхний дараа энэ байдал дахиад л давтагдана гэдгийг мэдэвч найз нөхөд, хамт олноороо агаар салхинд гарч, биеийн тамирчин болох юм шүү гэж ирээд үл бүтэх утопи мөрөөдөлд автана.
Нийслэлийн 375 жилийн ой гэж болов. Энэхүү арга хэмжээнд 2,8 тэрбум төгрөг зарцуулжээ. Ард түмний амьдрал ядуурч байна гэх ч баярлаж цэнгэх болохоороо хэдэн зуун тэрбумаар нь үрэх мөнгөтэй болчихдогийн нэг жишээ энэ.
Аливаа нэгэн тэмдэглэлт баярыг уггаж бүтээн байгуулалтын сарын, үгүй ядаж долоо хоногийн аян зарладаг, түүгээрээ бахархдаг болчихвол баяр бүхний дараа бидэнд мөн ч их зүйл үлдэхсэн.
Ядаж л үр удамдаа тийм баяраар ийм зүйл хийж байлаа гээд ярих юмтай болно. Нийслэл хотоороо бахархдаг хүн бүхэн Улаанбаатар хотынхоо ирээдүйн төлөө юу хийж чадах вэ гэсэн аян, уралдаан өрнүүлж, бүтээн байгуулалт хийсэн бол, цэгцэрдэггүй олон ажпынхаа үр дүнг сайжруулах гэж уралдсан бол нэг ажил ч гэсэн шийдэгдээд л үлдэх байв.
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн түүхнээ өнөөдөр ч, ирээдүйд ч төлөөлсөөр байх нийслэл хотдоо бүтээн байгуулалтын аян өрнүүлж, нээлтийг нь нийслэлийн ойн баярын өдрөөр хийж заншихсан.
Баяр болгоноор хундага тулгах тухай бус хэн, юу хийж болох вэ, ямар аян өрнүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд тус нэмэр болж, улс гэрээ хэрхэн өөд татах вэ гддгээ эхлээд бодох зам мөрийг өнөөдрөөс эхлэн засъя.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж: Монголын үнэн
URL: