“Нарантуул” зах дотор бүртгэлгүй үр зулбуулах эмийг чөлөөтэй худалдаж байна
“Нарантуул” олон улсын худалдааны төвд үр зулбуулах эм нууцаар худалдаалдаг гэсэн мэдээллийн мөрөөр тус газарт очлоо. Нууцаар худалдаалдаг учраас эмийн худалдаа хийдэг хүмүүсийг олоход хэцүү болов уу гэж бодтол тийм биш юм.
“Нарантуул” захын худалдаачид тэр тусмаа бөс барааны наймаачид тэднийг хаана байгааг анддаггүй юм билээ. Тэднээс эмийн наймаачдыг асуухад “Энэ хавийг тойроод явж байгаа байх. Удахгүй хүрээд ирнэ” гэлээ.
Төд удалгүй 40 орчим насны эмэгтэй ирээд “Юу хайж явна”гэлээ. Эм байгаа эсэхийг асуухад “Байгаа хэдэн сартай вэ” гэв. “Гурван сартай” гэтэл намайг дагуулаад лангууны араар орлоо.
Түүнээс эмийг нь баталгаатай эсэхийг асуухад “Энд худалдаалагдаж байгаа эмнүүд бүгд Хятадаас орж ирж байгаа. Ер нь бол баталгаатай. Эхний гурван сард ямар нэгэн асуудал гарахгүй” хэмээгээд цүнхнээсээ Хятад бичигтэй цагаан хайрцагтаа эм гаргаж ирээд хэрэглэх зааврыг танилцуулсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Хувийн болон улсын эмнэлэгт 120 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Би харин 30 мянган төгрөгөөр худалддаг юм.
-Энэ эмийг хэрэглэсний дараа биед ямар нэгэн өөрчлөлт орохгүй биз?
-Эм хайрцагтаа хоёр янз байгаа. Хольж ууж болохгүй шүү. (Үр зулбуулдаг эмийг яаж хэрэглэх зааврыг тодорхой тайлбарлаж өгсөн. Хууль бус зүйлийг дэлгэрэнгүй бичиж болохгүй учраас ярианаас товчхон бичлээ) Эмийг хэрэглэсний дараа хэвлийн доод хэсгээр базалж жаахан өвдөнө. Энэ эм найдвартай.
-Та Хятадаас өөрөө оруулж ирдэг юм уу?
-Төмөр замд байдаг найзаасаа авч худалдаалдаг юм. Тэр найз маань урдаас оруулж ирдэг. Би өөрөө явдаггүй.
-Өдөрт хэдийг худалдаж байна?
-Хэд хоногийн өмнө хоёр ширхэгийг авсан түүнийг бол худалдчихсан гэсэн юм.
Сүүлийн үед охид эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах аргыг биш харин хөл хүнд болсныхоо дараа эм ууж үр хөндүүлэхийг илүүд үзэх болжээ. Хятад улсад үйлдвэрлэсэн зөвшөөрөлгүй эмийг “Нарантуул” худалдааны төв дээр чөлөөтэй зарж, эрэлт ч ихтэй байдаг бололтой. Уг эмийг урд хөршөөс оруулж ирэхдээ өөр бараануудын дунд нууж авчирдаг аж.
Энэ хууль бус эмнээс болж 20 гаруй эх нас барсан байна
Энэхүү хууль бусаар худалдаапагдаж байгаа эмний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Октябриас дараахь зүйлийг тодрууллаа.
-“Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар үр зулбуулах эм борлуулж байна. Энд танай байгууллагаас хяналт тавьдаг уу?
-Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт. Улаанбаатар хотын цагдаагийн газрууд хамтран зах худалдааны төвөөр хууль бус худалдаалж байгаа эмийг таслан зогсоох үйл ажиллагааг хийж ажиллаж байгаа. Энэ асуудалд анхааралтай хандах хэрэгтэй.
Энгийн толгой өвдөхдөө хэрэглэдэг эм биш. Иймээс иргэд эмийн бүртгэлтэй эмийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой. Түүнээс зүгээр зах дээр хууль бусаар худалдаалж байгаа, эмийн мэдлэггүй хүнээс эм худалдаж авч хэрэглэхгүй байх хэрэгтэй юм.
Энэхүү хууль бус худалдаагаас болж, ээж болох хүмүүсийн амь нас эрүүл мэнд ноцтой хохирч байна.
-Хууль бусаар худалдаж байгаа эмнээс болж хүний амь нас эрсдсэн тохиолдол байгаа юу?
-Энэ хууль бус эмнээс болж 20 гаруй эх нас барсан тохиолдол гарсан. Үүнд дотор 18-25 насны таван эмэгтэй байгаа. Иймээс охидууд хүсээгүй жирэмслэлтийн үед хууль бусаар худалдаалж байгаа эмийг авч хэрэглэхгүй байх хэрэгтэй байна.
Энэхүү хууль бусаар худалдаалж байгаа зургаан ширхэг эм эмэгтэй хүний амь насанд хүрч байна гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Аливаа эм, тариаг мэргэжлийн байгууллагад хандаж, эмчийн жороор хэрэглэх хэрэгтэй.
Зах дээр худалдаж байгаа эмнүүд нууц сүлжээ хэлбэрт орсон
Баянзүх дүүргийн эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Н.Одонтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай дүүргээс “Нарантуул” зах дээр хууль бусаар худалдаалж байгаа эмнүүдэд хяналт шалгалт хийдэг үү. Ер нь таслан зогсоох арга хэмжээ хэр авдаг вэ?
-Дүүргээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт явуулдаг. Энэхүү зах дээр худалдаалж байгаа эмнүүдийг нууц сүлжээ хэлбэрээр худалдаалдаг учраас шалгахад хэцүү.
-Зах дээр худалдаалж байгаа эм зөвшөөрөлгүй гэж байна. Ер нь үр зулбуулах эмийг зөвшөөрөлтэй худалдаалдаг газар байдаг юм уу?
-Манай Азифарм эмийн бөөний төв албан ёсны зөвшөөрөлтэйгээр эмийн бүртгэлтэйгээр оруулж ирж байгаа. Харин гадуур болон зах дээр худалдаалж байгаа Хятад бичигтэй эм манайд бүртгэлтгүй.
Зах дээр худалдаалж байгаа эм нь Хятад бичигтэй байгаа. Харин албан ёсны зөвөшөөрөлтэй орж байгаа эмнүүд гурван хэлтэй байх ёстой гээд хуулиндаа заачихсан байдаг юм. Энэхүү зах дээр худалдаалж байгаа эм нь зориулалтын бус газар, зөвшөөрөлгүй худалдаалагдаж байна.
Зөвшөөрөлгүй эм худалдаалж байсан хоёр эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахмад Ш.Энхтайванаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Дүүргийн цагдаагийн хэлтсээс “Нарантуул” зах дэар хууль бусаар эм худалдаалж байгаа хүмүүт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Энэ талаар?
-“Нарантуул” олон улсын худалдааны төвд хориотой эм худалдаалж байгаа хүмүүсийг таслан зогсоох арга хэмжээ аваад ажиллаж байна. Зөвшөөрөлгүй эм худалдаалдаг байсан Ш, Б нарыг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.
Энэ хоёр хүний худалдаалж байсан эмнүүдийг шинжилгээнд өгсөн. Одоогоор хариу нь гараагүй байна. Мөн энэ сарын 24-ний өдөр нэг эмэгтэйг илрүүлэн шалгаж байгаа.
Хууль бус эмийн худалдаа хүмүүс далд хэлбэрт байдаг тул илрүүлэхэд нэлээд хүндрэл гардаг. Монгол Улсын хууль дүрмээр хориглочихсон, эмийн жагсаалтад байхгүй эмийг хилээр оруулж ирэхгүй байх хэрэгтэй байна. Ер нь иргэд эмийг гар дээрээс болон ил задгай газраас худалдаж авахгүй байх хэрэгтэй.
-Одоогоор хичнээн хохирогч бүртгэгдээд байна вэ?
-Найман хохирогч байгаа. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон учраас хуулийн байгууллагад хандсан.
-“Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудад зах дотор хууль бус эм худалдаж байгаа талаар мэдэгдсэн үү?
-Гэмт хэрэгтэй тэмцэх хуулийнхаа дагуу шийдэгдэх ёстой. Хуулийнхаа хүрээнд мэдэгдэл санамжийг егөх хэрэгтэй. Мэдэгдэл санамжийгхэдэн удаа давтамжтай өгсөн байдлаас хамаарч хариуцлагын асуудал яригдах юм. Одоогийн байдлаар манайхаас хоёр дахь санамжаа өгөх гэж байна.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: Нийслэл таймс
URL: