Хятад улс Хонконгийн дуулгаваргүй улстөрчдийг шийтгэж эхэлжээ

425d81c81be55896originalХонконгийн нөлөө бүхий хууль тогтоогч, Хонконг дахь Либерал намын тэргүүн Жэймс Тиенийг өнгөрсөн лхагва гаригт Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх бага хурлаас /ХАУТЗБХ/ хөөжээ. ХАУТЗБХ нь улс төрийн зөвлөлгөө, зөвлөлдөх үүрэг бүхий Хятадын томоохон агентлаг юм. Харин Жэймс Тиен нь Хонконгдоо нэлээд нэртэй бизнесмен, улстөрчөөс гадна Хятадын эрх баригчдын талыг баримталдаг тул эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний дараа Хонконгийн захирагч Л.Чуньюнийг эрс шүүмжилсэн нь санаандгүй хэрэг болсон байна. Хятадын удирдлагын энэхүү алхам нь засаг захиргааны тусгай мужийн удирдлагад эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжигчдийг зүгээр орхихгүй гэдгээ харуулсан дохио юм.

Жэймс Тиений Хятадын ийн төрийн томоохон агентлагийн гишүүн байх эрхийг цуцалсныг “Синьхуа” агентлагаас уржигдар мэдээлсэн байна. Харин ХАУТЗБХ-аас гаргасан мэдээлэлд Жэймс Тиений үйлдэл нь тус байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг өгүүлжээ. ХАУТЗБХ-ын 12 дахь хурлын үеэр түүний гишүүнчлэлийг цуцлах тухай санал хураахдаа нэрийг нь Хятадын мандарин аялгаар хэлж, хийсэн хэргийнх нь талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Харин Хонконгийн иргэд Британийн колони байх үеэс англи болон хятад гэсэн хоёр нэртэйгээс гадна кантон аялгаар ярьдаг юм. Аялга хэмээн нэрлэж байгаа боловч үнэндээ хоёр өөр хэлээр ярьдаг тул түүний нэрийг мандарин хэлээр дуудахад олонхи хүний хувьд Жэймс Тиен гэж онооход бэрхшээлтэй аж. Үүний дараа Жэймс Тиен уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, бизнесийнхний эрх ашгийг хамгаалдаг Либерал намын тэргүүний албан тушаалаа өгнө гэдгээ хэлсэн байна. Жэймс Тиен “Би өөрийгөө Хонконгийн хууль тогтоогч гэдгээ санаж байсан ч ХАУТЗБХ дахь өөрийн үүрэг, оролцоог огоорсон байж.

Энэ нь буруу байсан бололтой” гэжээ. Гэхдээ тэрбээр “Би хийсэн мэдэгдлээсээ татгалзах юм уу байр сууриа өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Би зүрх сэтгэлийнхээ үгийг хэлж байна” хэмээн мэдэгджээ. Хонконг буюу Хятадын засаг захиргааны тусгай муж Сянганд эсэргүүцэгчид сар гаруйн хугацаанд жагсан гудамж, замуудыг хааж, 2017 оноос бүх нийтийн сонгууль явуулахыг шаардсан юм. Хятадын эрх баригчид 1989 онд Тяньаньмэний талбай дахь оюутны хөдөлгөөнийг цус асгаруулан тараасны дараа Хонконгт бүх нийтийг хамарсан жагсаал болсон түүхтэй. Харин энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөн нь түүнээс хойш хамгийн олон хүнийг хамарсан жагсаал, хөдөлгөөн болсон аж. Жэймс Тиенийг дээрх мэдэгдлээ хийхийн өмнө Хонконгийн хууль тогтоох байгууллагын гишүүн, түүний дүү Майкл ахыгаа захирагч Ч.Льюнд үнэнч байгаагүйнхээ төлөө шийтгүүллээ гэж дүгнэснээ сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр “Энэ шийдвэр нь Ч.Л.-ийн тухай ахын маань хэлсэн үгтэй холбоотой гэдэг нь тодорхой” гэсэн байна. Жэймс Тиен өнгөрсөн долоо хоногт жагсаал хөдөлгөөнийг зогсоохын тулд Ч.Льюнийг огцрох хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Оршин суугчид шүүхийн хоригийг тоохгүй, ноёд ардчилагчид хамтран ажиллахгүй байна. Тэгээд тэрбээр яаж захирах гэж байгаа юм?” гэж өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Жэймс Тиен одоо 67 настай ба улс төрийн арвин туршлагатай нэгэн аж. Тэрбээр 2003 онд хууль тогтоох байгууллагаас үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл батлахыг намынхаа зүгээс дэмжихгүй болгож байжээ. Яг энэ үед олныг хамарсан жагсаал хөдөлгөөн өрнөж байснаас улс төрийн хямрал нүүрлэж, Хонконгийн тухайн үеийн захирагч Т.Чийхва огцроход хүрсэн аж. Түүнчлэн 2012 онд захирагчийн сонгуульд тэрбээр одоогийн захирагчийн өрсөлдөгчийг дэмжсэн гэнэ. Харин одоо захирагчийн нэр хүнд иргэдийн дунд эрс унасан нь түүний үйл ажилагаа, хийсэн мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Гэсэн ч Хятадын төрийн удирдлага түүний байр суурийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн аж.

 

“ХЯТАД ХОНКОНГИЙГ ШИЙТГЭНЭ” ГЭВ

Хятадын төв банкны тусгай зөвлөх нэгжийн гишүүн Жозеф Ям эмх замбараагүй байдал цаашид үргэлжилбэл Бээжин Хонконгийг шийтгэж болзошгүй тухай ярьсныг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ.

Хятадын санхүү банкны асуудлаарх нийгэмлэг нэртэй тус байгууллагын гишүүн Жозеф Ям урьд нь Хонконгийн төв банкны тэргүүнээр ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн юм. Тэрбээр Хонконгийн санхүүгийн тогтолцооны төлөв байдал, валютын ханшийн тогтвортой байдал эрсдэлд орсныг тайлбарласан аж. Жозеф Ям “Хонконгийн эдийн засгийн хөгжил цэцэглэлт нь эх газар болон гадаад орнуудын хооронд, тухайлбал, санхүүгийн салбарт зуучийн үүрэг гүйцэтгэдэгт оршино” гэжээ. Түүнчлэн Хонконгийн оюутнуудыг гэртээ харихыг уриалсан аж. Жозеф Ям “Зуучлагч хамтран ажиллахаас татгалзаж, найдваргүй, түнжин муутайгаа эх газарт харуулж байгаа бол эх газар хараат байдлаа бууруулна. Тэгээд эдийн засгийн шинэчлэл хийж байгаа энэ үед бүхнийг өөр газар эхлүүлж, Хонконгийн хувьд таатай бодлогоо хумина” гэжээ. Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс нэлээд өмнө тус нутгийн томоохон олигархиуд жагсаал хотын санхүүгийн тогтвор-той байдалд заналхийлж болзошгүйг сануулж байсан юм. Жозеф Ямтай бараг нэгэн зэрэг Хонконгийн санхүү, төсвийн байгууллагын нарийн бичиг К.С.Чан хууль тогтоох байгууллагын хуралдааны үеэр мэдэээлэл хийсэн байна. Тэрбээр эмх замбараагүй байдлын үеэр хотын санхүүгийн тогтолцоо хэвийн ажиллаж байсныг хэлжээ.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих