Өлөн засаг парламентаа ч залгидаг ажээ

2b4ada61-861b-4338-a050-71d183676071“Өлөн” Засгийн газар хэмээх энэ үгийг өдрийн наранд тархиндаа бодож , оройн саранд сэтгэлдээ уяж хонон өнжсөөр өдий уджээ.

Одоогоос хоёр жилийн өмнө болсон УИХ-ын сонгууль эцэстээ парламентад нэг намыг олонх болгоогүй, улс төрийн тийм ч таатай бус нөхцөлд  хүргэснийг бид санаж байгаа. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон “оньсого” мэт үйл явдлууд үүнтэй холбоотой юм.

 

Парламентад нэг намыг олонх болгоогүй иргэдийн сонголтыг “Хаан сонголт” хэмээн ярих нь бий. Хэрэв ард түмэн, сонгогчид бид өөрсдийн үйл байдал, үнэлэлт дүгнэлтээр нөхцөлдсөн энэ сонголтоо уулзаж эргээд ярьдаг бол “дэмий ч зүйл болчихов уу” хэмээн халаглаж сууж ч магад гэсэн бодол хааяа төрдгөө нуух юун.

 

Ардчилсан сонгуульт улс орон, тэр дундаа парламентын засаглалтай оронд сонгууль нь  иргэдээс Засгийн газар,түүнийг удирдсан улс төрийн намд үнэлгээ дүгнэлт өгөх хэрэгсэл.

 

Тэгвэл өнгөрсөн сонгуулиар сонгогчид аль нэг намыг олонхи болгоогүй нь улс төрийн намууд дангаар төрийн хэргийг залган авч явах чадваргүй гэж үзсэн хэрэг билээ.

Сонгогчид намуудад ингэж хамтрах боломжийг олгох нь улс эх орны хэргийг нийтээр зөвшин шийдэх логик дүгнэлтийг төрүүлдэг.

 

Нөгөө талаар энэ нь улс төрийн нам, бүлгүүдийг эрх мэдэлд тохиролцон хүрэх гэсэн улайрсан улс төрийг дагуулдаг нь элбэг юм. Ихэнхдээ энэ нь тухайн улс орны улс төрийн соёлын түвшин,   улс төрчдийн ухамсрын байдлаас шалтгаалдаг бөгөөд манайд сүүлийнх нь буюу “улайрсан” улс төр өнөөдөр буцалж байна.

 

Уг “номоороо” бол хууль тогтоох байгууллагад нэг нам дангаар олонх болоогүй нь орчин үеийн ардчилсан улс орнуудын зөвшилцлийн ардчиллын хэв загварыг төлөвшүүлэх нийтлэг хүсэл сонирхолд ихээхэн дөхөм болсон алхам болох юм.   Харин өнөөгийн Монголын нөхцөлд сонгуулийн үр дүнд хууль тогтоох байгууллагад аль нэг нам олонх болоогүй нь юуны өмнө намуудын өмнөх бодлого үйл ажиллагаа, алхмуудад өгсөн таагүй үнэлгээ болж таарч байна.

Харамсалтай нь өнөөдөр улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал засаглалын хямралд  ч хүргэж мэдэхээр үргэлжилж байна.

Энэ нь нэг талаас сонгогчдын зөвшилцөл рүү түлхсэн “сонголт”-ыг үгүй хийснээс болсон. Нөгөө талаас УИХ-д арай олон суудалтай нам өөрт ирэх эрх зүй хийгээд улс төрийн бүхий л чадамж , боломжийг ямар ч хамаагүй аргаар бүрэн дүүрэн ашиглах гэсэн их хүслээс үүдэлтэй юм.

 

Ингэж боломж, нөөц бүрээ сайтар томъёолон хасаж, нэмж, хувааж, үржин тооцоолсон наймааны үр дүнд “өлөн” улс төрчид “идэш” болгон ашиглах байдал тод ажиглагдаж ирлээ.

Өөрөөр хэлбэл сонгуулийн дүнгээр гарсан иргэдийн сонголт, үнэлгээний бодит тусгал болон байгуулагдах учиртай байсан Засгийн газрыг хэн нэгэн намын дарга нарын тохироо, солилцоогоор байгуулдаг болж байна.

 

Энэ нь иргэдийн сонголтын үнэ цэнэ, улмаар ардчилсан сонгуулийн үнэ цэнийг алдагдуулсан, наймаа тохиролцооны барьцаалагдсан улс төр “гаарах” замыг ч зааж өгсөөр байх шиг.

Эрх мэдлийг эдэлж байгаагүй хүмүүс засгийн эрхэнд гарахаараа үнэхээр өлөн байдаг аж. Бүр бүх талаар. Тийм ч учраас “хүрч” байгаагүй бүхнээ дураар “самрах”-ыг хүсдэг, бас оролддог бололтой.

 

Өнөөдөр сайдын суудал, албан тушаал гэгчийг ёстой л “хэзээ устай таарахаа мэдэхгүй цөлөөр аялагчид ус уух мэт” шунан, наймаалцаж байгаагаас үүнийг тод харж болох юм.

Ийм ус үздэггүй цөлөөр аялах мэт улс төрийн намд “ус уух” дургүй хүн ховор байх нь ойлгомжтой. Тэд Засгийн газараа унагаах, сайд нараа сэлгэх гэж байж ядан сууцгаадаг бололтой юм. 1996-2000 онд ийм л байсан, тэр байдал өнөөдөр давтагдаж байна.

 

Ийм хүсэл, шунал бүхэн явсаар нэг л мэдэхэд засч болшгүй алдаанд хүргэж, эргээд нөгөөхөө засахын тулд буцаж ноцсоор засаглалын хямралд хүргэдэг ноцтой үр дагаварт хүргэдэг ажээ.

Энэ л “өлөн” замналаар өнөөдрийн “Шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдан, өдгөө үүсээд байгаа улс төрийн ойлгомжгүй, эмх замбараагүй байдалд хүргэлээ.

 

УИХ нь зөвхөн улстөржин байж бодлого боловсруулдаг,   намууд, фракцын улс төрийн бодлого, өрсөлдөөний амбицад хуваагдаж, нэгдмэл байдал, зөвшилцлийн механизм ер үйлчлэхээ болив. Зөвшилцөх нь байтугай эрх баригч улстөрийн нам бодитоор хуваагдаж эхэллээ.

 

 

“Өлөн” Засгийн газрын хамгийн том аюул нь парламентаа буюу хууль тогтоох байгууллагаа далдуур “залгих” явдал юм. Яг л “Үр могойн домог” санагдуулам өр сэтгэл өвтгөм энэ байдал төрийн байгууллагуудын харилцан хянал, тэнцлийг алдагдуулахад хүргэж байна.

 

Ийнхүү “өлөн” Засгийн газрын ховдоглол төрийн байгууллагуудын харилцан хяналт, тэнцвэржилтийг алдагдуулахын хэрээр төрийн бодлогын илрэл болж гарч буй хууль эрх зүйн актууд нь өлсөхийн зовлонгоор нэгдсэн нам,бүлэглэлийн “тачаалт зүүд”-ний тэмдэглэл болж хувирдаг ажээ.

 

Тиймээс цаашид улс орноо бодвол, адаглаад ардчиллын чухал үзэгдэл улс төрийн намуудаа аварья гэвэл өлөн сайдуудаар дүүрсэн өлөн Засгийн газартай баймааргүй байна.

Улс орноо ч залгиж мэдэх өлөнтсөн нөхцөл байдлыг улстөрд үүсгэхгүй гэвэл сонгогчид бас ирэх сонгуулиар ухаантай байх ёстой юм байна.

Н.Алтансүх

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих