Ардын арми / II-р хэсэг /
БНМАУ-ын маршал Ю. Цэдэнбал Ардын Армийн ахмад дайчдын хамт
Хиагтыг чөлөөлсний дараа 1921 оны III сарын 19-нд Намын Төв Хороо, Түр засгийн газрын хамтарсан хурлаар цэрэг, санхүү, дотоод яамыг байгуулан Цэргийн яамны сайдаар бүх цэргийн жанжин Д. Сүхбаатарыг томилжээ.
Монгол Ардын Намын Төв Хороо, Ардын Түр засгийн газраас 1921 оны IV сарын 10-нд нийтийн дайсан барон Унгерний цагаантныг бут цохиход цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхийг Зөвлөлт Орос Улсын засгийн газарт хүсчээ. Уул хүсэлтийг Зөвлөлт Засгийн газар хүлээн авч, еөрийн Улаан Армийн нэгтгэл ангиудыг 1921 оны V сарын эхээр Монголд ирүүлсэн билээ.
1921 оны V сард цагаантнууд морин ба явган 10550 гаруй цэрэг, 20 их буу, 40-өөд пулемёттайгаар Хиагт, Эрхүү, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн чиглэлээр монгол, зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчний эсрэг довтолгооноо эхлэв. Барон Унгерний гар хөл болсон урвагч Баяр гүний захирсан 500 гаруй морьт цэргийг 1921 оны V сарын эхээр Алтанбулагийн дэргэд устгасан Ардын журамт цэргийн ангиуд Улаан Армийн 35 дугаар дивизийн дарга, комиссар К.А. Нейман, бригадын дарга А. А.Тлазков, А. Б. Гудко-Протопенко нарын удирдсан нэгтгэл ангиудтай хамтарсан баатарлаг тэмцлээр V—VII сард цагаантны цэргийн гол хүчийг Хиагт, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дух нарс, Гуртын тавилан, Цагаан толгой зэрэг газруудад бут ниргэж барон Унгернийг баривчилжээ. Үүний дараа монгол, зөвлөлтийн цэргийн хамтарсан их давшилтаар цагаантны цэргийн үлдэгдэл хоёр отрядыг Ерөө голын Зулзага, Хараагийн Манхтай зэрэг газруудад бут цохин улмаар Нийслэл хүрээг чөлөөлсөн билээ. Мөн X. Чойбалсан, П. Е. Щетинкин, К. К. Рокоссовский нарын удирдсан монгол, зөвлөлтийн цэргийн ангиудын хамтарсан тэмцлээр 1921 оны V сараас X сар хүртэлх хугацаанд монголын хойд хязгаарт байсан цагаантны үлдэгдлийг бут цохин устгасан юм.
С. Магсаржав, Ц. Хасбаатар нарын удирдсан Ардын журамт цэргийн тусгай ангиуд К. К. Байкаловын командалсан Улаан Армийн ангитай хүч хамтран 1921 оны IV сараас XII сарын сүүлч хүртэл монголын баруун хязгаарт байсан 4000 гаруй цагаантныг бут цохиж Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг хязгаар нутгийг чөлөөлжээ. Мөн Г. Бумцэнд, М. Дугаржав нарын удирдсан Ардын журамт цэргийн анги 1921 оны сүүлч хүртэлх хугацаанд зүүн хязгаар дахь цагаантныг даран сөнөөсний үр дүнд Монгол орон гадаадын булаан эзлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн юм.
МАХН хувьсгал ялсан өдрөөс эхлэн ард түмний эрх чөлөө, улс орны тусгаар тогтнолыг гадаад, дотоодын дайснаас хамгаалах зорил-гоор Ардын журамт цэргийг тус улсын байнгын хүчирхэг арми болгож өргөтгөн бэхжүүлэх, улс орны батлан хамгаалах хүчнийг зузаатгахад ихээхэн анхаарал тавьж байв. 1921 оны VII сарын 10-нд Ардын засгийн газраас Ардын журамт цэргийг Ардын Ардын хувьсгалт үндэсний улаан цэрэг болгож, мөн оны VII сард жанжин Д. Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор Ардын хувьсгалт үндэсний улаан цэргийг морьт суман, хороо, бригадын зохион байгуулалтай байхаар тодорхойлжээ. 1921 оны сүүлчээр их бууны анги салбарын үндсийг байгуулж эхэлжээ.
Баярын парад
Ардын цэргийн үлгэр жишээ найрал хөгжим
1921 оны IX сард цэргийн дарга боловсон хүчнийг бэлтгэх сургууль байгуулсан бөгөөд энэ нь Цэргийн ерөнхий дээд сургуулийн үндэс суурь болжээ. 1921 — 1925 оноос эхлэн хуягт, авто тээвэр, холбооны ба нисэхийн анги салбарууд байгуулагдаж манай армийн төрөл мэргэжлийн анги нэгтгэлүүд бий болсон юм. 1921 оны IV сараас эхлэн цэргийн доторх нам, улс төрийн байгууллагуудыг үүсгэн байгуулсан нь Цэргийн улс төрийн газар болж өргөжсөн билээ.
1930— 1939 онд олон улсын хоорондын байдал хурцдаж, ялангуяа тус улсын хил хязгаарт япон, хятадын цэргийн зэвсэгт түрэмгийлэл ихсэж манай улсын гадаад байдал түгшүүртэй болж байсан учир нам, засгаас Ардын хувьсгалт цэргийг бэхжүүлэх, байлдааны шинэ зэвсэг техникээр хангах арга хэмжээ авчээ.
1935—1936 онд японы милитаристууд манай улсын дархан хил хязгаарт цэрэг, зэвсгийн хүчээр дайран довтлоход Ардын хувьсгалт цэр-гийн ангиуд тухай бүрд нь бут цохин хөөн зайлуулж эх орныхоо тусгаар тогтнолыг бат найдвартай хамгаалж байв. 1939 онд манай Эх оронд халдан довтолсон японы милитаристуудыг Монгол ардын хувьсгалт цэрэг, Зөвлөлтийн армийн ангиудтай хамтран бут цохиж гарамгай гавьяа байгуулсан билээ. Фашист Герман, милитарист Японы дэгдээсэн дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд МАХН, Ардын засгийн газар энх тайванч гадаад бодлогыг тууштай явуулж улс орны батлан хамгаалах хүчийг зузаатгах, Ардын хувьсгалт цэргийн байддааны хүч чадлыг өндөржүүлэх талаар олон чухал арга хэмжээ авсан юм.
Дайны жилүүдэд ЗХУ-ын тусламжаар манай цэрэгт БТ-7, Т-34 гэдэг шинэ танк бүхий танкийн тусгай рот, танкийн хороог анх байгуулжээ. Мөн энэ үед Монгол ардын хувьгалт цэргийн нийт бүрэлдэхүүний тоо 3-4 дахин, буудлагын зэвсэг 5, их буу, миномёт, автомат 1,5, нисэх онгоц 2, хуягт 22 дахин нэмэгдэж техникийн цэргийн эзлэх хувийн жин 50 гаруй хувьд хүрч байв. Дайны жилүүдэд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, армийн комиссор (дараа нь дэсдэгч генерал цолтой) нөхөр Ю.Цэдэнбал бүх цэргийн жанжны орлогч, цэргийн улс төрийн газрын даргаар хавсран ажиллаж улс орны батлан хамгаалах хүчийг зузаатгах, цэргийн улс төр, байлдааны бэлтгэлийг өндөржүүлэх, тэднийг эх оронч, интернационалч үзлээр хүмүүжүүлэхэд хүч чадал, авьяас билгээ дайчлан ажиллаж байв.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн үед манай ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн Армийн анги нэгтгэлүүдтэй хамтран Алс Дорнодод дайны голомт болж байсан милитарист японы цэргийг бут цохин дайныг шударга улс түмний ялалтаар төгсгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Ардын Арми, Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ социалист бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна. Манай Ардын Арми буудлагын зэвсгээс эхлээд их буу, хуягт, танк, тийрэлтэт нисэх онгоц, пуужинт зэвсэг хүртэл орчин үеийн байлдааны төрөл бүрийн зэвсэг хэрэгслээр бүрэн хангагдаж, дайчид зэвсэг техникээ чадамгай эзэмшин улс төр, байлдааны бэлтгэлээ байнга дээшлүүлсээр байна.
Эх сурвалж: “Хүүхэд-Залуучуудын нэвтэрхий толь” Боть I
URL: