“Х.Баттулгын хийсэн ТЭЗҮ-ээр төмөр зам босохгүй”

Screenshot_9_500x500Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Ч.Сүрэнхорлоотой уулзаж ярилцлаа.

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан. Ингэснээр зургаан жил гацсан төмөр зам барих ажил  нэг алхамаар урагшилж байна гэж зарим хүмүүс тодорхойлж байгаа. Таны хувьд үүнийг юу гэж харж байна?

-Төмөр зам бол улс орны хөгжлийн гарц. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл. Ялангуяа эдийн засгийн хямралаас гарахын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, үүний тулд төмөр замаа яаравчлах шаардлага тулгарч байна. Зургаан жил монголчууд ганц цариг гэдэг зүйлээс болж хоёр хуваагдаж талцлаа. Ажил ч урагшилсангүй. Баасан мөнгө салхинд цацагдаад л өнгөрлөө шүү дээ. Мэдээж, УИХ-аар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан нь сайн хэрэг. Гэхдээ  дөнгөж одоо л улс төрийн шийдэлд хүрч байгаа нь харамсалтай биш гэж үү. Цаана техникийн шийдэл гэсэн том асуудал байна.

-Царигийн асуудал л шийдэгдчихвэл төмөр замын ажил саадгүй урагшилна гээгүй бил үү. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар баталснаар  хойшоо өргөн царигтай, урд хөрш буюу Хятад руу нарийн царигтай, Орос руу өргөн царигтай төмөр замыг тавихаар боллоо гээд тайлбар яваад байгаа?

-Үнэн хэрэгтээ цариг бол чухал асуудал биш шүү дээ. Сая бол улстөрчид шийдлээ дутуу хийсэн. Өөр олон асуудал гарна. Техник, технологи, шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн үр ашгийн тооцоотойгоор төмөр замыг барих ёстой. Гэтэл  бид шинжлэх ухаан, техникийн үндэслэл, эдийн засгийн үр ашгийн тооцоогоо орхиод өргөн, нарийн цариг, цэрэг, танк яриад байгаа нь буруу. Нөгөө талаар урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих гэж байна хэмээн ярих нь буруу. Нөгөө ард түмэн чинь урд талыг нь хятадуудад, хойд талаа оросуудад өгөх нь гээд л дахиад л буруу ойлголттой болчихно. Үүнийг далайд гарцгүй, хоёр их гүрний дунд оршдог монголчууд урд, хойд хоёр хөршөөрөө дамжуулан дэлхийд гарах гарцтай боллоо гэж харах ёстой юм. Саяны баталсан тогтоолын төслөөр Монгол Улс таван боомтоор буюу Нөмрөгөөр, Бичигтээр, Гашуунсухайтаар, Шивээхүрэнээр, Замын-Үүдээр гарах  эрхтэй боллоо. Энэ таван гарцын аль нэгээр нь Монгол далайд гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улстөрчид төмөр замын чигийг нь тодорхойлоод өгчихлөө гэсэн үг. Маргаж, талцаж зургаан жил гацсаны дараа арай  гэж нэг шийдэлд хүрлээ шүү дээ, манай улстөрчид. Гэхдээ хамгийн чухал асуудал нь үлдсэн. Тэр нь техникийн шийдэл. Үүнийг л ард түмэнд зөв ойлгуулахгүй бол болохгүй.

-Техникийн шийдэл тэг хэвээрээ гээд та яриад байх юм. “Шинэ төмөр зам” төслийг барих ТЭЗҮ-ийг өмнөх Засгийн газрын үед хийлгээ биз дээ. Төмөр замын газар шорооны ажил тэдэн хувьтай байна гээд “МТЗ”-ынхан ярьдаг шүү дээ?

-Тиймээ, тэгсэн. Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэсэн байдаг. Тэр ТЭЗҮ-г нь үзье, харъя гэхээр нууц гэдэг.  Одоо ахиад л зураг төсөл, техникийн асуудал яригдахаас өөр аргагүй болж байна. Шинэ төмөр зам төсөлд баахан л мөнгө зарсан. Гэтэл одоо гарт баригдаж, нүдэнд харагдах ажил алга л байна шүү дээ.  Төмөр зам гэдэг ганцхан царигийн асуудал биш шүү дээ. Өртөө зөрлөг, дипо, огтлолцол, газар зүйн асуудал, цаг уурын нөхцөл байдал  гээд олон шийдэгдээгүй асуудал байна.  Тэр бүхнийг нь тооцоолоогүйгээс болоод бөөн асуудал байгаа. Хүмүүс л сайн мэдэхгүй байгаа болохоос. Улстөрчдийн янз бүрийн ашиг сонирхол орж ирээд төмөр зам үнэхээр жанхуу болсон. Нэгэнт гарцаа тогтоосон юм чинь эхний ээлжинд үнс болсон нүүрсээ зөөх төмөр замаа барих хэрэгтэй.  Нүүрсээ хурдхан зах зээлд хүргээд мөнгөтэй болчихвол бусад төмөр замаа барих хөрөнгөтэй болж чадах юм.  Улстөрийн шийдэл нь нэгэнтээ гарсан, одоо харин эдийн засагчид, инженерүүд нь сууж байгаад техникинй шийдлээ хамтад нь гаргамаар байгаа юм. Харамсалтай нь ,манай манай яам, агентлагт мэргэжлийн хүн алга. Төмөр замын төслийг мэргэжлийн хүнээр удирдуулахгүй бол болохгүй гэдгийг харууллаа шүү дээ. Д.Батзаяа гэж мэргэжлийн бус хүнд хариуцуулсаны гор өнөөдөр нэг километр төмөр зам ч тавигдсангүй. Одоо мөнгө ч үгүй, зам ч үгүй л сууж байна. Хийсэн гээд байгаа ажил нь дутуу. Геологи судалгааны ажил нь хоорондоо зөрсөн, хаагуур яаж барих вэ, ямар газрыг дайруулах вэ, огтлолцлол хаана байх вэ гэсэн нарийн юм юу ч байхгүй. Миний хэлээд байгаа техникийн шийдэл нь гэдэг нь энэ шүү дээ.

-Хуучин ТЭЗҮ нь яасан юм?

-Өмнөх ТЭЗҮ яагаад шаардлага хангахгүй байгаа юм бэ гэхээр шинжлэх ухааны үндэслэл багатай, дутуу дулимаг юм болсон. Энэ нь ТЭЗҮ-гээр төмөр замыг тавих боломжгүйгээс болоод дутуу овоолсон шороотой, нөгөө шороогоо салхинд хийсгээд сууж байна. Төмөр замыг тавихдаа  иж бүрэн зураг төслөөр хийдэг. Шороо овоолсноор зам тавихгүй. Холбоо, дохиолол, өртөө, зөрлөг, дипо, вокзал, эрчим хүч гээд олон зүйл өөр хоорондоо холбогдож  иж бүрэн систем болж байж төмөр зам босдог. Гэтэл энэ бүхэн өмнөх ТЭЗҮ-д тусгагдаагүй, харин мөнгө нь аль хэдийн дууссан гэсэн.

-Төмөр зам барина гээд өч төчнөөн мөнгө төсөвлөөд байсан.Тэр мөнгөөрөө юу хийсэн бэ. Баахан мөнгө үр дүнгүй зарцуулсан гэсэн үг үү?

-Тийм л болж таараад байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл одоо энэ төслийг мэргэжлийн хүмүүсээр удирдуулаад, мэргэжлийн хүмүүсийн санаа оноог сонсоод, мэргэжлийн хүмүүсийг ажлуулаад явмаар байна. Монголчууд чадахгүй гээд л манайхан гадныхныг хөлсөлдөг. Тэд нь манай цаг уур, байгаль орчныг мэдэхгүй. Нэг том компани хөлслөөд авчихдаг, тэд нь мөнгө аваад цаг нөхцөөх сонирхолтой. Энэ төсөл Монголд ашигтай юу, сайн төсөл болгох уу, яаж монголчуудад хэрэгтэй байлгах вэ гэдэг нь тэдэнд хамаа ч  байхгүй.  Тиймээс зураг төсөв хийж байгаа, хөндлөнгийн хяналт байгаа компанийн толгойлогч нь монгол хүн баймаар байна.  Харин доороо гадны энэ чиглэлээр зураг төсөл хийдэг инженерүүдийг авч ашиглах нь зөв. Ийм аргаар явахгүй бол хаа байсан Европод амьдарч байгаа хэдэн нөхөр ирчихээд цаг алдаад сарын цалин гэж тав, зургаан мянган доллар аваад сууж байдаг. Ажил нь урагшилна уу хамаагүй, цаастай л ноцолдоод суугаад байдаг. Нөгөө Монгол талын хүн нь төмөр замын мэргэжлийн бус нөхөр байдаг. Тэр нь очоод зөрлөг, дипогийн нь хасаад таначихдаг. За яг одоо бариад эхэлье гэтэл тэр нь бөөн асуудал үүсгэдэг. Ийм л маягаар монголчууд бид “Шинэ төмөр зам” төсөлд хандаж байна.

-Өмнөх ажлууд баахан л бүтэлгүй зүйл болоод өнгөрчихсөн бололтой юмаа даа. Тэгээд Монгол хэзээ төмөр замтай болно оо, таны харж байгаагаар?

-Мэдэхгүй. Энэ байдлаараа ойрын арван жилдээ ч төмөр зам барьж чадахгүй.  Овоолсон шороо нь салхинд хийссэн. Мөнгө нь дууссан. Хийсэн ТЭЗҮ-ээр нь баригдах боломжгүй, энэ төмөр зам худлаа юм байна гэж бид харж сууна. Холбоо байхгүй, иж бүрдэл нь байхгүй бол төмөр зам нь босохгүй.

-Нарийн царигтай төмөр зам барихаар баялаг хяналтгүй урсах нь гэсэн сурталчилгаа яваад л байгаа шүү дээ?

-Цариг гэхээсээ илүү гол асуудал нь ачдаг буулгадаг системдээ байгаа. Монголын баялагийн ганц худалдан авагч нь Хятад. Хятад руу нүүрсээ зөөх гэж байнга буулгаад ачаад байхаар юу болох вэ. Ганц вагон нүүрс зөөх гэж байгаа биш өдөр шөнөгүй, нэг хоногт хэдэн сая тонн нүүрс гаргана гэхээр тэнд юу болохыг төсөөл дөө. Байгаль авах юмгүй болно. Хүн амьдрахын эцэсгүй болно. Хэдэн мянган вагоныг ачиж, буулгах технологи дэлхийд алга. Эрээн-Замын-Үүдийн суудлын 16 вагоныг солиход хэдэн цаг болдог билээ. Энэ мэтээр эрүүл мэнд, байгаль экологи, эдийн засгаа бодсон ч баялагаа зөөх зам бол нарийн царигтай барих нь зөв.


URL:

Сэтгэгдэл бичих