АНУ-д жуулчилж явсан монголын зураач алга болов
Энэ сарын 27-нд АНУ-ын Нью-Йорк хот руу жуулчлалаар явсан төрийн соёрхолт зураач Долгоржавын Болд сураггүй алга болжээ. Тэрээр алга болохоосоо өмнө Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн наймдугаар өргөн чөлөөний 31-р гудамжинд явж байсан нь камерын бичлэгт үлдсэн байна.
Зураач До.Болд жуулчилж байх хугацаандаа Лонг Айланд хотын “Fairfield” зочид буудалд байрлаж байсан гэнэ. Нью-Йоркийн цагдаагийн газраас түүнийг төөрсөн, эсвэл ямар нэгэн золгүй явдал тохиолдсон хэмээн таамаглаж байгаа аж.
Монгол Улсын Төрийн соёрхолт зураач До.Болд нь И.Репиний нэрэмжит Уран зургийн академийг 1977 онд дүүргэсэн. Түүнийг Монголын дүрслэх урлагийн салбарт “Ардчилал”-ын салхийг анх зоригтойгоор оруулж ирсэн уран бүтээлч гэж тодорхойлох нь бий. Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн түүнийг зөвхөн Монголын бус, дэлхийн уран бүтээлч гэдэг ажээ.
URL: