Зодог өөрчилсөн нь
Бух арслан гэж лут бөх байжээ. Түүний дүү, эмэгтэй хүн байсан гэдэг. Ахаасаа бяраар огт дутахгүй юмсанж. Нэг жил ахын нь хавирга гэмтээд наадамд очих аргагүй болжээ.
— Энэ жил наадамд очвол аварга болох юмсандаа гэж арслан дүүдээ гунигтайяа өгүүлэхэд:
— Та бид хоёрыг их адилхан гэж ярилцдаг. Би эр хүн болж очоод таны өмнөөс барилдъя гэв.
Тэр ёсоор Бух арслан болж очсон хүүхэн барилдаж давсаар байтал нэг хашир өвгөн «Яасан амьсгаа давчтай юм бэ дээ!? Бүсгүй хүн биш байгаа?» гэжээ. Гэтэл бас нэг чавганц: «Дэвэхдээ дандаа өсгий дээрээ гишгээд байх юм. Бөх хүн чинь өлмий дээрээ гишгэж дэвдэг бололтой билээ. Аа жигтэй юм даа!» гэжээ. Ингээд, «Бух арсланг» дуудан ирүүлж шалгаваас эмэгтэй хүн байжээ. Түүнээс хойш монгол бөхийн зодог урдуураа битүү байсныг задалж, элэг бүс хэмээх зүйл бии болсон гэж ярилцдаг билээ.
Эх сурвалж: 3. Сандагаа «Тэр бөхийн нэр хэн бэ» УБ., 1979 номоос
URL: